Хилийн 00 цэгийг наашлуулж газар өгөхгүй бол ХИЛ НЭЭХГҮЙ гэжээ
НийгэмХятадын талаас боомтын асуудлаар “Түр цагийн журам” нэртэй төлөвлөгөөг Монгол Улсын талд танилцуулжээ. Улмаар саналыг нь хүлээж авахгүй бол ойрын таван сарын хугацаанд хил нээх боломжгүй болохыг анхааруулсан аж.
Мэдээллийг тодруулбал, Эрээн хотын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн дарга Цогзол яаралтай уулзах хүсэлт Монголын талд тавьжээ. Энэ дагуу 2021 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр уулзалт зохион байгуулсан талаар Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас мэдээллээ.
Уулзалтад Монгол Улсын талаар Эрээн хотод суугаа консул Т.Мөнхгэрэл, дэд консул Э.Түвшинбаяр, дэд консул Ж.Дашняам, Хятадын талаас Эрээн хотын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн дарга Цогзол, АЗГ-ын Гадаад харилцааны албаны дарга Нарсу, тасгийн дарга Ци Жуанжу, Боомтын захиргаа, худалдааны газрын дарга Мөнхөө нар оролцсон байна.
Уулзалтаар Хятадын тал хамгийн багадаа 20 хоногийн дараа хил хоорондын ачаа тээврийг эхлүүлэх тухай “Түр цагийн журам” нэртэй төлөвлөгөөг танилцуулжээ. Тухайн саналыг Монголын тал хүлээж авахгүй бол дараагийн шатны хэлэлцээ, холбогдох шатны байгууллагуудаас зөвшөөрөл авах зэргээр ойрын таван сарын хугацаанд хил нээх боломжгүйг анхааруулжээ. Улмаар Хятадын тал нэн даруй шийдвэрээ гаргаж, энэ даваа гарагийн /2021.11.15/ 12 цагаас өмнө хариу өгөхийг хүссэн байна.
ХЯТАДЫН ТАЛААС ТАВЬСАН ҮНДСЭН 4 САНАЛ:
1. Хятадын талын урьд нь тавьсан саналын дагуу хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэх ачих талбайг Хятадын хөрөнгө оруулалтаар байгуулж, өдөрт нэг талдаа 50 чингэлэг солилцох,
Чингэхдээ үдийн өмнө Хятадын талаас ачаатай чингэлгийг талбайд хүргэн, хоосон буцах,
Үдийн хойно Монголын тал мөн зарчмаар чингэлэг сольж, хүн хооронд харилцаа үүсгэхгүйгээр тээвэрлэх,
Явцаас хамаарч чингэлгийн тоог дэс дараатайгаар нэмэгдүүлэх
2. Чингэлэгт багтахгүй овор ихтэй ачааг хоёр талаас нэг стандартын тодорхой тооны машин гаргаж толгой солих байдлаар шийдвэрлэх. Ийм төрлийн ачаа харьцангуй цөөн бөгөөд энэ зохион байгуулалтыг хоёр талын Боомтын зөвлөл харилцан тохирч чингэлэг тээврийг түр зогсоон мөн дээрх зарчмаар хэрэгжүүлэх
3. Чингэлгийн түрээсийн зардал, дундын талбайн ариутгалыг Хятадын тал бүрэн хариуцах.
Монголын талын калмарыг Монгол тал өөрсдөө хариуцах, /Калмарыг Хятад талаас түрээслэх бол 1 жилийн түрээсийн төлбөр 800 мянган юань байна/
4. Эрээнд байгаа 31 жолоочийг хил нээсэн даруйд Монгол руу буцааж, Хятад талын тээврийн хятад жолоочоор хийлгэх.
Хятадын тал тэг цэг хүртэл тээвэр хийх жолооч нарыг сонгон шалгаруулж, 14 хоног тусгаарлалтад байлгасны дараа ажилд гаргана.
Түүнчлэн Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх шуурхай штабаас ойрын хугацаанд хотын хөл хэсэгчлэн сулруулахаар ажиллаж байгаа аж. Иймд дээрх аргаар боомтын ачаа тээврийг эхлүүлэх нь цар тахлаас урьдчилан сэргийлэх шаардлагад нийцсэн, хүн хоородын хавьтал үүсэхгүй, машины кабинаар халдвар тээгдэхгүй, кабинд хууль бусаар эд бараа тээвэрлэхгүй хамгийн боломжит хувилбар гэж үзжээ.