МОНГОЛЫН ХУВЬ ЗАЯАГ ШИЙДЭХ НЬ МОД УУ, НҮҮРС ҮҮ?

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-24 01:04:26

МОНГОЛЫН ХУВЬ ЗАЯАГ ШИЙДЭХ НЬ МОД УУ, НҮҮРС ҮҮ? 


01. Манай гариг дээр нэгэнт тогтоогдсон нүүрсний нөөц 1,7 их наяд тонн хэмээн мэргэжилтэнгүүд тооцон гаргажээ. Түүнээс Америкт 23,2%,  Орост 15,1%, Австралид 14%, Хятадад 13,3%, Энэтхэгт 10,3% оногддог. Өөрөөр хэлбэл дээрх таван оронд дэлхийн нүүрсний нийт нөөцийн 76 гаруй хувь оногддог гэсэн үг л дээ. 


02. Тэгвэл 2020 оны эцсийн байдлаар манай гаригийн хэмжээнд 7 тэрбум 742 сая тонн нүүрс олзворлосон байна. Түүнээс Хятад улс 51%-ийг дангаар олзворлосон бол Америк 6,3%, Австрали 6,2%, Орос 5,2%, Энэтхэг 7,3 хувийг тус тус олзворложээ. 


03. Монгол улсын хувьд нүүрсний нөөцөөр төдийлөн баялаг орны тоонд багтдаггүй. Украйн, Герман, Польш, Казахстан улсууд нүүрсний нөөцөөрөө манайхаас хавьгүй урд жагсдагийг уншигчид тэр болгон мэдэх болов уу? Гэсэн атлаа Монгол улс дэлхийн нүүрсний зах зээл дээр голлох тоглогч болох маш их ирээдүйн төлөв байгаа талаар жаахан дэлгэрүүлж ярьсугай!  


04. Дэлхий дээр нүүрс голлон импортлогчид гэвэл Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг улсууд байгаа юм. Тэгвэл нүүрс экспортлогч голлох улсын тоонд Орос, Индонези, Австрали, Монгол улсууд багтаж байна. Дэлхийн нүүрс олзворлолтын 0,6 хувийг эзлэж байгаа Монгол улс ийнхүү дөрөвдүгээрт гарч ирсэн нь гол зах зээлтэйгээ хамгийн ойр дөт байдагтай холбоо бүхий байж таарна. Энэ нь хэн бүхэнд ойлгомжтой хэрэг.  


05. Бусад нүүрс экспортлогч улсуудын тухайд авч ярьвал дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадад нүүрсээ хүргэхэд асар хол, тээвэр ложистикийн хүндрэлтэй асуудлууд байдаг. Америкчууд Хятадын зах зээлд гаргасан тонн нүүрс тутмаас дөнгөж 10 долларын ашиг олдог тухай Коронагийн өмнө яригдаж байсан. Монголын хувьд тээвэр ложистик талдаа тэд нартай харьцуулшгүй хоцрогдсон л доо. Гэхдээ л газарзүйн ашигтай байрлал нь монгол нүүрсийг арга буюу боломжийн хэмжээнд өөд татаад байгаа хэрэг. 


06. Дэлхийд нүүрсний нөөцөөр дөрөвдүгээрт жагсаж дэлхийн нүүрс олзворлолтын 51 хувийг дангаараа эзлэж байгаа Хятад улс яахаараа хамгийн том нүүрс импортлогч орон болон хувирдаг билээ гэдэг асуудлын учиг сонин л доо. Юуны өмнө Хятадын тухайд нүүрсний нөөцийн тархац харилцан тэнцвэргүй буюу нутаг дэвсгэрийн умард хэсэгт нөөц арвин, өмнөд хэсэгтээ тааруу байдаг. Дээр нь хятадын нүүрсний илчлэг тааруу, хүхэрлэг чанар ихтэй болохоор байгаль орчинд маш муу нөлөөтэй ажээ. Хятадын аж үйлдвэр өндөр хөгжсөн өмнө зүгийн нутгуудад төмөр замаар умард хэсгээс нүүрс тээвэрлэн авах нь Австрали, Америк, Индонези зэрэг орнуудаас усан замаар нүүрс худалдан авснаас хавьгүй өндөр өртөгтэй тусдаг байна. 


07. Миний дээр өгүүлсэн тоо баримтуудаас манай уншигчид монголын хувьд нүүрсний голлох  гадаад зах зээл гагц Хятад улс юм байна. Энэтхэгийн тухайд манайхыг царайчлаад байхааргүй баялаг нүүрсний нөөцтэй. Япон, Өмнөд Солонгосын тухайд Владивостокоор дамжуулан Монголын нүүрсийг авна гэдэг гоё мөрөөдөл төдийхөн зүйл гэдгийг ойлгосон байх аа. Өмнөд Хятадууд умардаасаа төмөр замаар нүүрсээ татах нь өндөр өртөгтэй хэмээн үзээд Австрали, Индонезиос нүүрсээ усан замаар авчихаж байхад Япон, Солонгосын хувьд тэр нь бүр ч амар байна биз дээ? Ер нь Австраличууд Хятадын нүүрсний зах зээлээс шахагдан гарсны дараа Энэтхэг, Япон, Солонгос улсууд Австрали нүүрсний гол хэрэглэгч болон хувирсан нь санамсаргүй хэрэг биш ээ. 


08. Монголчууд бид өөрсдийнхөө унхиагүйгээс болоод өөрсдөд оногдох ёстой боломжийг «Орос ах» нартаа тавиад туучихлаа. Ийм арчаагүй байдалтайгаа зууралдсаар байх бөгөөс тун удахгүй Америк, Казахстанчуудын ард жагсчихсан явж байхад би л хувьдаа гайхахгүй. 


09. Гол нь эх газрын улсын хувьд төмөр замын үүрэг маш чухал болох нь тодорхой. Тийм болохоор одоо нүүрсний гол зах зээл рүүгээ хандсан төмөр замын бүтээн байгуулалтыг шуурхайлмаар санагдана. Одоо өмнөд хөршид маань нүүрсний онцгой хэрэгцээ байгаа энэ цаг үед тэдний хүчтэй том компаниудыг төмөр замын бүтээн байгуулалтанд идэвхитэй оролцуулах талаар яриа хэлэлцээ хийгээсэй. 


10. Хүрэлсүхийн дэвшүүлсэн «1 тэрбум мод» төслийн 4,3 их наяд төгрөг нь төмөр зам барихад зарцуулвал Монголын дөрвөн зүг найман зовхисыг холбочихоор асар их хөрөнгө л дөө. Би мод тарихыг эсэргүүцээгүй. Гол нь яг одоо мод тарих цаг үе мөн үү? Эхлээд Монголын хувьд маш ашигтай байгаа нүүрсээ өндөр үнээр арилжиж олсон хуримтлалаараа 3-хан сая хүн амаа хөл хөсөр жаргаая. Дараа нь үндэстэн даяараа эрвийх дэрвийхээрээ хөдлөж Монголоо ногооруулж болох байлгүй дээ. Мод уу? Нүүрс үү? гэдгийг Монголчууд бид ултай бодох цаг иржээ.

Холбоотой мэдээ