Бритни Спирс 13 жилийн дараа асран хамгаалагчийн хяналтаас чөлөөлөгдөв

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-11-14 08:31:02

Баасан гарагт Лос Анжелес хотын шүүх 90-ээд оны поп од Бритни Спирсийн сүүлийн 13 жилийн турш асран хамгаалагчийн хяналт дор өнгөрүүлсэн амьдралыг дуусгавар болгох шийдвэр гаргажээ.

Одоо 39 настай дуучин бүсгүй 2008 оноос хойш төрсөн эцгийнхээ хатуу хараа хяналтын дор амьдарч эхэлсэн юм. Сэтгэцийн эрүүл мэнд нь доройтсоны улмаас бие даан шийдвэр гаргах чадамжгүй болсон хүмүүсийг асран хамгаалагчийн хяналтад шилжүүлдэг.

Бритни Спирст эрх чөлөө олгохыг шаардсан фэнүүд нь өчигдөр Лос Анжелесын шүүхийн байрны гадна цугларсан байжээ.

Бритнигийн аав Жэми Спирс охин нь амьдралаа өөрөө авч явах цаг болсныг хүлээн зөвшөөрсөн байна. Сэтгэл санааны болон санхүүгийн гүн хямралд орсон Бритнийг асран хамгаалах зайлшгүй шаардлагатай байсныг тэр өмнө нь хэлж байжээ.

Өнгөрсөн 13 жилийн хугацаанд Бритни санхүүгийн ямар ч эрх мэдэлгүй байж, хүүхдүүдтэйгээ уулзах, хүнтэй танилцах, гэрлэх зэрэг хувийн асуудлуудыг нь хүртэл аав нь зохицуулдаг байв.

Энэ оны зургаадугаар сард болсон шүүх хурлын үеэр Бритни эцгийнхээ хатуу хараа хяналтаас гарч, эрх чөлөөтэй амьдрах хүсэлтээ илэрхийлж байжээ.

Өчигдөр гарсан шүүхийн шийдвэрийн дагуу дуучин эмэгтэйн санхүүгийн зарим асуудлыг шийдэгдэж дуусах хүртэл хөрөнгө мөнгөний зарцуулалтыг хянах нягтлан бодогчийг томилохоор болсон байна.

Эх сурвалж: BBC


Холбоотой мэдээ