И.Юшков: Монголоор дайрах хийн арилжааны гэрээг ОХУ, БНХАУ байгуулаагүй байгаа

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-11-16 00:22:11

Хятад руу нийлүүлэх хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэр дээгүүр дайруулах боломжтой талаар олон жил ярьсны эцэст өнгөрсөн онд Монгол, Оросын тал энэ асуудал дээр урагшилж, хамтарсан компани байгуулсан юм. Улмаар 2024 он гэхэд хий дамжуулах хоолойг барьж эхлэнэ гэж өнгөрсөн долоо хоногт шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн нь Оросын хэвлэлүүдийн анхаарлыг ихээр татаж байна. Энэ удаад Взгляд сонин "Орос, Хятадын хооронд гэрээ байгуулаагүй байхад хийн хоолой барих боломжтой эсэх" асуудлыг хөндсөн нийтлэлийг товчлон хүргэж байна. 

"Сила Сибири"-ийн араас хоёр дахь, Монголоор дамжих Оросын хийн хоолой улам бүр тодорч харагдаж эхэллээ. Чиглэлийг тодорхойлж, техник эдийн засгийн үндэслэл бараг бэлэн болсон бол хоолойг барих хугацааг анх удаа зарлалаа. Гагцхүү Орос, Хятадын хоорондын худалдааны гэрээ гэсэн нэн чухал хэсэг дутуу байна. Энэ гэрээг хэзээ байгуулах вэ? 

Энэ хоолойг 960 км гаруй урттайгаар тавих чиглэлийг хэдийнэ тодорхойлсны дээр энэ оны эцэс гэхэд төслийн техник эдийн засгийн үндэслэл бэлэн болох нь. Үүний дараа инженер, техникчид хий дамжуулах хоолойн нарийн ширийн ажлыг хийнэ. Бэлтгэл ажилд хоёр жил орчмын хугацаа шаардагдах аж.

 Түүнчлэн, хий дамжуулах хоолой барьж эхлэх хугацааг анх удаа зарлав, 2024 онд барьж эхлэх гэнэ. Энэ талаар Монголын шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан өгүүлсэн юм. Хоолой барих ажилд дахин 4-5 жил шаардагдах бөгөөд өөрөөр хэлбэл 2028-2030 оноос наас хоолойгоор хий дамжихгүй нь.

Монголын сайдын өгүүлснээр, тариф, үнийн зохицуулалтын хэлэлцээрийг Орос, Монгол, Хятад гэсэн гурван тал хий дамжуулах хоолойг барьж эхэлсний дараа байгуулах гэнэ. Гэвч үүнд шинжээчид эргэлзэж байгаа юм.

 "Хий худалдах арилжааны гэрээ байгуулахаас өмнө хий дамжуулах хоолойг Газпром барина гэж байхгүй" хэмээн Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургууль, Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн шинжээч Игорь Юшков үзэж байна.

Учир нь жилд 50 тэрбум куб метр хийг хоолойгоор нийлүүлэх тухай ярьж байгаа. Энэ нь жилд 38 тэрбум кубметр хий нийлүүлэх боломжтой "Сила Сибири -1"-ийн хүчин чадлаас ч их юм. Одоо Хятад улс энэхүү хоолойгоор Орос улс дамжуулж чадах бүхий л хийг худалдан авч байгаа. Хятадын тал ашигтай нөхцлөөр гэрээ байгуулсан тул хямд үнээр хий авдаг юм. 

Гэхдээ өнгөрсөн онд байдал огт өөр байлаа. 2020 оны эхний хагас жилд Хятад улс дамжуулах хоолойгоор ирсэн Оросын хийг бараг л авдаггүй, голчлон байгалийн шингэрүүлсэн хий авдаг байв. Учир нь цар тахал болон хөл хорио дэлхий даяар газрын тосны төдийгүй хийн үнийг өсгөсөн байлаа. Газпромын гэрээн дээр Хятадад зориулсан үнэ спотын үнээс өндөр байв. Харин энэ онд өнгөрсөн оны газрын тосны хямд үнэ дээр суурилан хийн үнийг тогтоожээ. 

Монголоор дамжин хүрэх шинэ хий дамжуулах хоолой нь байгалийн шингэрүүлсэн хийнээс хамаарах хамаарлыг бууруулж, хямд үнэтэй хий авах боломжтой болно гэдгийг Хятадын тал сайтар ойлгож байгаа гэж шинжээчид үзэж байгаа юм. Эрчим хүчний нөөцийн эрэлт болон хэрэглээ Азид Хятадад төдийгүй Энэтхэг, бусад орнуудад ч нэмэгдсээр байгаа.

 "Өнөөгийн эрчим хүчний хямрал нь Оросоос хий авах хоёр дахь хоолойн гэрээг байгуулахад Хятадыг түлхэж байгаа бөгөөд учир нь энэ бол баталгаатай нийлүүлэлт, энэ хоолойгоор ирэх хий хаашаа ч урсаад явчихгүй, мөн өрсөлдөхүйц үнэ" хэмээн салбарын шинжээч өгүүлжээ.

Энэ хий дамжуулах хоолой нь Орост ч ашигтай. Нүүрс төрөгчөөс татгалзах, эрчим хүчний шилжилтийн хүрээнд Оросоын хийг худалдан авахаа багасгана гэж европчууд байнга о мэдэгдэж байгаа юм. Европ тив баруун Сибирийн орд газруудаас хий авдаг. Чухамхүү энэ Баруун Сибирийн хий нь Монголоор дамжин Хятад руу хүрэх "Сила-Сибири-2" шинэ хий дамжуулах хоолойн нөөцийн бааз болох юм. 

Харин хий дамжуулах төсөлд Монгол гарч ирсэн нь ямар учиртай вэ? Урьд нь гуравдагч орноор дайруулалгүйгээр "Алтай" хий дамжуулах хоолой байгуулах талаар яригдаж байсан шүү дээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Монголоор дамжуулан төслийг хэрэгжүүлэх нь хожоотой алхам гэнэ.

 "Хятад улс одоо маш хүчирхэг болсон тул транзит хоолойг ашиглан Монгол Улс Орос, Хятадыг сүрдүүлэхгүй л болов уу. Тиймээс хоёр оронд энэ транзит улс ашигтай" хэмээн Юшков үзэж байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн, Монголоор дайруулж байгаа нь эцсийн хэрэглэгчдэд хий хүргэх зайг багасгахын дээр Дундад Азийн хийтэй өрсөлдөх өрсөлдөөнийг үгүй болгож байгаа гэнэ. Гуравдагч орноор дайруулалгүйгээр Хятад руу шууд хий нийлүүлэхээр төлөвлөж байсан чиглэл нь Хятадын баруун хил рүү хүрэх байсан бөгөөд ингэсэн тохиолдолд хятадууд хүн амынх нь ихэнх хэсэг нь байрлах эрэг хүртлээ энэ хийг татах гээд ярвигтай ажил үүсэх байсныг шинжээч цохон тэмдэглэсэн байна. Мөн Хятадын баруун хил рүү Казахстан, Туркменистан, Узбекистаны хий нийлүүлэгддэг тул ихээхэн өрсөлдөөн үүсгэдэг байна.


Холбоотой мэдээ