Д.ГАНЗОРИГ: ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНД ЗОХИОМОЛ ХҮНДРЭЛ ҮҮСГЭЖ, ХУРАЛ ХОЙШЛУУЛДГААРАА ГАРШСАН ХУУЛЬЧИД БАЙГАА НЬ НУУЦ БИШ
НийгэмБАРИМТ 12019 онд хийгдсэн Үндсэн хуулийн өөрчлөлт, мөн 2021 онд батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль нь шүүхийн системд урьд өмнө хийгдэж байгаагүй томоохон өөрчлөлтийг авчирч байна.
БАРИМТ 2Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөөс өмнө харамсалтай нь эрх зүйн соёл, улс төрийн хандлагын хувьд шүүх эрх мэдэлд улс төрийн зарим оролцоог “de facto” хүлээн зөвшөөрч ирсэн. Ингэхдээ зарим нөхцөлийг бүр хуульчлан баталгаажуулж, шүүгчдийг шилж олох чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн томилгоо улс төрийн нэг бүтцээс хамааралтай явж ирснийг бид мэдэж байгаа.
БАРИМТ 3Бие даасан шүүхийн гол мөн чанар нь хүний нөөцийн сонгон шалгаруулалт, шүүгчийн нэр дэвшүүлэлт улс төрийн болон аль нэг этгээдийн шууд ба дам оролцооноос ангид байхад оршино. Энэ удаагийн шинэчлэлийн дүнд шүүгчийг шилж олох ажлыг хариуцаж буй Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний тэн хагасыг шүүгчид өөрсдөө Нийт шүүгчийн чуулганаас сонгох эрх зүйн үндэс бүрдсэн нь шүүхийн системд амин чухалд тооцогдох шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг сахин хангасан явдал мөн. Үүний хэрэгжилт одоо шүүгчдээс өөрсдөөс нь шалтгаална. Энэ бол шүүхийн хараат бус байдал, дотоод ардчиллыг бэхжүүлэхэд нэг алхам урагшилж буй үйл явдал мөн.
БАРИМТ 4Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний тэн хагасыг томилоход төрийн бусад институц оролцохдоо улс төрийн шалгуураар бус, харин уг ажлыг хэн нь илүү хийж гүйцэтгэж чадах мэргэжлийн, боловсролын, ёс зүйн, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах нэр дэвшигчдээс хамгийн сайн шаардлага хангасан хуульчийг шилж сонгох, чадвараараа өрсөлдөж томилогдох хуультай. Үүнд улс төрийн болон эрх нөлөөтэй этгээдүүд явцуу ашиг сонирхлоо хязгаарлаж, энэ чиг үүргийг хүлээсэн Ажлын хэсгийг чөлөөтэй ажиллах нөхцөлөөр хангахгүй бол хуулийн хэрэгжилт, үзэл баримтлал гажуудалд хүрнэ гэдгийг цохон тэмдэглэе.
БАРИМТ 5Социализмын үеийн шүүхийг тодорхойлдог “телефон жастис” буюу дээр байгаа даргаас утасдаж хэрэг шийдүүлдэг тогтолцоо нь хуульчилсан тунхаг, хэлбэр төдий зохицуулалтаар “шилэн хорго”-нд амь бөхтэй явж ирснийг пост-социалист улсууд халахыг зорьж, шүүхийн шинэтгэлдээ тасралтгүй анхаарсаар байна. Шүүгчид нэр дэвших, шат ахих зэрэгт улс төрийн болон шүүхийн зарим нэг эрх дархтай этгээдтэй холбогдож, түүгээр дамжуулан нөлөөлөх хууль бус үйлдэлд орон зай байх ёсгүй
БАРИМТ 6Rule of Law Index буюу Эрх зүйг дээдлэх индексээр Монгол Улс дэлхийд одоогоор 57 дугаарт эрэмбэлэгдэж байна. Манай улсаас хойш эрэмбэлэгдсэн ОХУ, Украйн, Турк зэрэг улсад нэг хүнд ногдох шүүхийн төсөв нь жилд дунджаар 14 ам.доллар, харин манай улсын шүүхийн 2021 оны төсөв үүнээс хоёр дахин бага буюу “нэг хүнд долоон америк доллар” ногдож байгаа нь харамсалтай.
БАРИМТ 7Хууль болон Улсын Их Хурлын 2016 оны “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” тогтоолд тус тус зааснаар анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүдэд нийт 724 шүүгч ажиллах ёстойгоос өнөөдөр 205 шүүгчийн орон тоо дутуу ажиллаж байна.
