ТҮҮХЧ Д.ӨЛЗИЙБААТАР: Би хүний жудаг, ах захын ёсыг бодсондоо л чимээгүй байгаад байгаа шүү …

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-11-12 14:57:14

ТҮҮХЧ Д.ӨЛЗИЙБААТАР: НЭГЭН ЗҮЙЛ

Бүгдийн амгаланг айлтгая

Өчигдөр УИХ-ын Байнгын хорооны хурал дээр нэгэн эрхэм гишүүн “Хүрээ сайдын баримт худалдсан” гэх мэт зүйл ярив. Худал зүйлийг мянгантаа давтахад үнэн мэт болдог гэх үг биелэлээ олж буй нь энэ болтой. Би энэ сэдэвтэй холбогдуулж сонин хэвлэл болон сошиалаар тодорхой тайлбараа жилийн өмнө нэгэнт хийсэн.

Эрхэм гишүүний ойлгосноор Хүрээ сайдын баримтыг хятадуудад худалдаад тэрийг нь нөхдүүд ном болгон Конгрессын номын санд хүргүүлсэн нь ямар нэг хуулиар шийтгүүлэх асуудал болж буй аж. Үгүй юмаа. Архивын баримтыг “худалдах” гэдэг нэг өөр асуудал, хоёр улсын эрдэм шинжилгээний байгууллага хамтран ном эмхэтгэл хийх нь нэг өөр асуудал.

Намайг хэдэн нөхдийн яриад байдаг “баримт худалдсан” гэх асуудлаар хуулийн байгууллага шалгаад үгүй байнаа гэдгийг нь нэгэнт тогтоочихсон юм шүү дээ. Энэ тухай би өмнөх бичвэрүүддээ холбогдох шийдвэрүүдийг нь хүртэл тавиад зөндөө л бичсэн. Асуудал үүнд биш, архив түүхэндээ “чин зүрхнээсээ хайртай нэрт түүхчдийн эх оронч үйлдэл” ч бас биш гэдэг нь нэн ойлгомжтой байгаа юм.

1. Би хүний жудаг, ах захын ёсыг бодоод, мөн түүхчдийн эв эеийг хичээгээд хэдэн нөхдийн хэвлэлээр хийж буй элдэв ярианы эсрэг хэл үг хийхгүй байгаа л болохоос хийсэн буруу үйлдэлдээ бантаад, эсвэл хэл амтай хэдэн залуусаас айгаад дуугүй суугаад байгаа хэрэг бишээ.

Би сонин, сошиалаар гүйгээд хэвлэлийн хурал хийлгээд явбал явж чадах төдийгүй хийлгэх хүсэлтэй хэвлэл сонины газар ч байсан одоо ч байна. Гэхдээ би үүнийг хүсээгүй. Учир нь түүхчид бид нэг завин дээр сууж яваа улс. Хэдэн хүний хувийн харилцаанаас үүдэлтэй хэрүүлийг улам өдөөвөл хэтийн үйлд хортой хэрэг болно гэж л бодсоных.

Дээр нь хэл ам гарах үед холбогдох газруудад нь буюу ТЕГ, АТГ–т ахин шалгуулсан, учир тодорхой учир танд буруу байхгүй байнаа л гэсэн. Гэтэл залуус маань завин дээрээ гал тавиад байх. Чулуун түүхчийг буруушаан мууллаа гээд хэн юу хожив. За яахав Чулууныг сайдын суудлаас буулгалаа, нэр хүндийг нь нийгэмд гутаалаа энэ нь ялалт боллоо гэж бодож суугаа л байх.

Гэтэл энэ үйлдлийг хийсэн хэдэн нөхөд маань шуургатай өдөр нэгэн рүүгээ хувинтай ус цацаж байгаатай ялгаа юун. Хоёулаа л норно, норж ч байна. Нийтийн дунд “ээ энэ түүхчид ч дээ, эд ёстой эв нэгдэлгүй улс юмаа…” гэх мэт яриа хэл ихэд тархаж байгаа нь үүнийг нотолно.

Чулуунд алдаа оноо бий л байх. Алддаггүй эр, уйлдаггүй хүүхэн гэж байдаггүй гэсэн үгтэй. Гэхдээ эргэж уулзах нүүр эр хүмүүст байх л учиртай. Бүх юм ээлжтэй, цаг хугацаатай. Хонзогнолоо хойш тавибал яасан юм бэ нөхдөө.

2. Ноднин хэлсэнээ дахин нэг давтан дүү нарт хэлье. Та нар дөч гарч ид бүтээх тууривах насандаа очиж буй эрчүүд. Өмнө чинь олон олон жил та нарыг хүлээж байна. Энэ он жилүүдэд та нар хүссэн ч эс хүссэн ч “Монголын түүх судлал” гэдэг нэгэн том завин дээр хамт л сууж явцгаах улс.

Хэрүүл уруултай, эв түнжин муудсан удирдагчидтай, тавцан дээр нь гал утаа суунагласан хөлөг хэдий хэр хол явах вэ? Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэсэн үг бий дээ. Сохор нохой дүйвээнээр гэдэг шиг юмны голыг олохыг хүсдэггүй нөхөд хэрүүлийн галыг өрдөж нэгэн биеийн жижиг эрх ашгийг дунд нь хавчуулбал хөлгийн явах хурд саарч очих газар чинь улам л алсрана даа.

