Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-18 00:48:00

Амралтын өдрийн дуулиан гэвэл өнгөрсөн баасан гараг /2021.10.15/ “Zaisand hill”- д зохион байгуулсан “Камертон” хамтлагийн 26 жилийн ойн баярын тоглолтын эргэн тойронд өрнөв.

Тус тоглолтод   500 гаруй хүн цугларсан гэх  мэдээлэл байна. Халдвар хамгааллын дэглэмийг зөрчин зохион байгуулсан энэ тоглолт араасаа ихээхэн шүүмжлэл дуулиан дагуулаад байгаа нь тодорхой. Яг л мөнөөх “Цахим үндэстэн” шоу шиг. 

“Камертон”-ы тоглолтын дуулианы гал дээр тос нэмэх нэг учир холбогдол байгаа нь  “Zaisand hill” цогцолбор нь УОК-ын дарга С.Амарсайхантай шууд хамааралтай. Үндсэндээ түүний эзэмшил. Энэ өнцгөөс харвал  С.Амарсайхан өндөржүүлсэн бэлэн байдлын дүрэм журмаа сахиулахын оронд өөрөө зөрчсөн гэсэн үг.

“Zaisand hill” хариуцлагын гэрээ байгуулаагүй, “Камертон” хамтлаг тоглолт зохион байгуулах тухайгаа НОК-т мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй. Хэн хэн нь буруутай.

Ямартай ч  халдвар хамгааллын дэглэм сахих боломжгүй нөхцөл бий болгосон шалтгаанаар “Zaisan Hill”-д Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа төдийгүй өнөөдөр энэ асуудлыг шүүхэд шилжүүлнэ гэжээ. Үүнээс харвал хариуцлагын асуудал шуурхай өрнөж буй аж.

Ерөнхий сайд энэ асуудлаар НОК-ын дарга Д.Сумъяабазар, УОК-ын дарга Шадар сайд С.Амарсайхан нартай холбогдож, удаа дараа хариуцлага алдаж байгаа Нийслэлийн Засаг даргын орлогч, НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Гантөмөр нарт  хариуцлага тооцохыг сануулсан байна.

Өчигдөр 14.00 цагаас УОК-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар энэ асуудлаар мэдээлэл өгнө гэсэн  ч С.Амарсайхан ирсэнгүй.

Харин Д.Сумъяабазар “Удаа дараа зөрчил гаргаж байгаа Зайсан хилл”-д  одоо хариуцлага тооцно, Мөн тусгай зөвшөөрлийг нь цуцална” гэдгээ мэдэгдэв.  Энэ үеэр  зөрчил гаргасан компанийн захиарал нь “Сайнбуянгийн Ганбат гэж хүн захирал нь юм байна. Тэгэхээр та бүхэн хариуцлага тооцох уу” гэсэн асуултад:

-Хэн ч байсан, адилхан хариуцлага тооцно. Цаашид гөлгөр мөлгөр байхгүй, хурц байна гэжээ. Түүний хэлснээр "Зайсан хилл" наймдугаар сараас хойш 10 удаа зөрчил гаргажээ. Энэ С.Ганбат бол С.Амарсайханы төрсөн ах нь юм байна.  

Зайсан хиллд болсон тоглолтын эргэн тойронд нэг иймэрхүү үйл явдал өрнөж байна. Харин үүнтэй зэрэгцэн хотын даргын  Шадар сайд  Сайнбуянгийн Амарсайханы  шууд хамаарлын компанид  хариуцлага тооцох асуудлыг “мөлгөр биш хурц байна” гэж тодотгосон үг анхаарал татах шалтгаан бас байгаа юм. Гэхдээ энэ бол хардах эрхийн хүрээнд гэдгийг эхэнд нь тодотгож хэлье.

С.Амарсайханы тэргүүлдэг УОК, Д.Сумъяабазарын удирддаг НОК хоёр хэзээнээс таарамж муутай, зөрчилтэй явж ирсэн нь үнэн. Ганцхан жишээ,  гэхэд алдарт  “Цахим үндэстэн” шоуг зохион байгуулах хүсэлтэд НОК боломжгүй гэсэн хариу өгсөн бол дараа нь УОК-ын дарга С.Амарсайхан “дэмжиж байгаагаа” илэрхийлж зөвшөөрөл олгосон байдаг.  

Мөн Хотын дарга Д.Сумъяабазар  есдүгээр сарын 20-нд нийслэл хотын хэмжээнд соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээнэ гэж мэдэгдсэн. Гэвч  үүнээс 7 хоногийн дараа /2021.09.27/  УОК хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй, баяр болон бусад тэмдэглэлт арга хэмжээг хийхгүй байх шийдвэр гаргаж байв.

Эндээс албан ажлын эрх ашиг гэхээсээ илүүтэй  С.Амарсайхан, Д.Сумъяабазар нарын хоорондын харилцааны өө сэв өндийж ирэх гээд байна уу гэж харагддаг. 

Хавар хөл хорионы үеэр хоёр даргын зөрчлөөс шалтгаалж зам засварын ажил саатсан тухай мэдээлэл гарч байсан удаа бий. Тодруулбал, Хотын дарга Д.Сумъяабазар хөл, хорио тогтоосон хугацаанд зам засварын ажлыг эрчимжүүлэх үүргийг  дөрөвдүгээр сарын 14-ны өдөр холбогдох албаныханд даалгасан байдаг.  Гэтэл УОК-оос  хатуу хөл, хориог 12 хоногийн хугацаанд сунгах шийдвэрийг  тухайн үед гаргахдаа  ажиллах зөвшөөрөлтэй 15 байгууллагын жагсаалтаас Зам засварын компанийг хасч байв.

Зайсан хилл-ийн тоглолтын дараах үйл явдлын өрнөлийг харвал  С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил Камертоны тоглолтоор  “хурц”-лагдаж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах  дүр зураг тодорч харагдаж магадгүй байна.

Холбоотой мэдээ