“СҮХБААТАР” ХӨЛӨГ ОНГОЦЫГ БАЙЛДААНЫ ТАНКААР ТАТАЖ БАЙГАА ЮУ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-30 22:33:02
Хатгал сумын ЗДТГ-н дарга Н.Сайнбаяр:
Хөвсгөл далайд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг гаргаж дуусаагүй.
1985 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан авах ажиллагаа үргэлжилж байна. Одоогийн байдлаар “Сүхбаатар” хүлэг онгоцны тал хэсгийг нуурын гүнээс гаргаад байна гэх. Живсэн хөлөг онгоц нь 1956 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн “Бор-500” загварын ачаа, зорчигч тээвэр, чирэх зориулалтын ган төмөр материалаар хийгдсэн, урт 43,52, өргөн 8-9, өндөр 11,40 метр, жин 400 тн, уурын илчит хөдөлгүүртэй, 400 морины хүчтэй, дизель, мөс зүсэгчтэй аж. 

Хөвсгөл нуурт живсэн "Сүхбаатар" хөлөг онгоцыг гаргаж байгаа нь. 2021.10.25

 Засгийн газрын нөөц сангаас хоёр тэрбум төгрөг гаргаж, “Сүхбаатар” хөлөг онгоцыг гаргаж авч байгаа гэнэ. Холбогдох яамны зүгээс одоогийн байдлаар хөлөг онгоцыг татан гаргаж байгаатай холбоотойгоор ямар нэгэн тайлбар, мэдээлэл өгөөгүй байна.  Бүр мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм.

            Харин Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн наймдугаар саын 31-нд мэдээлэл хийхдээ, “ОХУ-ын  Онц байдлын яамны Эрхүү хот дахь Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах, нуурт живсэн машин техник хэрэгслийг илрүүлэх, судалгаа хийх ажлыг есдүгээр сарын 19-27-ны өдрүүдэд зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан. Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг дээрх сургалтад хамрагдан дадлагажсан төв, орон нутгийн онцгой байдлын анги байгууллагын 20 гаруй мэргэжлийн усчин аврагч бие даан гүйцэтгэнэ” гэж мэдээлсэн билээ.

Иргэдийг “Сүхбаатар” хүлэг онгоцыг татан гаргах ажиллагаанд ашиглаж байгаа техник хэрэгслийн зураг авахгүй байх, бичлэг хийж цахим орчинд байршуулахгүй чиглэл өгчээ

Тэгвэл “Сүхбаатар” онгоцыг Хөвсгөл далайгаас татан гаргах ажиллагаа аравдугаар сарын 1-нд эхэлж, одоог хүртэл үргэлжилж байгаа аж. Живсэн хөлөг онгоцыг нуураас гаргах хугацаанд иргэдийг гэрээсээ гарахгүй байх мэдэгдлийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас гаргаж, Хатгал тосгон дахь сум дундын цагдаагийн хэсэгт хүргүүлжээ.  

Тодруулбал, тус албан мэдэгдэлд:



Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай

            Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагч А.Баттүшигийн 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн А/115 дугаартай захирамжийн биелэлтийг хянах зорилгоор иргэд, аж ахуй нэгж, жуулчны бааз, гэр буудлын эзэн нарт дараах анхааруулгыг өгч байна.

1.Тухайн бүс нутагт оршин сууж байгаа иргэд Сүхбаатар онгоц татан гаргах, ажиллагааны үед гэрээсээ гарахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гадуур явуулахгүй байж өөрсдийн болон гэр бүлийн гишүүний аюулгүй байдлыг хангах,

2.Усан замын ойролцоо оршин суудаг малчин иргэд малаа усан зам руу бэлчээхгүй байх, өөрсдийн эд хөрөнгө, өмчийг аюулд өртүүлэхгүй

3. Тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз, гэр буудал амрагч хүлээн авахгүй байх, урьдчилсан захиалга авахгүй байх. Тухайн цаг хугацаанд үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох,

4. Усан онгоц татан гаргах ажиллагаанд ашиглаж байгаа техник хэрэгслийн зураг авахгүй байх, бичлэг хийж цахим орчинд байршуулахгүй байхыг анхаарна уу.

Мэдэгдэл хүргүүлсэн: ХАТГАЛ ТОСГОН ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ТАСАГ” гэжээ

         Бид нутгийн иргэнтэй холбогдож, дээрх мэдэгдэл үнэн эсэхийг тодруулахад “Иргэдийг нуур хэсэг рүү болон “Сүхбаатар” хөлөг онгоц байгаа хэсэг рүү зорчихгүй байх чиглэл өгсөн нь үнэн. Мөн тосгоны иргэдэд нийтээр уг үйл ажиллагааны зургийг авч, цахимд байршуулахгүй гэсэн санамж хүргүүлсэн байна лээ. Түүнчлэн амралт, жуулчны баазууд ажиллахгүй байгаа. Живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцны ойролцоо үйл ажиллагаа явуулдаг “Далайн түрлэг”, “Цэлмүүн хөвөө” амралтын газрын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоогоод байна. Уг нь үйл ажиллагаа аравдугаар сарын 18-нд дуусах байсан ч олс тасрах, хүн хүчгүйдэх зэрэг шалтгаанаас үүдэлтэйгээр хойшлоод байгаа. Одоогийн байдлаар татан гаргалтад 80 гаруй хүн ажиллаж байна. Батлан хамгаалах, Онцгой байдлын газрын хурандаа нар ахалж байгаа. Онгоц татан гаргах ажиллагаанд дан монголчууд оролцож байгаа. Хэзээ онгоцоо гаргаж дуусна, тэр хүртэл ажиллана гэсэн” гэлээ.


Мөн өөр нэг иргэний ярьснаар “Хатгалд 3-4 танк авчирсан гэсэн. Онгоц татан гаргахдаа ашиглаж байгаа юм билээ. Гэхдээ байлдааны танк ашиглаж байгаа гэдэг нь нууц гэсэн. Гэрээсээ гарч, орж болохгүй болохоор үнэхээр хэцүү байна. Энэ байдал хэдий хэр хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна” гэв.

Хатгал сумын ЗДТГ-ын даргаН.САЙНБАЯР: "Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах үйл ажиллагаанд би оролцож байгаа нь үнэн

        Тус үйл ажиллагаанд Хатгал сумын ЗДТГ-ын дарга н.Сайнбаяр оролцож, ахалж байгаа аж. Бид түүнтэй холбогдож, мэдээлэл авах гэсэн боловч татгалзав. Тэрбээр “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах үйл ажиллагаанд би оролцож байгаа нь үнэн. Гэхдээ бидэнд нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх эрх байхгүй. Албаны хүмүүс өгөх ёстой. Онцгой байдлын ерөнхий газраас асуугаарай. Онгоц татан гаргах хугацаанд иргэдийг гэрээсээ гарч болохгүй гэсэн чиглэл өгөөгүй. Аюулгүй ажиллагааны үндсэн дээр тэр хэсгийн айлын хүмүүсийг л гарахгүй байгаарай гэсэн. Бид уг үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийгээд хамтран ажиллаж байгаа. Онгоцыг татаж гаргаж дуусаагүй байна” гэлээ.



Холбоотой мэдээ