Д.Хаянхярваа авлига авснаа хүлээн зөвшөөрч, торгуулаад “салах” хувилбарыг сонгожээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-11-16 14:17:48

Өнгөрсөн сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн өрөөнд АТГ-аас прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж авсан.

Улмаар түүнийг 30 хоног цагдан хорьж шалгаж эхлээд буй. Тэгвэл Д.Хаянхярваа авлига өгснөө хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр хүсэлт гаргажээ.


Тэрбээр “Эрдэнэс монгол” компаниас тендер сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,


ажил үйлчилгээ худалдаж авах тухай хууль зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуй нэгжийг сонгон шалгаруулсан.

Улмаар давуу байдал бий болгосныхоо төлөө хахууль авсан байж болзошгүй хэргээр ийн шалгуулж эхэлсэн юм.


-2020 ОНД 31 АЛБАН ТУШААЛТАН ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРГЭЭ ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ- Манай улс Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэдэг болоод зургаан жил болж байна.

Тодруулбал, 2015 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа  эл заалтыг нэмж,хөнгөн ял оногдуулах, торгуулиа төлөх боломжийг олгох болсон юм.


Тухайн үед хялбаршуулсан журмыг ашигласнаар гэм буруугаа хүлээж, бусад холбогдогчдын талаар мэдүүлэг өгдөг, хэргийг хурдан шийдэх боломж олгодог гэсэн давуу талтай гэж үзсэн гэх.

Тэгвэл эл заалт улс орны эрх ашгийг уландаа гишгэж, авлигад идэгдсэн цагаан захтнуудад завшаан болж, авлигын хэргийг улам бүр өөгшүүлж буй дүр зураг харагдаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар авлигын хэргээр яллуулж буй албан тушаалтнуудын дийлэнх нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргах болжээ.

Нэгэн тоо баримт дурдахад, зөвхөн 2020 онд гэхэд авлига, албан тушаалын хэрэгт холбогдож,  яллах дүгнэлт үйлдүүлсэн нэг хуулийн этгээд, 31 албан тушаалтанд холбогдох 16 хэргийг шүүхээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл тэдний авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Гэхдээ тэд буруугаа хүлээж, улсад учруулсан хохирлоо төлсөн учраас торгох ял авах хүсэлтэй байгаагаа прокурорт уламжлаад, шүүх түүнийг нь хүлээж авсан гэсэн үг байх нь. Энэ бол аюул. – АВЛИГАЧИД “МӨСӨН УУЛ”-ЫН ОРОЙ ХЭСГИЙГ Л НӨХӨН ТӨЛЖ, ЯЛ ЗАВШИЖ БАЙНА- Хамгийн ойрын жишээ дурдахад, хоёр, гурван сарын өмнө албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль бусаар олсон хөрөнгөөр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр АТГ-т баривчлагдсан НЕПГ-ын прокурор асан Ш.Нямдорж хэргээ хүлээж,  хохирлоо нөхөн төлснөөр хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн. Өөрөөр хэлбэл эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн түүний хууль бусаар олсон их хэмжээний мөнгө буюу валют, төгрөг нийлсэн 200 сая төгрөгийг улсын орлого болгож хураав. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 14 сая төгрөгөөр торгох ял оноогоод шоронгоос тавьж явуулсан билээ. Ийнхүү АТГ, Засгийн газрын авлигын эсрэг их тэмцлийн үр дүн нь ердөө энэ.

Мөсөн уулын орой гэдэг шиг авсан нь нотлогдсон хахуулынхаа мөнгийг төлөөд, дээр нь хэдхэн саяар торгуулаад л дуусаа.

Цаана нь илрүүлээгүй, нотлоогүй, хэд, хэчнээн хахуулийн үйлдэл бийг, хэдэн сая, тэрбумаар хэмжигдэх хахууль авсныг хэн ч таашгүй.


Холбоотой мэдээ