Цагдаа нараас зугтаж явсан эр ойд төөрч, цагдаа дууджээ
Сонин Хачин"Өст хүн өлийн даваан дээр" гэх зүйр үг Америкт биеллээ олжээ. Хойд Мичиган мужийн оршин суугч нэгэн эр цагдаа нараас зугтаж, ой руу орсон ч хэрэг бишдсэн байна. Тэрээр удтал нэг газраа эргэлдсэний эцэст аргаа барж, 911-рүү залгаж цагдаагийн тусламж авахаар шийджээ.
Сэжигтнийг Кевин Уильям Тиге гэдэг бөгөөд 43 настай аж. Мичиган мужийн цагдаагийн газрын мэдээлснээр Тиге аравдугаар сарын 6-нд Уильямсбург хот дахь нэгэн айлын байшинд зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэргээр баривчлагджээ.
Тухайн өдрийн орой 7 цагт тус байшингийн оршин суугч эмэгтэй зочны өрөөндөө ганцаараа зурагт үзэж байх үед нэгэн эр гэнэт орж ирсэн тул цагдаа дуудсан байна.
Удалгүй эмэгтэйн нөхөр дээд давхраас бууж ирэх үед өнөөх эр гарч явжээ.
Цагдаа нар тэднийд ирж байшингийн эргэн тойрныг шалгаад, Тигег ойролцоох айлын арын хашаанд байхад нь олсон байна. Гэвч цагдаагийн ажилтнууд түүнтэй ярилцахыг оролдоход тэрээр ой руу зугтжээ.
Сэжигтнийг эрэн хайх ажилд эрэлч нохойтой цагдаагийн багийг дайчилсан боловч түүний мөрийг алджээ.
Гэвч тэр орой нь Тиге өөрөө 911 рүү залгажээ. Тэрээр шөнийн цагаар ойд төөрсөн учир ингэхээс өөр арга үлдээгүй байна.
Тэрээр зөвхөн 911 рүү залгаад зогсохгүй өөрийн байршлыг тодорхой хэлж өгөн, цагдаа нарт тусалсан гэнэ. Ингээд түүнийг хялбархан олж, Гранд Траверс гүнлигийн саатуулах байранд хүргэжээ.
Кевин Тиге-д зөвшөөрөлгүй бусдын эзэмшилд нэвтэрсэн, баривчилгаа эсэргүүцсэн, цагдаа нарыг үүргээ гүйцэтгэхэд саад учруулсан зэрэг зүйл ангиудаар буруутгасан бөгөөд барьцааны мөнгийг нь 1000 ам.доллар хэмээн тогтоосон гэнэ.