Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нарыг эгүүлэн татуулахаар Цэцэд ханджээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-10-21 22:32:50

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан дөрвөн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар иргэн Ч.Эрдэнэбат энэ сарын 12-нд Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Цэц иргэний мэдээллийг хүлээн авч, Цэцийн гишүүнд хуваарилах бөгөөд гишүүнд хуваарилснаас хойш ажлын 14 хоногийн дотор маргаан үүсгэх, эсэх шийдвэрийг гаргах хуультай.

Тиймээс одоогоор иргэн Ч.Эрдэнэбатын гаргасан мэдээлэлд маргаан үүсгэх, эсэх шийдвэрийг гаргаагүй байгаа аж. УИХ Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Харин хуулийн төслийг санаачилсан дөрвөн гишүүний хоёр нь буюу П.Анужин, Д.Өнөрболор нар нэрээ татахаа мэдэгдээд байгаа.

Хуулийн төсөлд оруулж буй гол өөрчлөлт нь, хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгахгүй байхаар заажээ. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын босгыг 100 мянган ам.доллар байсныг бүрмөсөн байхгүй болгож, харин хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан байх шаардлагыг нэмсэн байна. Тодруулбал, хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь 50 мянган ам.доллараас доошгүй байхаар зохицуулалтыг оруулахаар тусгажээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар хэдэн хоногийн өмнө мэдээлэл хийж, өөрсдийн санаачилсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн тухай тайлбар хийлээ. Энэ үеэр Х.Ганхуяг: “Энэ хуулийг өргөн барихын тулд сүүлийн нэг жил ярилцаад, боловсруулагдаад, өргөн баригдаад маш олон процессыг туулсан.

2021 оны 5 сарын 26-нд яг энэ өргөн барих гэж байгаа хуулийн төслөөрөө УИХ-ын дарга, бизнес эрхлэгчидтэй хамт сууж байгаад хэлэлцсэн. Тэгэхэд Д.Өнөрболор гишүүн ч байсан. Тухайн үед уг асуудлыг танилцуулаад, 6-р сард өргөн барьсан. Дэгийн тухай хуулиар УИХ-ын гишүүн аль ч шатанд, дуртай цагтаа өргөн барьсан хуулиа буцааж татах эрхтэй байдаг.

Тийм учраас Д.Өнөрболор, П.Анужиннарыг өөрийн эрхээ эдлэж байгаа юм болов уу? гэж бодож байна. Энэ асуудлыг УИХ-ын Тамгын газартай ярилцах ёстой л болчихлоо. Түүнээс биш үг нэмж хасаагүй. Нэг цэг таслалын ч ялгаа байхгүй шүү. Яг юу хасагдсан, эсвэл яг юу нэмэгдсэн гэдгийг П.Анужин гишүүнээс өөрөөс нь асуухгүй бол би сайн мэдэхгүй байна.” гэв.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нар өнгөрсөн зургадугаар сард Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Уг төслийг сая намрын чуулганы эхний хуралдаанаар хэлэлцэхийг нэгхэн гишүүний саналаар дэмжив. Бараг л унахаа дөхсөн.

Төслийг Их хурал хэлэлцэхтэй зэрэгцсэн “гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох;” гэх гол заалт нь нийгэмд нэлээд шүүмжлэл дагуулав.

Хөрөнгө оруулагчийн босгыг хоёр дахин бууруулж, 50 мянган ам.доллар болгоно гэдэг нь хуучин “Ланд-200” автомашин ч авч хүрэхгүй мөнгө зэргээр егөөдөв. Нэмэлт өөрчлөлт оруулах заалт нь зүүмжлэл дагуулаад эхэлтэл төслийг өргөн барьж, гарын үсэг зурсан П.Анужин, Д.Өнөрболор нар төслөө татна, бид ийм хууль өргөн бариагүй, “Бид улс үндэснийхээ эрх ашгаас урваагүй” гэж эргэж буцлаа.

Гишүүн П.Анужин, Д.Өнөрболор нар төслийг санаачлагч, Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуягийг буруутгав. Тэдний мэдэгдлээс харвал гадаадын хөрөнгө оруулагчийн босгыг 50 мянга ам.доллар болгох, гэр бүлд нь олон удаагийн виз олгох нь улс үндэстнийхээ эрх ашгаас урвасан заалт бололтой юм.
УИХ-ын гишүүн П.Анужин “Монгол Улсын эрх ашиг, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой хуулийн өөрчлөлт явж байхад үг үсгийг уншихгүйгээр гарын үсэг зураад явдаг гишүүн байхгүй. Би хууль төсөл бүрд үг, үсэг, таслал бүрээр нь уншиж асуудалд хандахыг баримталдаг.

Хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулах хуулийн үзэл баримтлал, агуулгыг би дэмжиж гарын үсэг зурсан. Харин хууль санаачлагч, боловсруулагч Х.Ганхуяг УИХ, байнгын хороонд оруулж ирэхдээ өөрөө шинээр зүйл заалт нэмж, хамтран санаачлагчдаа мэдэгдэхгүйгээр хэлэлцүүлэгт оруулаад ирсэн. Г.Ганхуяг гишүүн яригдаагүй заалтыг санаатайгаар оруулж ирсэн” гэсэн юм.


Харин Д.Өнөрболор гишүүн хэлэхдээ “Миний танилцсан төсөлд хөрөнгө оруулалтын босго, хувь хэмжээтэй холбоотой нэг ч заалт, үг байгаагүй. Х.Ганхуяг гишүүн санаатай ийм заалт оруулж ирлээ, та ёс зүйтэй бай” гэж мэдэгдсэн. Харин гишүүн Х.Ганхуяг мэдээлэл, тайлбар өгөөгүй байна. Танилцуулахад: 

Х.Ганхуяг бол ХҮН-аас АН-д, АН-аас МАН-д орж УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэгэн. П.Анужин, Д.Өнөрболор нарын ярьснаар бол Хөрөнгө оруулалтын хуулийн хэл ам татлаад буй заалтыг Х.Ганхуяг гишүүн нэмсэн байна. Эндээс П.Анужин, Д.Өнөрболор нар гарын үсэг зурсан төслөөсөө эргэж буцаж, нийгмийн шүүмжлэлээс айж Х.Ганхуягаа түгжилдсэн үү.

Эсвэл Х.Ганхуяг нь үнэхээр өөрөө шинэ заалт нэмж өргөн бариад, хамтран санаачлагчдаа түгжилдсэн үү гэдэг асуулт гарна. Гэхдээ тэд бие биеэ түгжилдэх нэг хэрэг. Харин чухал хуульд гоомой хандаж улсаа түгжилдэх вий! Монгол Улсад хөрөнгө оруулалтын сайн хууль, мөнгө, хөрөнгө оруулагч, хөгжил хамгийн их хэрэгтэй. 

Харин Монголын төрд түгжлүүд хэрэггүй.           

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.                   


Холбоотой мэдээ