“Манайхан”-д алуулах “манайхан”
-фельетон-
Талбай дүүрэн манайхан. Манай хэд “Манайхныг огцруулахаас нааш манайшихгүй” гэдгээ хэлж байна. Манайхан ч өмнөөс нь гүрийж “Май, чи” гэх маягтай. Ордонд бас манайхан. Манайхангүй газар ч алга. Манайхнаар дүүрээд, манайхан ч дүүрчээ, дүүрч!
Ер нь бол “Манайд юу болж байна вэ” гэж үү? Танд “Манайхан манайхантай нийлээд манай хэдийг майлуулж байна аа” гэж хариулмаар байна.
Манайхан ч гэж манайхан. Манайхантай үзэж тарахын оронд манайхантайгаа алалдаг нь юу ч билээ. Монгол хүн болсон хойно, манайхантайгаа манайшихад хэцүү байгаа л байх даа.
Манайхаас гараад л манайхантай нийлчих юм. Тэгснээ манайхаас гарлаа гээд манайд орж ирээд суучих юм. Манай талын манайх нь алин ч юм бэ, манайхаас явсан манайх гэж хэн ч юм бэ, чөтгөр бүү мэд. Чөтгөр ч өөрөө мэдэхээ больсноо хүлээж байна лээ.
-Манайхаан, харав уу? Манай хэн манай манай хэнийг манайхаас хөөгөөд л. Манай хэн нь манайхаас урваж манайд ороод л, айн? “Манайхыг манайхаар соливч манайх болдоггүй” гэдгийг мэдмээр л юмсан, манай хүн. Манайхныг манайхан “Мах идүүлэвч манайшихгүй” гэсэн нь манайхныг манайшуулах гэж махаа идсэн хүний мах...гэнэ ээ, хадуурчихлаа. “ Үг” л байх даа.
За яахав, Манайхан л их хожиж байх шив дээ. Гэхдээ манайхан баярлах хаа байсан юм бэ? Манайхан байгаа цагт манайхан тийм амар жаргахгүй ээ. “Манайд манайхан байгаа цагт манайх манайх биш ээ” гэж манай хэн хэлсэн байгаа юм шүү.
Манайхан ч манайхныхаа гарт үрэгдэх нь тодорхой боллоо. Манайхан ч яахав, манай талтайгаа нийлээд малийж л байна. Манайхан нь үнэн царайгаа харуулж, “манайх чинь манайх” гээд эхлэхээр манай хэд яана даа хөөрхий. Яг үнэндээ, манайхны цаанаас манайхан л хатгаж, үймүүлж, зааварлаж байгаа доо. Манайхан нь манайхныгаа самраад дуусахаар манайх болохгүй хаачихав гэж үздэг нь нууц биш.
Манайд төрсөн атлаа “манайх” гээд явдаг манайхан ч олширчээ. Гэхдээ, манайхан байгаа цагт “манайх ялах” ч бас хол шүү, хол. Ганц найдах юм манайхан л байна. Дахин хэлье “Манайд манайхан байгаа цагт манайд ялахгүй ээ” гэдгийг.
Нэг үеэ бодвол “Манайхан ирнэ” гэж манайхныг Мангаагаар айлгах нь багасч дээ. Үнэндээ бол манайхан биш, харин манайхан өөрснөө ирэх гээд байгааг мэддэг болоод байх шиг. Бас Мангаа л өөрөө “Мангаа ирлээ” гэж мангаадаад байгаа нь ч харагдах болж.
Гэхдээ л “Манайхангүй манайх” хөдөлгөөнийнхэн “манайхныг манайд оруулахгүй. Харин манайхныг манайд урьж авчирья”, “Манайд манайхан эзэн суувал манайхан хөөгдөнө” гэдэг хэвээрээ байна. Манай тусгаар тогтнол манайдаа л баймаар байхад чинь заавал манайхаас хамааралтай болгох гээд, манайхан ч ёстой манайхан юм аа.
Манай манайхан “Манайх манайх байхаа больсны 100 жилийн ой”-г манайд тэмдэглэв дээ, саяхан. Үнэндээ л, манайхан чинь манайд ирээд “малгай тавьсан юм чинь манайх чинь манайх боллоо” гээд суусны л ой шүү дээ.
Манай талынхан ч манай талын дотоод хэрэгт их орж байна оо. Манайхыг дотоод хэрэггүй болтол нь дотоод хэрэгт нь ороод байна уу гэж заримдаа бодогдмоор.
Сүүлдээ, “Манайх ялахын хэрээр л манайх ялагдаад” байгааг ерөөсөө ойлгохоо байлаа даа. Хаашаа л харна, манайхан дүүрэн хэрнээ манай гэх хүн ерөөсөө байдаггүй. Дээхнэ, “Манайх яллаа” гээд байхаар үнэмшээд хөөрөв дөө. Тэгсэн чинь “манайд л ялсан” байжаажүү?
Манайхан гэж хэн юм бэ, ингэхэд? Зүгээр л асуусан юм. “За тэр, манайхаан. Энд нэг манай хүн байна” гэж орилохоосоо өмнө энийг нэг бодоорой.
Манайхан “Зөвхөн манайхантай манайх” байгуулах гэж зүтгэхийн хэрээр, “манайх өөрөө манайх биш” болоод байгаа нь сонин санагдахгүй байна уу?
20.10.2021