Барилгын компаниудад шаардлага хүргүүлж, түр хашааг татуулахаар болов
НийгэмСүхбаатар дүүргийн хоёр, зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй барилгын хашааг явган хүний зорчих хэсэг рүү хэтрүүлэн барьж, нийтийн эрх ашигт харшилсан үйлдэл гаргасан тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас барилгын “Талын Шонхор” ХХК, “Билгүүн Монгол Констракшн” ХХК-д хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг өнөөдөр хүргүүллээ.
“Билгүүн Монгол Констракшн” ХХК нь барилгын түр хашааг эзэмшил газраасаа 3-4 метр хэтрүүлж барьсан бол “Талын Шонхор” ХХК нь барилгын суурийн нүхийг хашаатай тулган ухсан байна. Эдгээр компани барилгын түр хашааг эзэмшил газраасаа хэтрүүлэн барьсны сацуу явган хүний зам эвдэх зэргээр нийтийн эрх ашигт харшилсан үйлдэл гаргажээ. Хот байгуулалт, хөгжлийн газраас аравдугаар сарын 27-нд “Билгүүн Монгол Констракшн” ХХК-д 24 цагийн хугацаатай шаардах хуудас хүргүүлсэн. Харин өнөөдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дахин шаардах хуудас өглөө.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Сүхбаатар дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Г.Шүхэрт “Төрийн захиргааны байгууллагаас газрын гэрээнд заасан шаардах хуудас хүргүүлснийг биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна. Эдгээр компани явган зорчигчийн чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж, зам хаасан зөрчилтэй байна” гэв.
Хэрвээ шаардлагад заасан хугацаанд зөрчлийг арилгахгүй бол газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна гэдгийг холбогдох мэргэжилтнүүд санууллаа.