АР МОНГОЛД САНАЛ АСУУЛГА ЯВУУЛСНЫ ДАРАА ХЯТАД ДАЯАР ШОКОНД ОРЖЭЭ
НийгэмМанай иргэд ЗХУ-ын удирдагч И.В.Сталин Ялтын бага хурлаар том гүрнүүдтэй тохироод л Ар Монголыг тусгаар тогтнуулсан гэж боддог нь том эндүүрэл болохыг нэгэн түүх харуулдаг. Асуудал огт тийм биш байжээ. Энэ хэрэг зөвхөн И.В.Сталинаас биш, харин Ар Монголын удирдагчид болон жирийн ард түмнээс нь ихээхэн хамаарахаар байв. И.В.Сталин БНМАУ-ын “статус кво”-г л их гүрнүүдээр зөвшөөрүүлсэн болохоос яг ч Монголын “тусгаар тогтнолыг” зөвшөөрүүлж чадсангүй. Ингээд ЗХУ-Хятадын хооронд олон хоног сунжирсан хэлэлцээр болж, Ар Монголын тусгаар тогтнолыг Хятад санал асуулгаар шийдье гэж арайхийн зөвшөөрчээ.Хэдийгээр И.В.Сталин Монголын тусгаар тогтнолыг Хятадаар зөвшөөрүүлж чадаагүй ч, ямар ч байсан санал асуулга явуулахаар болсон байна. Гэвч БНМАУ-ын удирдагчдын хувьд байдал нэлээд түгшүүртэй болов. Энэ санал асуулга монголчуудад ч, хятадуудад ч асар чухал байжээ. Учир нь Зөвлөлт Ар Монголыг тусгаар тогтнолыг Хятадаар зөвшөөрүүлээгүй, асуудлыг яг таг шийдээгүй, харин санал асуулга явуулж, дүн нь ямар гарахаас хамаарч Монголын хувь заяаг шийдэхээр болсон тул Хятадууд ч Монголыг өөртөө үлдээнэ гэсэн найдлагатай байжээ.Ингээд 1945 оны 10 сард Ар Монголын санал асуулгыг ажиглахаар Хятадын Засгийн газрын төлөөлөгч Ли Фа жан гэгчээр толгойлуулсан 12 хүнтэй баг Ар Монголд ирж, Улаанбаатар хотын 3,5,8-р хороо, Төв аймгийн Лүн сумын 1-р багт санал хураалтын явцыг ажиглажээ. Гэвч Ар Монголын нөхцөл байдлыг Өвөр Монголтой адилтган андуурсан нь Хятадуудын том алдаа болов. Учир нь Ар Монголчууд 100% тусгаар тогтнолын төлөө санал өгсөн юм.Тэгвэл, Монголын XX зууны эхэн үеийн түүхийн “амьд архив” болсон академич Б.Ширэндэв тэрхүү санал асуулга болон Хятадуудын талаар их сонин түүх ярьсан байдаг. Тэрээр:”Тусгаар тогтнолын санал асуулга болохын өмнөхөн Хятадаас нэг том сайд нь /сайдын нэрийг тодорхой хэлж байсан/ гурван вагон бэлэгтэй Улаанбаатарт буусан юм. Тэд үндсэндээ ТТ-ын санал асуулгын дүнгээр Ар Монголчууд Дундад улстай нэгдэнэ гэдэгт маш итгэлтэй байсан. Тэгээд хятадуудын хувьд маш том энэ түүхэн үйл явдлыг тэмдэглэж Улаанбаатарт хөлтэй найр хурим хийх, Ар Монголын ЗАРИМ /зарим гэдгийг зориуд онцолж хэлж байв/ том хүмүүст их хэмжээний бэлэг өгөх төлөвлөгөөтэй байж. Тэгтэл ТТ-ын санал асуулгын дүн тэдний бодож байснаас таг эсрэг гарсанд бүр шоконд ороод, 3 вагон бэлгээ лацтай чигт нь буцааж аваад явсан даа… Зөвхөн Улаанбаатарт ирсэн Хятадын төлөөлөгчид төдийгүй хятад даяараа шоконд орж байсан үе байлаа… Харин бид энд Монгол даяараа хөл газарт хүрэхгүй баярлан хөөрч байв. Би тэгэхэд тэр ТТ-ын санал хураах комиссын Нарийн бичгийн даргаар ажиллаж байв…” гэж ярьжээ.