Колумбын хар тамхины боссыг ширэнгэнээс баривчилж, АНУ-д шилжүүлэхээр бэлдэж байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-10-25 00:36:48

Колумб улсын эрх баригчид тус улсын хамгийн том хар тамхины бүлгийн боссыг Бямба гарагт явуулсан тусгай ажиллагааны үр дүнд ширэнгэ ойгоос баривчилж чадсанаа зарлажээ.

Отонел хочтой Дарио Антонио Усугаг баривчлах ажиллагаанд цагдаагийн тусгай хүч, Колумбын зэвсэгт хүчин, агаарын хүчин хамтран оролцсон байна.

АНУ-ын Хар Тамхитай Тэмцэх Алба (DEA) түүнийг олон жил эрэн сурвалжилж, толгойг нь $5 саяар үнэлж байсан юм.

Отонелийг 2003-аас 2014 оны хооронд 73 тонн кокайныг АНУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэж байгаа.

Одоо түүнийг нийслэл Богота хотын дэргэдэх цэргийн баазад хорьж байгаа бөгөөд удахгүй АНУ руу шилжүүлж өгөх юм байна. Колумбын ерөнхийлөгч Иван Дюке “Манай орны хар тамхины гэмт хэрэгтнүүдэд өгсөн энэ зууны хамгийн том цохилт байлаа. Үүнийг 1990-ээд оны Пабло Эскобарын уналттай зөвхөн харьцуулж болох юм” гэж телевизээр ард түмэндээ хандаж хэлжээ.

Отонел сүүлийн жилүүдэд Панамтай хил залгадаг Колумбын баруун хойд Антиокуяа мужийн ой ширэнгэд нуугдаж байсан юм.

Түүнийг баривчлах ажиллагаанд 500 цэрэг, 22 нисдэг тэрэг дайчилжээ. Ажиллагааны үеэр цагдаагийн нэг албан хаагч алагдсан байна.


Отонел ширэнгийн гүн дэх хэд хэдэн сууцанд сэлгэн амьдарч, гар утас хэрэглэдэггүй, мэдээгээ зөвхөн шуудан зөөгчөөр дамжуулан харилцаж байжээ.

Колумбын Эль Темпо сонины мэдээлснээр эрх баригчид хоёр долоо хоногийн өмнө Отонелийн байгаа газрыг олж тогтоосон байна. Ингэхдээ радио дохиоллын 50 гаруй мэргэжилтэн хиймэл дагуулаас авсан зураг дээр ажиллаж, АНУ, Их Британийн тагнуулын байгууллагууд бас оролцжээ.

Отонелийн толгойлдог Тэнгисийн Булангийн Картель (The Gulf Cartel) нь Колумбын хамгийн том, хамгийн хүчирхэг гэмт хэргийн бүлэглэл болоод байв.

1970-аад оны эхээр Антиокуяа мужид мэндэлсэн Отонел хэд хэдэн зэвсэгт бүлэглэл дамжжээ. Эхлээд тэр FARC (Колумбын Хувьсгалт Зэвсэгт Хүчин), дараа нь Марксист-Ленинист босогчдын бүлэгт харьяалагдаж байгаад сүүлд хэт үндсэрхэг үзэлтэй, хар тамхины зэвсэгт бүлэглэл болох AUC (Колумбын Өөрийгөө Хамгаалах Зэвсэгт Хүчин) байгууллагад элссэн байна.

2005 онд AUC тарахад тэр Булангийн Картелийг үүсгэн байгуулагч Дон Мариогийн хүн болжээ. Улмаар арав орчим жилийн өмнө Дон Мариог залгамжилж, Колумбын хамгийн том хар тамхины бүлгийн толгойлогч болсон юм.

Тус бүлэг маш сайн зэвсэглэсэн 1,800 орчим гишүүнтэй гэгддэг. Булангийн Картелийн бүтээгдэхүүн АНУ-аар зогсохгүй цаашлаад ОХУ-д хүрдэг байсан гэнэ.

Отонелд АНУ-ын шүүх кокайн тээвэрлэсэн, цагдаагийн офицеруудын амийг хөнөөсөн, хүүхдийн хөдөлмөрийг мөлжсөн зэрэг хэд хэдэн ялыг 2009 онд эчнээ оноож байжээ.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