Самсунгийн босс сэтгэцэд нөлөөлөх эм хууль бусаар хэрэглэсэн шалтгаанаар шийтгүүлэв
ДэлхийӨмнөд Солонгосын Самсунг группын дэфакто удирдагч болох Ли Жэ Ён сэтгэцэд нөлөөлөх эм хууль бусаар хэрэглэсэн шалтгаанаар өчигдөр шүүхээс ял шийтгэл сонссон байна.
Форбс сэтгүүлийн тооцоолсноор дэлхийн 238 дахь баянд тооцогддог тэрбээр анестетик төрлийн пропофол эмийг хэрэглэж байсныхаа төлөө Сөүлийн Төв Тойргийн Шүүхээс 70 сая воноор ($60,000) торгуулжээ.
Ли Жэ Ёны хөрөнгийн хэмжээ $10.2 тэрбум гэгддэг ба торгуулийн хэмжээ хөрөнгийнх нь 0.0006 хувь болж байна.
Тэрбээр пропофол эмийг Сөүлийн нэгэн гоо сайхны эмнэлэгт хэдэн жилийн турш хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрчээ. Уг эмийн тунг хэтрүүлсэн поп од Майкл Жэксон 2009 онд амиа алдаж байсан түүхтэй.
Ийм эм хэрэглэх нь Өмнөд Солонгост төдийлөн ноцтой хэрэгт тооцогддоггүй. Гэвч прокурорууд нийгэмд нөлөө бүхий хүн олон удаа давтан хэрэглэсэн гэсэн шалтгаанаар шүүх хурал зохион байгуулах санал гаргасан юм байна.
Ли Жэ Ён пропофолыг хэрэглэхдээ эрүүл мэндийн шалтгаанаар бус, стресс, сэтгэл зүйн дарамтаас салахын тулд хэрэглэж байснаа шүүхэд мэдүүлжээ.
Тэрбээр саяхан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэд авлига өгч, өөрт ашигтай шийдвэр гаргуулж байсныхаа төлөө шоронд хоригдож байгаад хугацаанаасаа өмнө өршөөлөөр суллагдсан юм.
Эх сурвалж: AFP