Улс даяар тариур, шингэний ХОМСДОЛД орлоо
Нийгэм100 граммтай натри байгаа юу?
-Байхгүй. Аль эрт тасарсан...
БНХАУ хилээ хааснаас хойш 11 дэх өдөр өнөөдөр таарч байна. Эрээний хил хаагдсанаас хойш Монголд нарийн ногоо, жимс байхгүй болсонтой адил. Гэтэл одоо бүр эм, эмчилгээний хэрэгслийн хомсдолд орж эхэлжээ.
Манай улс нэг удаагийн тариур, маск, бээлий гээд ихэнх эмнэлгийн хэрэгсэл, бүтээгдэхүүнээ гаднаас захиалдаг. Нэг удаагийн тариур, натри хлорид тасарсан гэх хариултыг хэд хэдэн эм ханган нийлүүлэх төв болоод эмийн сангийнхан өгч байна.
Бидний орсон эм ханган нийлүүлэх төв болон эмийн сангуудын ганцад нь ч дусалын шингэн, бэлдмэл байсангүй...
НЭГ УДААГИЙН ТАРИУР, ДУСЛЫН ШИНГЭН ТАСАРЧЭЭ
“ФАРМ ТРЕЙД” ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА
Эхлээд “Фарм трейд” эм ханган нийлүүлэх төвд очлоо. Эмийн агуулахад дээр дээрээс нь давхарлан өрсөн олон хайрцаг харагдав. Хилийн боомт хааснаас үүдэн эмнэлгийн хэрэгсэл тасарч байгаа эсэхийг эм зүйчээс тодруулахад “Ер нь урд хөршөөс ирдэг бүх бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдсан. Одоогийн байдлаар огт байхгүй болсон, нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл гэвэл дуслын систем, нэг удаагийн тариур байна. Манайх ихэнх бүтээгдэхүүнээ Хятадаас захиалж авдаг. Эрээний хилээр дамжиж орж ирдэг гэсэн үг. Гэтэл хил хааснаас болоод тээвэр хилийн цаана гацчихсан.
Манай улс дотооддоо шингэн үйлдвэрлэдэг. Гэхдээ шингэнийг хийх уут, түүхий эдийг Хятадаас авчирдаг. Тиймээс бүх төрлийн дуслын шингэний үйлдвэрлэл ерөнхийдөө тасарчихсан байгаа. Шингэн нь байлаа гэхэд савлах хэрэгсэл байхгүй болсон. Улсаас эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирэх тал дээр ямар нэгэн арга хэмжээ, зохицуулалт хийх байх гэж хүлээж сууна” гэлээ.
НӨӨЦӨӨ ШАВХААД СҮҮЛИЙНХЭЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТҮГЭЭЖ БАЙНА
“АЮУР ТУН” ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ ТӨВ
"Аюур тун" эм ханган нийлүүлэх төвийн эм зүйч Б.Шагдарсүрэн "Нэг удаагийн тариур, шингэн есөн сарын сүүлээс тасарсан. Миний мэдэж байгаагаар “Энхийн шүүдэр” ХХК дотооддоо шингэн үйлдвэрлэдэг. Тус компаниас тодруулахад материал нь тасарчихсан гэсэн хариулт өгч байсан. Бид байгаа нөөцөө шавхаад, сүүлийнхээ бүтээгдэхүүнийг түгээж байна. Эм гэхээс илүүтэйгээр тариур, систем тасарсан. Манайх 10 орчим байгууллагад эм түгээдэг. Урдаас оруулж ирдэг бараа бүх бараа, бүтээгдэхүүнээ татаж авч чадахгүй л байна. Холбогдох байгууллагуудаас бидэнд "Засгийн газартай ярилцаж байгаа" гэх мэдээлэл өгсөн. Зөвхөн Эрээн гэхгүйгээр хэд хэдэн улсаас нэн шаардлагатай эм, бүтээгдэхүүнээ татаж авахаар судалж байгаа юм билээ" гэсэн мэдээлэл хуваалцав.
ХИЛ ХААГДСАНААС ХОЙШ ЭМИЙН ҮНЭ 1000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
“ЭНТО” ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА
"Энто"-гийн хаалгаар ороход нэгэн эмэгтэй эм зүйчээс “0,9 хувьтай натри байгаа юу” гэж итгэлгүйхэн асуув. Энд бас л алга...
Эм зүйчид мөн бид ялгаагүй дээрх асуултуудыг тавив.
