Сайд А.Ариунзаяа: Нэг л мэдэхэд намайг “Бух шиг авгай”, “Өөхөн бөмбөлөг” гээд л бичсэн байдаг
Улс ТөрХөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “2005 онд Германд сургуулиа төгсөөд ирж байхад өвөө маань “Ариунаа, миний охин улс төр эмэгтэй хүнд тийм ч ээлтэй биш. Миний охин хувийн хэвшилд ажилла” гэж хэлж байсан…
2013 онд анх сэтгэлийн дуудлагаар намд элсэж “Ардын намын Ариунаа” гэж намын газрын даргаар ажиллаж билээ. Тэр үед намайг хариуцсан Намын нарийн бичгийн даргаар Х.Булгантуяа ажиллаж байсан.
Х.Булгантуяа англи, хятад, бага зэрэг япон, орос хэлтэй. Намын гадаад харилцааг ч хариуцдаг, олон ч түвшний уулзалт зохион байгуулдаг байсан.
2016 онд би Статистикийн хорооны даргаар, Х.Булгантуяа Сангийн дэд сайдаар ажиллаж, ажиллах хугацаандаа 3 дахь хүүхдээ төрүүлж 2 сартайд нь эргээд ажилдаа орж билээ.
Одоо харин Булгаа маань УИХ-ын гишүүн, Намын бүлгийн дэд дарга. Харин би сайд. Ингэж бодохоор өвөөгийн маань “улс төр эмэгтэйчүүдэд ээлтэй биш” гэдэг үгтэй санал нийлдэггүй, улс орон маань хөгжсөн гэж боддог. Гэсэн хэдий ч нийтлэг шүүмжлэл, дайралт бол эмэгтэй улс төрчид руу илүү чиглэгддэг нь бас үнэн.
Ингэхдээ ааш авир, гадаад үзэмж, хувь хүн, ар гэр, хэл үгрүү нь шүүмжилдэг.
Эрэгтэйчүүдтэй эн зэрэгцээ бодлогоор өрсөлдөхөөс гадна гадаад үзэмж, хувцас, гутал, үс гэзэг, зураг, уулзалт, хов жив,,,, олон олон бусад бэрхшээлийг даван туулж анхаарахгүй бол болдоггүй нийгэм юм.
Нэг л мэдэхэд намайг “Бух шиг авгай”, “Өөхөн бөмбөлөг” гээд л бичсэн байдаг. Ядаж “Үнээ” гэдэг байгаа даа гэж билээ би.
Шүүмжилсэн ч ажил хэрэгч байдлаар бодлого шүүмжилвэл бид чинь бас засаад, улам хичээгээд явна шүү.
Бидэнд арай зөөлөн хандаарай. Эрэгтэй улс төрчдөөс илүү зөөлөн биш ээ. Ядаж яг ижил түвшинд Эмэгтэйчүүдийг дэмжих бодлого гэж олон жил ярьж байгаа…”