О.Мөнхжин: Тэмүүжин, Нарансолонго нарын тоглосон рекламыг харлаа, Ийм арчаагүй явуургүй, бүдүүлэг сурталчилгаа гэж байж болох уу
НийгэмМонгол дахь крипто зах зээл, койн, цахим мөнгөний үнэ цэнэ, үр ашгийг нийт Монголчуудад таниулж, тодорхойлж яваа долларын саятан О.Мөнхжин нэгэн асуудалд ихэд бухимдалтай явдаг гэнэ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан өнөөгийн хошин урлагийн өнгө аяс, хошин урлагийн жүжигчдийг нилээдгүй хатуухан шүүмжилжээ.
Сүүлийн үед зурагт асаахаас ч айдаг боллоо. Сайн гэсэн телевиз, нэвтрүүлгийг үзэхэд дундуур нь заавал 3-7 минут реклам гарна. Тэр рекламыг нь хүүхдүүдээсээ нуух гэж бөөн юм болно.
Энэ бэрхшээл зөвхөн манай гэр бүлд бус бүх л айл өрхөд бий болсон гэвэл хэтрүүлсэн болохгүй. Учир нь хошин шогийн жүжигчид та биднийг төдийгүй үр хүүхдүүдийн маань сэтгэл, оюун мэлмийг бохирдуулж, бараа бүтээгдэхүүн зарахаас илүүтэй нийгмийн сэтгэл зүйг доройтуулах эх үндэс болох нь хэрээс хэтэрчихлээ.
Жишээ нь: “Талх чихэр” компаний “Түмэн наст” хэвийн боовны сурталчилгаа байна. Монгол Улсын Гавьяат жүжигчин цолтой Аглуу буюу Л.Баттулгын Соёлын Тэргүүний Ажилтан гэх гуншигтай Т.Бархүү нарын тоглосон тэр рекламны агуулга, сурталчилгааны хэв маягийг хараарай.
Атаархсан, хорссон, болхи бүдүүлэг араншинг бүхэл бүтэн үндэсний хэв маягтай бүтээгдэхүүндээ үндэсний хамгийн том хүнсний үйлдвэрлэгч нь ашиглаж байна.
Тэд энэ хосолсон жүжиглэлт гэгчээрээ өнгөрсөн хугацаанд чамгүй мөнгө халаасласан байж таараа. Тэр бүртээ саажилттай иргэдийн эрүүл мэндийг шоглож, тэднийг атаа хорслын гол бай мэт харагдуулсан. Үүнийхээ төлөө нэг ч уучлалт гуйгаагүй.
Ойр дотны ах дүү, хамаатан садан, найд нөхдөө шинэ байранд орж, шинэ унаатай болоход хадаг зүүж, ерөөл өргөн, сайныг ерөөх нь Монгол түмний зан заншил болохоос атаархсандаа савж унаад, саажилттай болдог түмэн олон биш.
Тэдний энэ увайгүй жүжиглэлтийг харсан бага насны хүүхдүүд учраа мэдэхгүй инээгээд сууж байгаа. Харамсалтай нь эргээд урлагийн үзлэгтээ хуулбарлахаас эхлээд бусаддаа хандах хандлагадаа ч үүнийг бодит байдал, зүй ёстой үйлдэл мэт үзүүлж хэвшвэл аав, ээжүүд бид хаашаа харж хашгирах вэ.
Учир нь алиа марзан тэдний үзүүлбэрийг бага насныхан үзээд зүгээр л инээдэг. Инээхэд учир бий гэж хэлээд үг ойлгох насанд хүрээгүй хүүхдүүдэд бид нар юуг учирлаж хэлэх бэ.
Л.Баттулга болон Гавьяат жүжигчин Н.Ариунболд нарын удирдаж тоглосон Улаанбаатар телевизээр гарсан шинэ жилийн тоглолт байна. Үзье гэлээ ч үзэх аргагүй хэрүүл тэмцэл, атаархал, болхи бүдүүлэг үгсийн цуглуулга, араар тавилт… Ямар ч инээдэм, хошин жүжиглэлт байхгүй.
