Microsoft Apple-ийг гүйцэж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болов

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-10-30 02:04:13

Хөрөнгийн зах зээлийн Баасан гарагийн арилжааны үеэр Microsoft компанийн зах зээлийн үнэлгээ Apple-ийнхыг гүйцэж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанийн титмийг зүүжээ.

Урд өдөр нь гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсан Apple компани бэлтгэн нийлүүлэлтийн саатлаас шалтгаалан $6 тэрбумын алдагдал хүлээснээ мэдэгдсэн нь тус компанийн хувьцааны ханшийг унахад нөлөөлсөн юм.

Харин Microsoft компанийн хувьд сүүлийн улиралд Office, Windows, Cloud бүтээгдэхүүнүүдийн борлуулалт нэмэгдсэний ачаар санхүүгийн үр дүн нь төсөөлсөн хэмжээнд хүрсэн амжилттай байжээ.

Баасан гарагийн арилжаа хаагдах үеэр Apple-ийн зах зээлийн үнэлгээ $2.46 их наяд, Microsoft компанийнх $2.49 их наяд орчим байсан байна.

Microsoft өмнө нь 2018, 2020 онуудад хэсэгхэн хугацаанд зах зээлийн үнэлгээгээр Apple-ийн урд орж байсан түүхтэй. 2016 онд Google компани бас дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанийн титмийг Apple-аас түр хугацаанд шилжүүлж авч байжээ.

Гэхдээ  Аpple-ийн хувьд 2018 онд АНУ-ын анхны $1 их наядын үнэлгээтэй компани болж, үүнээс хоёр жилийн дараа $2 их наядын анхны компани болж байсан түүхтэй.

Тиймээс Apple хэсэг хугацааны дараа алдсан титмээ буцаан зүүх нь эргэлзээгүй юм.

Эх сурвалж: The Verge


Холбоотой мэдээ