БАРИМТ 8Ийнхүү орон тоо дутуугийн зэрэгцээ 2016 онд нийт 62 мянган хэрэг шийдвэрлэж байсан бол 2020 онд 89 мянган хэрэг шийдвэрлэж, харьцуулахад нийт шийдвэрлэсэн хэргийн тоо 43 хувиар өсөж, анхан шатны шүүхийн нэг шүүгч дунджаар 1.5 өдөрт нэг хэрэг, түүний ард гомдол, нэхэмжлэл гаргасан, татагдсан олон хүний амьдрал ахуйтай холбоотой асуудлыг шийдвэрлэж, ачаалал хүний үүрч болох чадамжаас хэтийдэн давлаа.
БАРИМТ 9“Шүүхийн төсөв” гэхээр шүүгчийн цалин, ширээ сандал төдий ойлголтоо хаяж, шүүхээр үйлчлүүлж буй иргэддээ зориулж буй хөрөнгө оруулалт гэж хармаар байна. Иргэд “шүүгч, хуульчидтай уулзах”, “асуудлаа шийдвэрлүүлэх эцсийн цэг” нь нөгөө л шүүхийн байр, танхим гэдгийг анхаарахгүй орхиж болохгүй.
БАРИМТ 10Парламент хуулиа баталж, Засгийн газар хэрэгжүүлж, шүүх тодорхой маргаанд хэрэглэдэг эрх мэдэл хуваарилах зарчим нь хуулийг нэг цэгээс нөгөө цэгт хүрэх дамжлага гэхээс илүүтэй “шүүх засаглалын хууль хэрэглээний практикт үндэслэн” парламент нь “хууль тогтоомжийг сайжруулах” зохист харьцааны зарчим гэж хандах нь чухал юм.
БАРИМТ 11Уг чанартаа шүүхийн үйл ажиллагаа Монгол Улсын эрх зүйн хөгжилд түшиг тулгуур болох ёстой байтал өнөөдөр нээлттэй цахим санд байршсан 380,000 гаруй шүүхийн шийдвэрийг хууль тогтоомжийг боловсронгуй болгох, улс орны эрх зүйн хөгжлийг хангахад эргэлтэд оруулж, ашиглаж байна уу гэвэл, үгүй.
БАРИМТ 12Шүүхийн тухай шинэ хуулийн дагуу хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүрэг, арга зүй тодорхой боллоо. Улсын дээд шүүх нэгт, хяналтын журмаар тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар хууль хэрэглээний зөрүүтэй байдалд цэг тавих, хоёрт, шүүхийн шийдвэр, шүүхийн практикт тулгуурлан хууль тайлбарлах замаар хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтоох, улмаар эрх зүйн тодорхой байдлын зарчмыг хангах боломж бүрдэж байна.
БАРИМТ 13Улсын дээд шүүхийн хууль тайлбарлаж ирсэн практикаас үзэхэд, 1992-2005 онд хууль тайлбарласан тогтоол жилд дунджаар 5-6 удаа гарч байсан бол 2006-2010 онд энэ тоо огцом өсөж, жилд дунджаар 17 тогтоол гарч байжээ. Улсын дээд шүүх “хуулийн абстракт” буюу хийсвэр тайлбарыг ийнхүү өргөн хүрээнд, олон тоогоор гаргах болсон нь төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг бүдгэрүүлсэн, хууль тогтоох эрх мэдлийн бие даасан байдал руу өнгийх сөрөг үзэгдэл үүсгэсэн талаар шүүмжлэлт хандлага цөөнгүй бий.
БАРИМТ 14Шинээр батлагдсан Шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүхээс хуулийг тайлбарлах зарчим, зохицуулалт харьцангуй тодорхой болсон тул Улсын дээд шүүх цаашид зөвхөн шүүхийн шийдвэр, практикт тулгуурлан хуулийн тайлбарууд хийх үндэслэл тавигдлаа.
БАРИМТ 15Ирэх арван жилдээ бид “иргэн төвтэй шүүх”-ийг бий болгоход бүхий л анхаарлаа хандуулах ёстой, энэ нь юуны өмнө иргэд чанартай шүүн таслах ажиллагаагаар үйлчлүүлнэ гэсэн үг юм.
БАРИМТ 16Шүүн таслах ажиллагааны чанар бол үл хэмжигдэх ажил биш, түүнийг тодорхойлдог, хэмждэг, үнэлдэг болох ёстой. Бид шүүн таслах ажлын чанарыг хэргийн оролцогчидтой харилцах харилцаа буюу тэдэнд анхааралтай, “хүний эрхэм чанарыг хүндэтгэх ёс”-оор хандах энгийн ойлголтоос эхлээд шүүхийн ажиллагаа, шүүхийн шийдвэр, хэрэг хянан шийдвэрлэх хугацаа, шүүгчийн мэргэшил, ур чадвар, хэргийн хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалт зэргийг багтаасан цогц байдлаар авч үзэх нь зүйтэй.