“Х ТҮЦ” хамтлагийн “Юнивишн”-ээр цацсан хөтөлбөр ч ялгаагүй. Бүгд доромжлол. Ард түмнийхээ амьдралын уур бухимдал, стрессийг тайзан дээр эрээн мяраан хувцас өмсөж үзүүлэхээ урлаг гэж боддог энэ хошин урлагийнханд бид нар хэдий болтол хорлуулах вэ. Кино хийнэ гэхээр тайзныхаа үзүүлбэрийг кино болгоод тавьчихна. Хошин шог гэхээр бөөн хэрүүл тэмцэл, атаа хорсол.
Саяхан “Сайн тавилга” гэх компаний “Эмоци” хамтлагийн О.Тэмүүжин, Г.Нарансолонго нарын тоглосон рекламыг харлаа. Айлын нөхөр эзгүйчилсэн нууц амраг хувцасны шүүгэнд нуугдаж байх юм. Гэтэл нөхөр нь хувцасны шүүгээгээ цонхоор гаргаад хаячихлаа. Харин тэндээс О.Тэмүүжин эв эрүүл, сав саруул бууж ирээд “Сайн тавилга” компаний хувцасны шүүгээг үнэхээр бөх бат юм хэмээн сурталчилж байх юм.
Ийм арчаагүй, явуургүй, бүдүүлэг сурталчилгаа гэж байж болох уу. Айлын гэр бүлийг эзгүйчилж, эхнэр, нөхөртэй нь амрагласан бол Өмнөд Солонгост гэхэд хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Тэгэхэд манайд энэ үйлдлийг хошин шог болгож, тавилга сурталчлаад сууж байх юм.
Үүнийг харсан өсвөр насны охид, хөвгүүдийн толгойд ямар сэтгэгдэл буухыг бид мэдэхгүй. Харин ирээдүйд амьдралд нь гарч болох сөрөг үр дагаваруудыг хошин шогийн салбадайнууд бус аав ээж нь, үр хүүхэд нь өөрсдийн биеэр төлнө.
Ядарсан ард түмнээ өвчнөөр нь доромжилж, амьдралынх нь хүнд хэцүүг элэглэж дээрэлхэнэ. Саяхан Ардын Жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Г.Жигжидсүрэн гуай нэгэн нэвтрүүлгийн үеэр “Би М.Баярмагнай тэргүүтэй хошин шогийн жүжигчдийн жүжиглэлтэнд дургүй.
Хүн доромжлоод ч байгаа юм шиг их эвгүй харагддаг. Нүүр амаа янз бүр болгоод л өөрийнхөө сул талыг давуу тал болгож жүжиглэдэг энэ их муухай” гэж ярьж байна билээ. Харамсалтай нь, өнөөдрийн нийгэмд Г.Жигжидсүрэн гуайгаас илүүтэй М.Баярмагнайг олон нийт таньж, түүнтэй зураг авахуулахыг илүүд үзэж байгаа нь нийгмийн оюун санааны хоосролтой холбоотой байх. Тиймээс тэдэнд тархиа угаалгахаа больё.
Тэдний үзүүлбэрт ёс зүйн хариуцлага тооцох үүргийг салбар хариуцсан яаманд нь тодорхой болгож өгье. Эс бөгөөс ирээдүйд та бид гэртээ хэдэн ч М.Баярмагнайтай, хэдэн ч Л.Баттулгатай болохыг үгүйсгэх аргагүй. Соёлын Гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн шүлгэнд “Доголон хүний дэргэдүүр би гүйж өнгөрөх дургүй…” гэсэн мөр байдаг юм.
Харин хошин шогийнхон бол доголон гэдгээр нь шоолж, настай гэдгээр нь доромжилж, эмэгтэй гэдгээр нь элэглэсээр 20 жилийг өнгөрөөлөө. За тэгээд залуус нь тэдний элий балай яриаг нь дуурайчихна.
Би амьдралдаа хошин шог очиж үзэж байгаагүй. Хааяа нэг зурагтаар гарахаар нь харах гэтэл оюун ухаан минь доош ороод байгаа мэт санагдаад унтраачихдаг.
Хошин шогийн үнэнч фенүүд намайг уучлаарай. Хүн хүний сонирхол өөр юм даа! хэмээн өөрийн сошиал талбартаа өөрийн бухимдлыг илэрхийлжээ.