М.Тулгат: Надад АН-ын дэд даргын албан тушаал сонин биш
Улс ТөрМ.Тулгат даргатай Ардчилсан намаас өнөөдөр (2021.11.18) долоо хоногийн ээлжит 4:11 цагаараа мэдээлэл хийж байна. Мөн ирэх сарын 6-нд тохиох Ардчиллын өдрийг тохиолдуулж "Хүний эрхийн үндэсний чуулган" зохион байгуулахаа мэдээллээ.
Ардчилсан намын дарга М.ТУЛГАТ:
-Арванхоёрдугаар сарын 6-наас 10-ны хооронд Хүний эрхийн үндэсний чуулган нэрийн дор анхдугаар чуулган зохион байгуулна. АН нийтдээ өнгөрсөн хугацаанд 20 гаруй бүсийн чуулган зохион байгуулсан. Энэ удаа хүний эрхийн хүрээнд ярилцана. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хүний эрхийн зөрчил гамшгийн хэмжээнд байсан. Эдийн засгийн буруу бодлогоос болж хувийн хэвшлүүд элгээрээ хэвтэж, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн он жилүүд боллоо. Орон нутаг, бүсээс гишүүд оролцоно. Хамтарч оролцох, эдийн засаг судалаачид, нийгмийн асуудалд санаа тавьж буй бүх хүнийг урьж байна.
АН-ын дотоодод ойлгомжгүй асуудал байгаа хэдий ч маш олон үнэт зүйлд хамтарч ажиллах талбар нээлттэй. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байна. Улс төрийн талбарт, иргэний нийгэмд байдаг, бүх хүнд энэхүү хурал нээлттэй.
Намын дэд даргаар ажиллах тухайд миний хувьд улс төрд байгаа нь албан тушаалын хувьд биш юм. АН мухардалд орсон гэдэг утгаар нь улс төрд орсон. Надад дэд даргын албан тушаал сонин биш. Өнөөдөр үүссэн асуудлаас улбаалж, гүн гүнзгий шинэчлэл хийх ёстой. АН-д фашист, нацист үзэлтэй хүмүүс их байна шүү дээ. Тийм хүмүүсийг дээрээ залмааргүй байна. Цаашид АН сэргэж, бодлогын ажлаа хийх ёстой.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:
-Он гараад ардчилсан үндсэн хууль батлагдсаны 30 жил болох гэж байна. Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхийг энэ жил хамгийн их зөрчсөн, нухчин дарах гэж оролдсон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хуулиар айлгасан жил боллоо. Үндсэн хуульд чөлөөт зах зээлийг дэмжсэн бодлогыг барьдаг боловч эрх баригчид чөлөөт зах зээл байхгүй гэдгийг зарласан. Ардчилсан нам хувь хүний эрх чөлөөнд тулгуурладаг. АН мөнгөтэй хүмүүсийг дагаж намирдаг нам биш. 30 жил улс төрийн намууд нам дагаж амьдардаг буруу жишигтэй байсан. Шүүх намыг бүртгэдэг байдал социализмын орнуудад л байдаг.