ЭМҮЖИН: Цогтгэрэл нохойтов…

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-11-09 23:04:00

Монголчуудын мөрөөддөг АН уг нь талын хөх чоно юм. Монголын АН гэтэл хотын золбин болчихоод хороогоо самраад, ховдогоо урдаа тавиад, Женког хөмсгөө зангидангуут агшаад, одоо бүр Нямкаг увс хүнээ илгээнгүүт атираад байдаг болж дээ.

АН-д байгаа амтат зууш нь УИХ дахь 11 гишүүн нь. Тэдний дотор бизнесийн барьцаагүй, биеэр төлөх өргүй хүн байхгүйтэй адил. Бүгд ардаа ам ангайвал алуулах бизнестэй, урдаа уруул дордойвол уруулах эзэнтэй. Одонтуяа вакцин саатуулсан хэрэгтэй, нөхөр нь МАН-ынх, Ажнай Бат-Эрдэнийг улстөрч гэх үү, нүүрсчин гэх үү? Цаг хугацаа, үйл явдал шүүгээд өгнө дөө.

Одоо толгой гэдгэр үлдэж байгаа хүн нь нөгөө Ганбат л байх шиг байна. Бизнесийн барьцаа байхгүй, биеийн алдаа парламентад лав гаргаагүй, тиймдээ ч энэ нөхөр л зөрж дуугараад, сөрж гүйгээд, байр суурин дээрээ үлдчихээд сууж байна даа. Бодлого хөөгөөд Монголтой агаарын тээврээр холбогддог Солонгос, Туркийн элчин сайдуудтай уулзсан байх юм.

АН-ын бүлгийн хийх ажил чинь эндээс л эхлэх ёстой шүү дээ. Түүнийг Женкогийн хүн гэдэг боловч хаа очиж хамаагүй хол зөрж, бодлого ярьдаг ганц бондгор нь болоод тунаж үлдлээ. Бүлгээ энэ хүнээс булаах гээд бүдүүн зодоон хийгээд байгаагийн цаана Женкогийн үгээр явахаа больсон жинтэй өөрчлөлт харагдаж байна.

Алдарт АН-ынхан маань онц их хурал гэдэг юм хийлээ. Цогтгэрэл ч их гүйлээ. Нөгөө Дүнжингаравт баахан хүн цуглуулсантайгаа адил үйл ажиллагааг давтан явууллаа. Увсынхан голдуу цугларч, Алтанхуягийгаа агуу коммунизмаар алга ташин угтлаа. Бат-Үүл баривчлагдсан офицер шиг бантаад очлоо.

Элбэгдорж эвийг нь таарвал өөр рүүгээ эргүүлчих санаатай бусдын будаан дээр баахан шүлс үсэргэлээ. За тэгээд адаг сүүлд нь бизнесийн төмөр гинжээр Женкогийн хонгилд хориотой удаж байгаа Цогтгэрэл хоршиж явсан Тулгатынхаа ардуур биеэ үнэлээд, бэтгээ тэврээд дараагийн хямралдаа хөл тавьлаа даа.

Увсын фракцынхан АН-ыг мэдэлдээ үлдээх гэж үхэн зүтгэж, үүгээр нь дамжуулан Чойжилсүрэн, Дорлигжав, Алтанхуяг нарын увс хүмүүсийг Нямдоржийн сүүдэр дор бөөгнүүлэх гэж Оюун-Эрдэнэ овоохон чиглэл өглөө. Ард нь Женко аахиллаа. Гэвч АН-ын албан ёсны тамга тэмдэг нь С. Эрдэнэд байгаад байдаг. Эрдэнийг Манж аргаар хүүгээр нь барьцаалах гээд ч бүтдэггүй ээ.

АН-ын бас нэг дарга Тулгат энэ хурлыг үл тоож буйгаа илэрхийлчихээд байдаг. Энэ намд ер нь улс орны байдал ямар ч хамаа алга. УИХ дахь 11 суудлаа яаж арилжих уу, хэрхэн үнэд хүргэх үү гэсэн наймаа л ил тод яригдаж байна, харагдаж ч байна. Харсаар үзсээр байтал нэг талдаа нэгдэл эвлэрэл яриад гарч чадахгүй нь аль хэдийнэ тодорхой боллоо.

Тэртэй тэргүй таарахгүй юм чинь хуваагдъя, салъя гэхээр УИХ-д бүлэггүй болчих гээд байдаг. Ингээд манай яруу алдарт АН шонд өлгөөтэй, шоронд барьцаатай, шороонд ойрхон…Женкод гинжлээстэй, Эрдэнэд элэгдүүлээстэй, өдөр бүр тамирдаж, шөнө бүр араараа тавиулаад…ай хорвоо. Ядаж байхад Цогтгэрэл нь шалихгүй урваач.

Хоёулаа адилхан намын дарга сэтэр зүүгээд зүдэрч яваа юм байж Тулгатыгаа генсекээрээ барьж үлдсэн бол бас ч гэж АН-д сүүлчийн боломж тунаж ирэх байлаа. Хоёр залуу дарга хоршоод урагшилсан бол хошуу дүрдэг хөгшчүүд нь хэлэх үггүй үлдэх байв. Эвлэлдэн нэгдэхээс өөр гарцгүй гарцгаах байлаа.

Гэтэл яав? Хөтлөлцөөд нөхөн сонгуульд гүйж явсан Тулгатыгаа хөлөөрөө холдуулах гэж жинхэнэ нохойтов. За тэгээд жижиг хүний мэх жижиг л байдаг, анхнаасаа намын дүрмээ зөрчиж фэнгшүй Ганбааг сонгуульд нэр дэвшүүлнэ гээд шуурч явсан хүн шүү дээ. Цогтгэрэл АН-ыг том харж, том буурь засч чадахгүй л байна даа.

Увс хүрээнд, увс хүний зангаар жижиглэж хараад, жижиглэнгийн наймаа хийгээд байх юм. Энэ хүнд ер нь АН-ын хувь заяа хамаагүй, нам дамнасан хонгилын ах нарынх нь хожоо л чухал ажээ.

АН талын хөх чоно энэ тэр байж чадахгүй бол овчарк, за бүүр болохгүй бол хоточ банхар болоод өг дөө.

Үүргээ мартаж, үүрээ сэндийчсэн хаашаа юм бэ.


Холбоотой мэдээ