Б.Энхбаяр: Иргэдээ үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдан хорихгүй байх бодлогоо Монголын төр зарласан

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-11-03 00:20:16

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо 2021 оны 11-р сарын 2-нд хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэсэн заалтын хэрэгжилтийг хэлэлцлээ.


Мөн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцсэн юм. Ауралдаанд Хүний эрхийн үндэсний комисс, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, “Эмнести интернэшнл” төрийн бус байгууллагын удирдлагууд оролцлоо.


Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир хийсэн мэдээлэлдээ, өндөржүүлсэн болон бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед жагсаал, цуглаан зохион байгуулах талаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, бүртгээгүй гээд хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулсан иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлд зааснаар арга хэмжээ авсан талаар танилцуулав. Тэрбээр мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд зарим улс төрийн нам, эвсэл, иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллага, иргэнээс улсын хэмжээнд 451 жагсаал, цуглаан, 12 удаа суулт, өлсгөлөн зохион байгуулсныг дурьдлаа.


Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нар үзэл бодлоо илэрхийлж, жагсаал, цуглаан хийхэд цагдаагийн байгууллагаас зөвшөөрөлгүй, бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан гэх үндэслэлээр тэдэнд шаардлага хүргүүлсэн.  Улмаар цар тахлын үед хэрэгжүүлж буй хууль, дүрмийг зөрчиж, зөвшөөрөлгүй олон нийтийг цуглуулсан гэх шалтгаанаар байцаалт мэдүүлэг авахаар түр саатуулсан, цагдан хорьсонтой холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссоос авч хэрэгжүүлсэн ажиллагааны талаар болон иргэн С.Жавхлан улс төрийн суулт зохион байгуулж байгаад эмнэлгийн тусламж авч, суултаа зогсоосон явдалд анхаарал хандуулан ажиллаж буй талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар Комиссын санал, байр суурийг мөн илэрхийлэв.


Албан тушаалтнуудын мэдээлэл, танилцуулгыг сонссоноор УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ж.Сүхбаатар, Н.Учрал, С.Одонтуяа, Д.Ганбат, Ц.Сандаг-Очир, Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг жагссан гэж хорьсон уу, гэмт хэрэг үйлдсэн гэж хорьсон уу, ямар үндэслэлээр хорьсон бэ гэдгийг прокурорын байгууллагаас тодруулав. Мөн “No naadam” жагсаалыг гадны санхүүжилтээр хийсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явсан нь бодитой юу гэдгийг цагдаагийн байгууллагаас, хорих ял эдлүүлэх байр руу дайрч орж, хоригдож буй хүнийг булаан авсан явдал үнэхээр болсон уу гэдгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тус тус тодрууллаа.


Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат иргэн Э.Одбаяр цагдаагийн байгууллагын шаардлага эсэргүүцсэн үйлдэлд өмнө нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгаж байсан тул хойшлуулшгүй арга хэмжээ авч цагдан хорьсон талаар хариулсан бол Хүний эрхийн үндэсний комиссоос хариулт өгөхдөө иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг цагдан хорьсон үйл явцтай холбогдуулж жагсаал, цуглаан хийх эрхийг тогтолцоогоор нь хамгаалах талаар саналаа хэлэв. Мөн жагсаал, цуглаан зохион байгуулсан иргэдийг хууль зүйн туслалцаа авах боломжоор хангах асуудалд цагдаагийн байгууллагаас мэдээлэл авах шаардлагатай байгаа талаараа хэллээ.


Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир зөвшөөрөлгүй жагсаал цуглааныг тухайн иргэд идэвхтэй явуулсан. Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх нэрийдлээр хууль бус жагсаал, цуглаанд бусдыг уриалсан, бусдыг гутаан доромжилсон, цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлэхээс татгалзсан зэрэг үндэслэлээр тэднийг цагдан хорьсон. Цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд ажилласан. “No naadam” жагсаалтай холбоотой ямар нэг хэрэг, зөрчил шалгагдаагүй гэсэн хариулт өгсөн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэн Д.Монголхүүг цагдан хорих байрнаас бусдад булаалгасан гэх асуудалтай холбогдуулж болсон явдлын талаар хариуллаа.  


УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар болж байгаа процесс улс төрийн шинжтэй боловч тайван жагсаал, цуглаан. Тайван жагсаал, цуглааныг хийхтэй холбогдуулж цагдаа, прокурорын байгууллага албан хаагчдадаа сургалт авдаг уу гэдгийг тодруулахын зэрэгцээ тайван жагсаал, цуглаан хийж байхад нь баривчлаад байх шаардлагатай юу, улс төрийн болон Үндсэн хуульд заасан эрхээ эдлээд явж байхад шаардлага биелүүлэхгүй байна гээд хориод байж болох уу гэдгийг тодруулж хариулт авав. Энэ асуултад цагдаа болон прокурорын байгууллагаас албан хаагчдадаа харьцаа, хандлагын болон хүний эрхийн талаар Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч сургалт байнга ордог талаар хариулав.


УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн асуултад хариулахдаа “Эмнести интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Алтантуяа хүний эрхийн талаарх цаг үеийн асуудалд хууль тогтоох байгууллагаас анхаарч байгаад талархал илэрхийлээд Засаг дарга цар тахалтай холбоотой гэдгээр жагсаал, цуглаан хийх хүсэлтийг хүлээн аваагүй хэрнээ бүртгэхээс татгалзаж буй нь цаанаа олон асуудал дагуулж, иргэдийг Зөрчлийн хуулиар торгох үндэслэл болж буй талаар тайлбар, мэдээлэл хэллээ.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ш.Адьшаа, Д.Ганбат, Н.Алтанхуяг, Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр нар байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг тодорхой хэмжээнд сайжруулах шаардлага байгаа талаар болон тайван жагсаал, цуглаан хийж буй иргэдийг хамгаалах, тайван замаар тухайн жагсаал, цуглааныг явуулах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар саналаа хэлэв. Улсын Их Гишүүд Double standart-ыг хэрэгжүүлэх буюу эрх мэдэлтэн, иргэдэд адил тэгш хандах, харилцаа хандлага үзүүлэх, шаардлага тавих, жагсаал, цуглааныг зөвшөөрдөг Засаг дарга улс төрийн өнцгөөс шийдвэр гаргах магадлалтай учир энэ зохицуулалтыг өөрчлөх зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.


Төгсгөлд нь Хүний эрхийн дэд хорооны дарга,УИХын гишүүн Б.Энхбаяр, "Хүний эрхийн асуудлаар Монголын төр нэг л нүүртэй байх ёстой, хэнийг ч ялгаварладаггүй байх ёстой. Иргэдээ итгэл үнэмшилтэй байсны төлөө, үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдан хорихгүй байх бодлогоо Монголын төр зарласан. Итгэл үнэмшлийг цагдан хорихгүй гээд төрийн бодлого тодорхой байхад торгох ял авах хүнийг цагдан хорьдог байж таарахгүй. Хэрэг шалгах ажиллагааны зарчимд нийцэх үү гэдгийг бодоорой" хэмээгээд үний эрхийн дэд хороо хүний эрхийн асуудлаар хуралдах нь хэзээд нээлттэй гэсэн байр суурийг илэрхийлснээр дэд хорооны хуралдааныг өндөрлүүлэв.

Холбоотой мэдээ