ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг АТГ-аас шалгаж эхэлсэн гэв

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-29 03:44:42
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. 
 
     Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж нь өөрийн хамаарал бүхий этгээдээ төрийн өндөр дээд албанд томилоход нөлөөлсөн байж болзошгүй нь үндэслэлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрсөн хүү Н.Анхбаярыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилж, үйл ажиллагаанд хяналт тавьж, чиглэл өгч удирдаж байгаа нь хууль зөрчсөн асуудал хэмээн хууль, хяналтынхан үзсэн байна. 
Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 29-ний хуралдаанаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Анхбаярыг томилсон билээ. Үүнээс өмнө түүний аав Ц.Нямдорж нь ЗГХЭГ-ын даргаар томилогдсон байсан юм. 
 
   ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нь 1979 онд төрсөн. Тэрбээр 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд 2004 онд Шинэ Зеландын Веллингтоны Виктория их сургуулийн Хуулийн сургуульд хуулийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр “Тэргүүн шадар” дипломат цолтой, төрийн болон дипломат албанд 17 жил ажилласан байдаг ч түүнийг хууль бусаар томилогдсон хэмээн үзэж байгаа бололтой.

 
        Түүнчлэн АТГ-аас Ц.Нямдоржийг хууль хяналтын байгууллагаас үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт буруутган шалгаж эхэлсэн гэнэ. Тухайлбал, Ц.Нямдорж нь ХАСХОМ-тээ тус бүр нь 500 сая төгрөгийн үнэ бүхий хоёр амины орон сууцтай хэмээн бүртгүүлсэн байна. Ингэхдээ дээрх орон сууцыг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэр нь тодорхойгүй байгаа тул хөрөнгийн эх үүсвэрийг нь шалгах ажиллагаа эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. 
Холбоотой мэдээ