Мэргэжлийн хяналтын газар, хэлтсийн дарга аснуудыг яллалаа
НийгэмОймсондоо хахуулийн маш их хэмжээний ам.доллароо хийж буй бичлэг нь олны анхааралд өртөж, Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг эргэж харахад хүргэсэн, МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяад холбогдох үйлдлийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уржигдар дахин хэлэлцлээ.
Улсын дээд шүүхээс түүнд холбогдох үйлдлийг нь анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр болсноор ийнхүү шийдвэрлэсэн юм. Уг нь тус шүүхээс өмнө нь Э.Аззаяад 40 сая төгрөгөөр торгох ял оноосон билээ. Торгох ял хөнгөдсөн гэж дүгнэн НПГ-ын хяналтын прокурорууд эсэргүүцэл бичиж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард хэлэлцээд эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзсэн юм.
Улмаар Э.Аззаяад холбогдох үйлдлийг нь тусгаарлан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсныг Дээд шүүх хэвээр нь баталсан байдаг. Дээд шатны хоёр шүүхийнхээ тогтоол, магадлалыг үндэслэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалан, НПГ-ын хяналтын прокурор Б.Ганбулган, Э.Эрдэнэ, шүүгдэгч Э.Аззаяа, түүний өмгөөлөгч К.Бауиржан нарыг байлцуулан хийсэн шүүх хурлаас МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асныг бусдаас удаа дараа их хэмжээний хахууль авсан гэм буруутайд тооцож, хоёр жил таван сар хорих ял оноолоо.
Өөрөөр хэлбэл, түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хясан боогдуулах замаар, бүлэглэн 64 удаагийн гүйлгээгээр 337.5 сая төгрөгийн хахууль авсан гэм буруутай гэж дүгнэсэн байна
Оймсондоо мөнгөө чихэж буй бичлэг нь олон нийтийн сүлжээнд түгсэн, МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайханд нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, хоёр жил найман сар хорих ял оноосон билээ.