Хятадад эрчим хүчний хямрал эрчимжиж байна.
НийгэмХятадад эрчим хүчний хямрал эрчимжиж байгаа талаар “Рёйтерз” /Reuters/ агентлагаас авахуулаад дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсээр байна. Хүйтэн цаг агаар хятадын ихэнх нутгийг хамарч, цахилгаан станцууд түүхий эдийг яаралтай нөөцөлж эхэлсэн нь шатахууны үнийг огцом нэмэгдэхэд хүргэсэн юм.
Энэ долоо хоногт л гэхэд Хятадад байшин халаах цахилгааны эрэлт нэмэгдэх төлөвтэй байна. Нутгийн хойд хэсгээс хүчтэй хүйтэн салхи үлээж, тус улсын төв болон зүүн зүгийн зарим бүс нутгийн дундаж температур даруй 16 градусаар буурч магадгүй гэж урьдчилсан мэдээгээр мэдээлжээ.
Нүүрсний хомсдол, шатахууны өндөр үнэ, “COVID-19” цар тахлын дараа аж үйлдвэрийн эрэлт нэмэгдэж байгаа нь Хятадыг эрчим хүчний хомсдолд хүргэлээ. Энэ нь дэлхийд эдийн засгаараа хоёрдугаарт орох Хятадын эдийн засагт олон олон “проблем”-ийг бий болгов.
2021 оны есдүгээр сараас эхлэн Хятадын эх газрын 30 бүс нутгийн 17 нь цахилгаан эрчим хүчний хязгаарлалтад орж, зарим аж үйлдвэрүүд үйлдвэрлэлээ зогсоож, нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж эхлэв. Энэ нөхцөл байдал ирээдүйд дэлхийн эдийн засагт ч нөлөөлөх болно.
Жэншөү хөрөнгийн биржийн нэгдүгээр сарын фьючерсийн үнэ нэг тонн нь 1669,40 юань буюу 259,42 америк доллар болж дээд амжилт тогтоов. Гэрээний үнэ 2021 оны эхэн үеэс 200 хувиар өсч цаашид ч өсөх чиг хандлага ажиглагдсаар байна.
Хятадын зүүн хойд гурван муж Жилин, Хэйлүнцян, Ляонин есдүгээр сард эрчим хүчний хомсдолд хамгийн их өртөж, Өвөр Монгол, Ганьсү зэрэг хойд нутгийн хэд хэдэн бүс нутагт халаалтын улирал эхлэв. Хятадад өвлийн хүйтэн цагт халаалтыг нүүрсээр хангадаг.
Бээжин нүүрсний үнийн өсөлтийг зогсоохын тулд дотоодын нүүрсний олборлолтын хувь хэмжээг нэмэгдүүлэх, эрчим хүчний эрэлт хэрэгцээ ихтэй үед зарим аж үйлдвэрүүдийн хүчин чадлыг бууруулах зэрэг олон арга хэмжээ авав. Эрчим хүчний зардлаа ийнхүү танаж эхлэв.
Ингээд Хятадад цахилгаан хангамжийн асуудал ирэх 2022 оны эхэн хүртэл үргэлжлэх төлөвтэй болов. Хятадын зах зээлийн шинжээчид 2021 оны хоёрдугаар улиралд тус улсын нүүрсний хэрэглээ тус улсад 12 хувиар буурна гэж таамаглал дэвшүүлээд эхэлсэн. Энэ нь ч үнэний ортой, бодит таамаг болчихоод байгаа юм.
Үүнээс улбаалан Хятадад түүхий эдийн нийлүүлэлт буурч эхэлсэн ба эрх баригчид айл өрхүүдэд түлхүү анхаарч байгаа ч энэ нь эргээд эдийн засагт нь заналхийлж эхэлсэн.Түүнчлэн хятадууд цахилгаан эрчим хүчний зах зээлийг либералчлах алхам хийгээд эхлэв.
Бээжин нүүрсний түлш үйлдвэрлэлийн өртөгийн үндсэн үнийг нааш цааш 20 хувиар хэлбэлзүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд шинэ журмыг 2021 оны аравдугаар сарын 15-наас хэрэгжүүлж эхлэв.
Ийм шийдлийн гол зорилго нь нүүрсээр ажилладаг цахилгаан үйлдвэрлэлийн хэрэглээг арилжааны болон үйлдвэрлэлийн эцсийн хэрэглэгчид рүү шилжүүлэх явдал бөгөөд ган, хөнгөн цагаан, цемент, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зардлыг нэмэгдүүлэх болно. Хятад улс 2060 он гэхэд нүүрстөрөгчийн агууламжгүй болно гэдгээ зарлан тунхаглаж, сэргээгдэх эрчим хүч, усан цахилгаан станц хөгжүүлэх хөтөлбөрөө танилцуулсан боловч ойрын жилүүдэд тэдний эрчим хүчний гол эх үүсвэр нь нүүрс хэвээрээ л байх нь тодорхой болов. Дэлхийн нүүрсний хэрэглээний 50 хувь буюу тэн хагасыг Хятадын эдийн засаг эзэлдэг ба энэ хэмжээ ер нь буурахгүй байгаа юм. Энэ байдал нь Хятадын эдийн засгийн өсөлтөд төдийлөн нөлөөлөхгүй гэж шинжээчид дүгнэж эхэлсэн. Хятадад нүүрсний хомсдол үүсэх хэд хэдэн гол шалтгаан бий: нэгдүгээрт, дулаан өвөл, хүйтэн зун, үүний үр дүнд Хятадад эрчим хүчний хэрэглээ нэлээд өндөр байв. Хоёрдугаарт, экспортын салбарын идэвхтэй ажлыг дахин эхлүүлсэн. Гуравдугаарт, арван дөрөв дэх таван жилийн хугацаанд ДНБ-д эзлэх үйлдвэрлэлийн тодорхой хувийг гурван хувиар бууруулах нүүрсний хэрэглээнээс татгалзах хөтөлбөрөөс болсон.
Дөрөвдүгээрт,
Австралийн нүүрсний импортыг албан бусаар хориглон Австрали улстай худалдаа, эдийн засгийн “цусгүй дайн” өрнүүлсэн. Хоёр орны хооронд үүссэн худалдааны дайн, хоригийн улмаас Австралиас Хятад руу нийлүүлэх нүүрсний импорт зуун хувь зогсоогүй ч хэмжээ нь мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан. Үүний гол шалтгаан нь хийн үнэ өссөнтэй зэрэгцээд нүүрсний үнэ ч дагаад өссөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнэ хийн үнээс шууд хамааралтай гэсэн үг. Өнөөдөр улс төрийн шийдвэрүүд Хятадын эдийн засагт хэрхэн нөлөөлж болохыг таамаглахад хэцүү байгаа юм. Австралийн эсрэг худалдааны хориг тогтоож, дайн зарласан нь эргээд дэлхийн эрчим хүчний чиг хандлагатай давхцаж, улмаар Хятадыг цахилгааны хомсдолд хүргэв.
Хятадын эдийн засгийг удирдан чиглүүлэхэд байнга л ямар нэгэн “проблем” үүсдэг. Энэ нь одоо жил ирэх тусам улам л төвөгтэй болж байна. Ингэснээр эрчим хүчний салбар болон цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн тэнцвэргүй байдалд хүргэж байгаа гэж олон улсын шинжээчид дүгнэж байгаа юм. Сая сая тонн Австралийн нүүрснээс татгалзаж, нүүрсгүй хэрэглээг эрхэмлэнэ хэмээн хамраа өргөсөн нь өнөөгийн нөхцөл байдал руу түлхэн оруулсан билээ.