Коронавирусээс болж цэцэрлэггүй болсон хоёр, гурван настнууд гэртээ юу хийж байна
НийгэмДэлхий дахинд коронавирус цар тахал тархаад гурав дахь жилийнхээ нүүр үзэж байна. Энэ цар тахалд манай улс ч нэрвэгдсэн. Улмаар эл тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилийг бүтэн өнжиж, сургууль, цэцэрлэг хоёр жил карантилсан.
Энэ хугацаанд хүүхдүүдийн сурч, боловсрол эрх маш их зөрчигдөв.
Харин энэ намар сургууль, цэцэрлэгийг эхлүүлсэн ч цахим, танхимын хичээл ээлжилж буй.
Түүнчлэн халдварт өртөх эрсдэлтэй гэх нэрийдлээр хоёр, гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй байх шийдвэр гаргасан юм.
Үүний уршгаар сургуулийн өмнөх боловсрол олж авах ёстой хүүхдүүд хохирч, гэртээ зурагт үзэж, аав ээжийнхээ утсыг үзэж өдрийг өнгөрөөж байна.
Иргэн: Р.ШҮРЭНЦЭЦЭГ:
Манай хоёр ач байна. Нэг нь хоёр, нөгөө нь гурван настай. Хоёр настай хүүхдийг коронавирусээс болоод цэцэрлэг авахгүй гэсэн. Гэтэл гурван настай хүүхэд бас хамрагдахаа больчихлоо. Залуу ээж аавууд хүүхдээ хараад гэртээ сууж байна. Ажил хөдөлмөр эрхлэх гэхээр хүүхэд харах хүн байхгүй. Цэцэрлэгт хамруулъя гэхээр коронавирусээс болоод хүүхдийг нь авах цэцэрлэггүй болчихлоо. Энэ асуудлыг шийдэж, залуу гэр бүлийг ажилтай төрөлтэй болгомоор байна.
Иргэн: Б.ЭРДЭНЭБАЯР:
Манай охин ирэх 11-р сард дөрвөн нас хүрнэ. Тэгээд гурван настай гээд цэцэрлэгт авсангүй л дээ. Өдөрт хичээл, цэцэрлэг орж байх цагаар юу хийж байна вэ гэхээр утас оролдоод, зурагт үзээд, ах, эгчийгээ бараадаад байж байдаг. Ажилтай ээв ээжүүд өглөө гарахдаа хүүхдээ аавындаа, ахындаа хүргэж өгнө. Орой ажил тараад дахиад очиж авдаг.Тэр хүүхэд хөгжсөн зүйлгүй болчихож байна. Байнгын утас, зурагт үзнэ. Хэл ярианы хувьд хөгжил муутай, үеийнхэнтэйгээ тоглож чадахгүй л өдрийг өнгөрөөж байна даа.
Эх сурвалж:
А24 мэдээний агентлаг