Шинэ яамдын сайд нар нэгэнт тодорчихсон ч тэд өөрсдийн нэрийг хавчуулж, пи-ар хийв үү

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-15 23:38:38

Хоёр шинэ яам байгуулах тухай мэдээлэл энэ намар дахин өндөр авлаа. Дагаад хоёр шинэ нэр ч яригдав. Тэр нь Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал нар. Тодруулбал, сүүлийн үес амжилттай өгсөж яваа эл хоёр залуу шинэ яамдыг сайдаар томилогдох төлөвтэй буй гэх ойлголт олон нийтэд очих болсон.

Эдийн засгийн хөгжлийн яам, Инновац, цахим бодлогын яамыг шинээр байгуулна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгт ажлаа авахдаа л мэдэгдэж байв. Энэ нь Засгийн газрын бодлого гэхээс илүү МАН-ын залуусын түвшинд, эртнээс ярьж ирсэн санаачилга гэгддэг. Тийм ч учраас шинэ яамдын сайд нарын томилгоонд өндөр анхаарч, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүртэл асуудлыг хүртэл ярилцаж, тохироод буй.

-ХИЙГДСЭН ТОХИРОО: Н.УЧРАЛ, Б.ЧОЙЖИЛСҮРЭН НАРЫГ ТОМИЛНО-

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр давхар дээлтэй сайд нарын тоог тогтоосон. Одоогоор Л.Оюун-Эрдэнийн танхимд Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, Х.Нямбаатар нар ажиллаж  буй. Энэ Засгийн газрын нүүрийг тахалж байгаа нь л тэд. Энэ утгаар ч шинэ хоёр яам байгуулбал сайдаар нь УИХ-ын гишүүнийг л томилох зорилго бий.

Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яамны сайдаар Б.Чойжилсүрэн, Инновац, цахим бодлогын яамны сайдаар Н.Учрал гишүүдийг томилох тохироо ерөнхий байдлаар хийгдсэн гэдэг мэдээлэл байгаа юм. Харин үүний тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, давхар дээлтэй гишүүний тоог нэмнэ гэж ихээхэн тодорхой яригдаж буй нь  шинэ яам эзэнтэй гэдгийг илэрхийлж буй.

Иймд улс төрийн хүрээний мэдээллүүдэд үндэслэж харвал Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нарыг сайдаар томилох магадлал асар бага. Харин энэ далимаар “Шинэ яамдын шинэ сайд нар, мундаг залуус” гэсэн утгатай пи-ар ажиллагаа олон нийтэд цацаж буй мэдээллээр нь хийгдэж буй байж болох юм.

Холбоотой мэдээ