БУЯН ЖАГАА: “Монголыг эзлэе гэвэл махных нь зах зээлийг эзэлж авах ёстой.”

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-11-07 04:18:52

Монгол улс түүхэндээ хэзээ ч өнөөгийнх шиг 70-80 сая малтай байж үзээгүй гэж яригддаг. Мал сүрэг нь газар нутагтаа багтахаа байгаад, бэлчээрээ булаацалдсан малчдын хэрүүл тэмцэл тасрахаа байсан. Бэлчээрийн даац хэтэрснээс болоод цөлжилт зэрэг олон сөрөг үр дагавар гарч ирэх болсон.

Ердөө 30 жилийн өмнө бид 20 гаруйхан сая толгой малтай мөртлөө 2 сая ард түмнээ хямд махаар хангаад Гадагшаа олон сая мал экспортолж чаддаг байсан. Тэр үетэй харьцуулахад өнөөдөр мал махны экспорт эрс буурсан гэж яригддаг. Байдал ийм байхад энгийн логикоор бодоход Монгол хүн Дэлхийд хамгийн хямдхан мах идэх ёстой баймаар.

Гэтэл ковидээс болж ажилгүй орлогогүй болсон Монголчууд өнөөдөр барууны баян өндөр хөгжилтэй орнуудаас ч өндөр үнээр махаа худалдаж авч байна. Үүний шалтгаан юу вэ? Хэн буруутай вэ?

Үүний шалтгааныг ойлгохын тулд 2 жилийн өмнө Буянгийн хэмээн олонд танигдсан Жаргалсайханы 25-р суваг телевизийн Ам Нээвэл ярилцлагад орох үедээ хэлсэн үгсийг эргэн саная. Хэдийгээр 2 жил болсон ч одоо ч зах зээл дээр нөхцөл байдал хэвээрээ байгаа тул түүний үгс үнэ цэнээ алдаагүй гэдгийг уншигч та үгүйсгэхгүй болов уу.

Жаргалсайхан

– Махны квот гэж байсан. Улаан гэж нэг сайд байсан даа. Тэр квотыг чинь бүгдийг нь зарсан юм билээ. Өндөр үнээр. Дээр нь махны үйлдвэр барих тусгай эрхийн зөвшөөрлүүдийг бүгдийг нь Хятадуудад зарсан байна.

Сэтгүүлч

-Яагаад заавал Хятадуудад гэж? Монголчууд өөрсдөө сонирхдоггүй байсан юм уу?

Жаргалсайхан:

–Би яаж мэдэх юм бэ? Та нар сэтгүүлч нар байж өөрсдөө очоод асуу л даа. Би заавал та нарын өмнөөс асууж өгөх ёстой юу? Тэгээд Хятадуудад зарчихаж. Энүүхэн 22-ын товчоо гараад л баахан махны үйлдвэрүүд. Зүгээр л жижигхэн жижигхэн цехүүд. Малыг үйлдвэрийн аргаар биш хуучин гар аргаар нядлаад л… Өвчихдөө хамаг арьсыг нь зүсээд зүсээд хаячихдаг.

Тэр олон малыг бушуухан өвчих л гэж тэр шүү дээ. Тэгээд зүсээд хаячихдаг болохоор арьс нь үйлдвэрт хэрэг болдоггүй хаяхаас аргагүй болдог. Ойлгож байна уу? Энэ юу болоод байнаа. Монголыг эзлэе гэвэл 2-3 юмыг эзлэх ёстой байдаг.

1-т. Монгол хүн махгүй байж чаддаггүй. Тийм учраас юуны өмнө махных нь зах зээлийг эзэлж авах ёстой. Тэгэх л гэж жижиг жижиг махны цехүүд бариад манай махны зах зээлийг эзлээд авчихсан. Махны нөөцийг нь ингээд эзлээд авчихаар хэн махны үнийг тогтоох вэ?

Хятад хүн тогтооно. Махны нөөц өнөөдөр хэнд байна? Хятадуудад байна. Тэр нөөцөөс нь авч зарж байгаа байхгүй юу.

Сэтгүүлч

–Улс мөнгө гаргаад мах нөөцлөөд байдаг шүү дээ. Тэр юу юм бэ?

Жаргалсайхан

–Тийм юм байхгүэй. За бид ингээд махаа өгчихлөө шүү дээ. За бас ноолуур байна. Ноолуурын ченжүүд гэдэг маань бүгдээрээ хятадын тагнуул, гар хөл бологч нар. Бүгдийг нь урагшаа зөөж байна. Одоо тэгээд бид яах юм бэ?

Би ингэж боддог. Нэг, хоёр лиценз хүчингүй болох энэ тэрээр хөөцөлдөөд байх хэрэггүй. Наадах чинь кадастрын албаны даргын хийчих ажил. Тэрүүгээр Хүрэлсүх рекламдаад, попроод байх шаардлагагүй.

Засгийн газар, нөхөр Хүрэлсүхийн хийх ажил гэвэл одоо “Энэ аж үйлдвэрээ яаж босгох вэ? Энэ ажилгүйдлийг яаж шийдэх юм? Энэ ядуурлыг яах юм? Энэ Улаанбаатар хотын түгжрэлийг яах юм. Хөдөө орон нутаг чинь эзэнгүй болох гэж байна. Удахгүй мал малладаг хүнгүй болох гэж байна.

Үүнийг яаж шийдэх вэ?” гэх мэт ийм л асуудлууд дээр Занданшатар, Хүрэлсүх 2 ажиллах ёстой шүү дээ. Тэрнээс биш нөгөө хэнээс ч гэлээ ганц лиценз хүчингүй болгочихсоныгоо нэг их гавьяа байгуулчихсан юм шиг яриад байх шаардлагагүй.

Би хүртэл нэг муу үйлдвэр худалдааны сайд хийж байхдаа 9500 лиценз байсныг 3500 болтол буулгасан шүү дээ. Зүгээр л салбарын сайддаа үүрэг өгөөд , тэр сайд нь л хийчих ажил шүү дээ.

Хүрэлсүх, Занданшатар 2-ын жинхэнэ хийх ёстой ажил бол миний яриад байгаа зүйлүүд шүү. Энэ сайд дарга нар өдөрт 16 цаг ажиллах хэрэгтэй. Энэ улс орон мөхөж сүйрэх гэж байхад 16 цаг ч багадна. Ер нь дарга хийнэ гэж бусдын үгийг л сонсохыг хэлдэг.

Тэгж л ажиллаж чадвал зөв ажиллаж чадна гэсэн үг. Занданшатар, Хүрлсүхтэргүүтэй МАН-ын дарга нар сайд дарга болоод, тусгай харуул хамгаалалтанд орчихоороо өөрсдийгөө их агуу гэж бодож явдаг байх. Хэзээ та нар агуу болох вэ, гэвэл хэзээ ард түмний амьдралыг өөд нь татаж чадна, тэгсэн цагт л та нар түүхэнд

“Агуу их удирдагч Хүрэлсүх”,

“Агуу их Их Хурлын дарга Занданшатар”

гэж бичигдэнэ. Тэгж чадахгүй бол та 2 наад суудалдаа удаан сууж чадахгүй. Албан тушаалдаа битгий согтуур, битгий биеэ тоо. Наад албан тушаалыг чинь ард түмэн та нарт энэ улс орныг өөд нь татуулах гэж түр өгсөн юм. Тэрнээс биш та нарыг хаан болгосон хэрэг биш.



Холбоотой мэдээ