Түүхчид нэгнийгээ урвагч тагнуулаар нь дуудаж нэртэй нэргүй мэдээллээр гутаан доромжилж шоронд хориулж, ном бүтээлийг нь устгуулж ард олонд ад үзүүлж, алдар нэр амь биеэр нь хохироож байсан түүх энэ ХХ зуунд олонтой тохиосныг бид бүгд мэднэ. Одоо цагт эрх биш Монголын төр эрдэмтэдээ ном бүтээл хийсний төлөө шоронд хорьж шонд өлгөхгүй биз.

Мэргэн дүү нар гэгээн оюундаа алс хэтийн замаа сайтар тольдоно буй за.

3. Манай улсын Хүннүгээс эхлээд 1950 он хүртлэх түүхэн сурвалж, баримтын 80 хувь нь урд хөршийн архив, номын санд бий гэдгийг надаар хэлүүлэх юун. Гэтэл Хятадын эрдэм шинжилгээний байгууллагатай ажиллаа, тэдэнд түүхээ өглөө, хятадын эрдэмтэдтэй хамтарлаа гээд нэгнийгээ буруутгаад байх нь хэр зохистой бол.

Тэгж буруушааж буй хүмүүс хятадын архив, номын сан, хятадын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй цаашдаа хэрхэн хамтран ажиллах юм бэ? Тэд бидэнд нээлттэй хандахуу? За хэдэн нөхөд тийш зүглэдэггүй юм гэхэд гарч ирж буй шинэ залуу түүхчдийн алсын ажилд л нэлээд саад бий болох вий дээ.

Урд хөршийн архивт 1000 судлаач 100 жил суугаад дуусахгүй их баримт судлах эзнээ хүлээж буй гэж хятадын архивынхан ярьдаг. Нууц товчоо маань тэр дунд Монгол бичгээрээ байж байхыг ч үгүйсгэхгүй. Судлаачийн ажиллагааны үр дүн хамтын ажиллагаанаас нэн их шалтгаалдаг, бодолцож үзээрэй дүү нар.

4. Аль ч улсын архивын байгууллагын үйл ажиллагааны нэг гол зарчим, үүрэг нь сан хөмрөгтөө хадгалагдаж буй баримтыг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулж хэвлэн нийтлэж түгээн дэлгэрүүлэх явдал байдаг юм. Социализмын үеийн үзэл суртлаас үүдэлтэй хаалттай архив 1990 онд дэлхий даяраа нээлттэй болсон. Манайх ч мөн адил, хаалттай байснаа нээлттэй болгосон билээ.

Архивын тухай хуулиар 70 жилээс өмнөх бүх архивын баримт хэрэглэгдэхүүн олон нийтэд нээлттэй, нууцын зэрэглэлээс гарсан байдаг юм. Орчин үед энэ он цагийн хязгаарлалт улам бүр наашилсаар байна. Хүйтэн дайны үе буюу 1990 оноос өмнөх баримтуудыг ч нээлттэй болгож байна. Бид үүнээсээ ухрахгүй нь тодорхой.

Би архивын ажилтан байсан хүний хувьд үүнийг сайн мэднээ, архив нээлттэй байх нь мэдээллийн эрин зууны үед бүр ч их шаардлагатай. Хөгжсөн улсууд электрон архив байгуулж хүмүүст өргөнөөр ашиглуулж байна. Үүгээрээ Япон улсын архив алдартай, бид энэ жишиг рүү л явах ёстой.

Гэтэл архивын баримтаа ном эмхэтгэл болголоо гээд түүхчид нь хөлөө жийлцээд улс төрч нь Их хурал дээрээ “архив худалдсан” гээд хийрхээд сууж байгааг маань хараад гадныхан юу бодоод наг наг хийж суугаа бол. Би буруу зүйл хийгээгүй ээ, баримтаа худалдаж зараад хувьдаа мөнгө зоос аваагүй, хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд л баримтын эмхэтгэл хийсэн.

Манай улсын манжийн үеийн судлагааны одоо байгаа ганц тэргүүлэх эрдэмтэн академич А.Очир гуайн санал болгож биечлэн хөөцөлдсөнөөр БНХАУ-ын ШУА-ийн харьяа байгууллагатай хамтран ажиллаж Хүрээ сайдын хөмрөгийн 1 дүгээр дансны \энэ нь Манжийн үеийн баримтын 1 хувьд ч хүрэхгүй\ 140 000 гаруй тал хуудас хуулга дансны баримтаас сонголт хийж олон боть ном гаргасан билээ.

Нөхөд 640 000 хуудас гэсэн тоог онцлон фокуслаж сэвээд байгаа. Мөн ч олон хэллээ. Ийм хэмжээнд хийе гэвэл 5-6 жил 10-15 хүн өдөр бүр ажиллах шаардлагатай.

ДАХИН ХЭЛЬЕ, БИ БУРУУ ЗҮЙЛ ХИЙЖ ХУВИЙН АШИГ ЗАВШААН ХАЙГААГҮЙ. БИ УЛСАА БОЛОН ТҮҮХЭЭ ХУДАЛДААГҮЙ, ХУДАЛДАХЧГҮЙ.


Холбоотой мэдээ