Тролууд гэж юу вэ? Эргэх үйлийн үр хатуу!!!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-18 21:54:51


ТОРООЛУУД гэж цахим орчинд цуурхал тараах бусдыг санаатайгаар гүтгэх гутаан доромжлох яс хаях хутган үймүүлэх зорилгоор зохион байгуулалттай үйл ажиллагаа эрхэлдэг хөлсний бичээчдийг хэлнэ. Тороолууд нь үндэсний эв нэгдэл эвлэрэл сэргэн мандалд хамгийн харш үзэгдэл тамын тогооны татах хүч мөн бөгөөд монголчууд эрт дээр үеэс иймэрхүү бузар муу үйлдлийг асар цээрлэж хүнийг хараах нь бүү хэл, хараалын үг сонсохыг ч зүрхшээдэг уламжлал сэтгэхүйтэй ард түмэн учраас тороол гэдэг үгийн монгол орчуулга монгол хэлний үгсийн сан нэвтэрхий толинд ч алга.

Тороол гэдэг ойлголтгүй ерээд оны сонгуулиар ялсан ялагдсан хоёр ерөнхийлөгч маань хоёулаа мар мар хийн зэрэгцэн сууж наадмаа үзэнгээ тамхилан суухыг дэлхий хараад шагширч байсан үе саяхан. Тийм уламжлал сэтгэхүй монголчуудын ой ухаан яс маханд дархлаастай бий.

Хаанаас ч юм орж орсон энэхүү тороол хэмээх ад чөтгөрийн гаралтай цахим вирус нийгмийн халдварт өвчинтэй дэлхий нийтээрээ яаж тэмцэхээ мэдэхгүй дүлэгнэж байхад бид түүнд монгол сэтгэхүй уламжлал хар ухаанаараа хандаж хүн ардаа ядуурлаас гаргаж боловсролтой хүмүүнлэг гэгээлэг нэгэн болгож улс орноо хөгжил дэвшилд хүргэж чадваас тороолыг ялан дийлж нийгмээ цэвэрлэх боломжтой.

Юуны өмнө дээд дунд боловсролыг үнэ төлбөргүй болгож, гадаадад магистр докторыг баялгын сангаасаа сургаж тороолын үг хөлс тоохооргүй дэлхийн боловсролтой иргэдтэй, нийтээрээ эх оронч зөв үзэлтэй болох нь ядуурал тороолоос гарч хөгжилд хүрэх үндэс мөн.

Миний бие залуу хойч үедээ эх оронч зөв үзэл төлөвшүүлэх зорилгоор үзсэн харсан амьдралын туршлагадаа тулгуурлан гэрэл гэгээтэй нийтлэлүүд, ахмад үеийнхээ алдар гавьяат баатар доктор профессор хэдэн мянгаад хүний намтар түүх шударга хөдөлмөрч дайчин уламжлалаас өдөр алгасахгүй бичиж Монголын аугаа их түүх, Эх орон тусгаар тогтнол, Байгаль орчны иргэний зөвлөл, Бид Завханыхан, Орчин үеийн цэргийн зэвсэглэл, Монголоосоо суралцахуй зэрэг арваад группын админы хувьд аймаг сум улсын хэмжээнд алдаршуулж тороол гэдэг ойлголтыг хүмүүсийн толгойноос авч хаяхад нь тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байдаг.

Заримдаа уйлсан нэгнээ өмөөрдөг багын зангаараа өндөр албанаасаа өнхрөөд үг үйлдлээр нүдүүлж байгаа хэн нэгний сайн талыг нь сайрхаад бичихээр нөгөө тороолууд өс хонзон үзэн ядалт хараалын үгээр хаа хамаагүй шүршиж хажууд нь манийгаа хавчуулж бялдууч гэсэн үгнээс гаралтай бололтой бялдага фялдага пялдага гэх мэт орчин үеийн ойлгомжгүй хэллэгээр ойгуулж өгөхийг ч харлаа.

Ээж маань арваад хүүхэд төрүүлж аймаг сумын аварга саальчин болохоороо ч тэрүү цагаан хэл амыг цаашлуулах санаагаар саахалт айлын сайн лам Ранаа ахыг байн байн урьж залан тав арван төгрөгөөр тарни ном уншуулдаг байсан бол миний бие харин хараалын тэдгээр үгсийг хайр найргүй өөр дээрээ авснаар хасах нэмэх нэг тэнцүү нойл гэдэг математикийн хуулиар хар цагаан хэл амыг харин ч тэнцвэржүүлж байгаа гэж хар ухаанаар бодож хүлээн авч хүн бүрийн Үндсэн хуулинд заасан үг хэлэх эрхийг нь үргэлж хүндэтгэж явдаг нэгэн.

Гэсэн ч унасан бөхөө хайрладаг ардын ухаанаараа аавын хөвгүүдийг алагчилгүй ардчилал коммунистаар нь ялгалгүй өнөөгийн өндөрлөгүүд ч бай өндөр дээрээс унаж өрсөлдөгч нартаа тороолын хүчээр балбуулж мэдэх хэнбугайн ч сайн тал, өдий хүртлээ үзсэн харсан өчүүхэн ч гэсэн үнэнийг нь уншигч олондоо хүргэсээр л байх болно. Хөрст дэлхийд хүн болж төрөөд хөлсний тороол биш харин хамгийн сайхан гэрэл гэгээтэй Үнэн зөв сайн үйлсийг үлгэрлэн түгээсээр байх нь хүмүүн бидний үндсэн үүрэг билээ. 

Хөдөө манай Завхан Ургамал сумын төвийнхөн малчдаас өвлийн идэш авахдаа буруу зөрүү гарынх уу гэх мэт гарал үүслийг сайтар асууж лавлаж байгаад авдаг шиг хөөрхий муусайн тороолууд хэдий хөлсөөр ажиллаж байгаа ч хийж байгаа ажлынхаа буруу зөв хожмын үр дагаврыг сайн лавлаж бодоосой билээ. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут цэцэглэдэг гэдэг эжий аавынхаа сургаалыг санаасай билээ. Өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг өвгөдийнхөө сургаалыг ухаараасай билээ. Тороолын шавар шалбааг мэт хараал ёрөөлын гүнээс үзэгдэж харагддаггүй Үнэний хүч өнөөх муулаалаад байгаа тороолын бай дайсныг чинь суга татан гаргаж уулын хүрэн бүргэдийн улам дүүлэх цуцашгүй хүчийг өгч залуу арсланг заамдуулж наж могойг няцлуулдаг Тэнгэр газрын хууль хоорондоо тэс ондоо гэдгийг хөөрхий муусайн тороолууд ойлгоосой билээ. 

ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ


Холбоотой мэдээ