БАРИМТ 17Иргэдийн шүүхэд мэдүүлэх, шүүхээр эрхээ хамгаалуулах эрхийг баталгаатай эдлүүлэхийн тулд хэрэг хянан шийдвэрлэх хуулиудад эргэлтийн шинжтэй шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай.
БАРИМТ 18Шүүн таслах ажиллагааны журмыг үйлчлүүлэгчдээ үнэн, зөв тайлбарлаж, хууль, журмыг зохих ёсоор хэрэгжүүлдэг нэгэн байхад, эсрэгээрээ шүүн таслах ажиллагаанд зохиомол хүндрэл үүсгэж, хурал хойшлуулдгаараа гаршсан эрх зүйч, хуульчид байгаа нь нууц биш.
БАРИМТ 19Хэргийн оролцогчид, өмгөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхээ урвуугаар ашиглаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эцэс төгсгөлгүй хойшлуулж, иргэд болоод хуулийн систем бүхэлдээ цаг хугацаа, зардал мөнгө, сэтгэл зүйгээр хохирч байгааг процессын хуулиудад шинэтгэл хийх замаар хугацаа алдалгүй өөрчлөх шаардлагатай. Үүнд шүүх, шүүгчид практиктаасаа хуваалцан, санаачилгатай, манлайлан оролцоход бэлэн байна.
БАРИМТ 20Шүүхийн системийн нээлттэй, ил тод байдлыг ахиулах, шүүхийн ачааллын менежментийг шинэ шатанд гаргахад хиймэл оюуныг ашиглах цаг нэгэнт ирсэн гэж үзэж байна. Гэхдээ энэ ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, хүний эрхийн суурь зарчмуудыг дээдэлж, ажиллагааны ил тод, аюулгүй байдлыг хангаж, үе шаттайгаар хийх нь зүйтэй.
БАРИМТ 21Монгол Улсын шүүхийн системд хиймэл оюуныг ашиглах хэрэгцээ шаардлага, мөн боломжууд байна. Шүүхийн шийдвэрийн цахим хуудаст нийтэд ил тод, нээлттэй байгаа 380 гаруй мянган шүүхийн шийдвэрийн ашиглалт, хайлт, хэрэглээг төгөлдөржүүлж, хиймэл оюун руу хөрвүүлэх, хиймэл оюунаас гарах бүтээгдэхүүнийг хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, мөн шүүхийн шийдвэр “гэнэтийн үзэгдэл” болдог байдлыг халах, “иргэд маргах асуудлынхаа шийдлийг урьдчилан тооцоолох”, улмаар шүүхэд хандах эсэхээ шийдэх, тэр хэрээр шүүхийн ачааллыг бууруулах хэрэгсэл болгон ашиглах боломжтой.
БАРИМТ 22Өнөөдөр шүүхийг хэт жижиглэн байгуулж, шүүхийн орон тоог шүүх бүрэлдэхүүний тоотой тулган ажиллуулж, мөн олон шүүхэд сул орон тоонд сонгон шалгаруулалтыг зарлахгүй, эсхүл цаг алдан зарлах байдал хэвийн мэт үзэгдэл болжээ.Үүний улмаас тухайн шүүхийн шүүгч ямар нэг хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй болоход хэрэг маргааныг шийдвэрлэх бүрэлдэхүүн “дутаж” хэргийн хугацаа сунжрах, бүрэлдэхүүн дутуу шүүхэд түр томилолтоор ажиллах тохиолдол хэт олширч байгаа нь иргэд шүүхээр үйлчлүүлэхэд бэрхшээл үүсгэж, санхүү талаасаа төсөвт хэвийн бус зардлыг их үүсгэж байна.
БАРИМТ 23Шүүх байгуулах зарчим алдагдсанаас зарим нэг аймагт 18 шүүгчид зургаан Ерөнхий шүүгч ногдож байгаа тохиолдол ч байна. Энэ бүх нөхцөл байдлыг бид шүүхийг тойргийн зарчмаар байгуулах тохиолдолд зайлшгүй харгалзан үзэх ёстой. Ингэхдээ шүүхийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, ойр дөт, шуурхай, үр ашигтай хүргэх зарчмыг алдагдуулах учиргүй.
БАРИМТ 24Шүүхийн тухай хуулиар Танхимын тэргүүн, анхан, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчид дотроосоо сонгох эрх баталгаажсанаар шүүхийн дотоод ардчиллыг бэхжүүлэх, Ерөнхий шүүгчийн чиг үүргийн агуулгыг “дарга” биш “манлайлагч” болгож өөрчлөхөд тустай алхам болсон. Цаашид шүүхийн нэр хүндийг ахиулахад Ерөнхий шүүгчдийн идэвх, санаачилга чухал үүрэгтэй. Хариуцлагатай ажилд хариуцлагагүй хандвал бид өөрсдөө шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг ноцтой аюулд унагах ажилд гар бие оролцож буй хэрэг болно гэдгийг сайтар тунгаах ёстой.