Харин тэр "Хүмүүсийн асууж байгаа эмүүд ихэнх нь байхгүй байна. Ихэвчлэн дуслын шингэн, дуслын систем асууж байна. Гэвч аль аль нь алга. Натри хлорид, рингер гээд бүх төрлийн шингэн тасарсан. Мөн нэг удаагийн тариур тасалдсан. Хил хаагдсанаас хойш маш хүнд байдалтай байна. Манайх ойролцоогоор 200 гаруй эмийн санд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Тэгэхээр бидний эм нийлүүлдэг эмийн сангуудад бүгдэд нь байхгүй гэсэн үг. Харин нэг удаагийн маск, бээлийний нөөцийн тухайд хангалттай бий. Эм, тарианы үнэ хил хаагдсанаас хойш нэмэгдсээр байна. Ерөнхийдөө ихэнх эм дунжаар 1000 төгрөгөөр нэмэгдсэн" гэсэн мэдээлэл өглөө. Бодит байдал бүх эмийн сангуудад ийм байгаа бололтой.
"БАЙНГА УУДАГ ХОДООДНЫ ЭМЭЭ АВАХ ГЭТЭЛ ОЛДОХГҮЙ БАЙНА"
“МОНОС” ЭМИЙН САН
Тус эмийн сангийн ажилтан "Одоогийн байдлаар эмийн хомсдолд ороогүй байна. Гэхдээ хил хаагдсан учраас эмийн хангамж багассан. Бүх төрлийн шингэн үйлдвэрээсээ тасарчихсан учраас хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Зөвхөн эмнэлгийн хэрэгцээгээ л хангаж байгаа гэсэн. Тариур тасарсан байсан. Одоо ирж байгаа сурагтай.
Манай улсад натрийн шингэн үйлдвэрлэдэг гурван үйлдвэр байдаг. Гэтэл тэд маань үйлдвэрлэлээ явуулахад бас л гаднаас шаардлагатай зүйлсээ татдаг.
Ковидын эмчилгээнд гэхэд л антибиотикийг натритай хольж хийдэг. Ийм үед дуслын шингэний хомсдолд орвол хүндхэн байдалтай болно" гэлээ.
Энэ үед "Монос" эмийн сангаас эм авахаар ирээд байсан нэгэн иргэн “Хэд хэдэн эмийн сангаар орлоо. Эм тасалдсан байна. Миний ходоод өвддөг юм. Тиймээс байнга уудаг ходоодны эмээ авах гээд олж чадахгүй байна” гэлээ.
Урд хөрш хилээ хааснаас хойшхи 10 дахь хоног дээр Монгол Улс ийн эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдолд ороход ойртож ирээд байна.
ӨВӨР МОНГОЛД 16 ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ, ХӨЛ ХОРИОГ ЧАНГАТГАЛАА
Өчигдөр буюу аравдугаар сарын 25-ны даваа гарагт эх газрын Хятадад ковидын дотоодын шинэ халдвар 29 бүртгэгдсэнийг БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос мэдээлээд байна.
Шинээр илэрсэн 29 тохиолдлын 19 нь Өвөр Монголд, 6 нь Ганьсу муж, Бээжин, Ниншя - Хотонгийн өөртөө засах оронд тус бүр 3, Шаньдунд 1 тохиолдол бүртгэгджээ. Мөн гадаадын халдвар 14 илэрсэн байна.
БНХАУ-ын Эрээн хотод халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор хөл хорио тогтоож, аравдугаар сарын 15-нөөс Замын-Үүд, Эрээний боомтыг түр хаагаад байгаа билээ.
БНХАУ-д халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэлтэй холбогдож, цаг үеийн нөхцөл байдлыг тодруулахад "Энэ сарын 15-наас эхлэн Эрээнд хөл хорио тогтоосон. 2021.10.24-нөөс эхлэн бүр ч хатуу хөл хорио тогтоолоо. Хөл хорионы эхэн үед хүнсний дэлгүүр рүү залгаад, хүнсээ захиалаад авч болдог байсан бол өчигдрөөс хатуу хөл хорио тогтоосон. Бид цаашид уух ус ч үгүй болж мэдэхээр байна. Хөл хориог хэзээ цуцлах талаар одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Эрээн хотын онцгой комисс ч албан ёсоор тогтоосон хугацаа байхгүй. Хөл хориог халдваргүй болсон өдрөөс хойш 14 хоногийн дараа цуцална. Өнөөдрийг хүртэл халдвар нэмж бүртгэгдсээр байгаа нь тархалт хумигдах болоогүй байгааг харуулж байна. Урьдчилсан таамгаар бол БНХАУ-д дотоодын баяр тохиож, хот хоорондын хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор халдвар тархсан байж болзошгүй гэж үзэж байна. Халдварын шинжилгээг шаардлагатай бүсэд өдөр бүр хийж байгаа. Бүх нийтийн шинжилгээг бол дөрөв хоногт нэг удаа авч байгаа” гэсэн хариулт өгсөн юм.