Засгийн газраас гаргасан шийдвэрүүд

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-11-20 04:25:35

Засгийн газрын ээлжит хуралдаан арваннэгдүгээр сарын 17-нд болж дарааах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газруудыг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахаар болов.

Эдгээр амаржих газар нь нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллага учраас Эрүүл мэндийн яамнаас шууд шатлан удирдах нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дутмагаас хөрөнгө оруулалт орхигдсон. Үүний улмаас  эх барихын тусламж, үйлчилгээнд алдаа дутагдал гарч, ноцтой хүндрэлийн тохиолдол нэмэгдэх, эхийн амь нас эндсэн тохиолдлууд гарсаар байна. Тиймээс  Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Нийслэлийн амаржих газруудыг авч, эх барихын тусламж, үйлчилгээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар  хангаснаар эх, хүүхдийн эндэгдлийг бууруулна гэж үзжээ.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДААС БУСАД НЬ ШИНЭ ЖИЛ ТЭМДЭГЛЭЖ БОЛНО

Арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг спортын арга хэмжээг сэргээсэн. Ингэхдээ бүүстэр тунг хийлгээгүй бол түргэвчилсэн шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байгаа. Төрийн албан хаагчаас бусад нь цомхон хүрээнд шинэ жил тэмдэглэж болно. Хамгийн гол нь бүүстэр тунг 50 хувьд хүргэх ёстой.

ЭРЭЭНД ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ ИЛРЭХГҮЙ 20 ХОНОВОЛ ХИЛЭЭ НЭЭНЭ

Сангийн сайд Б.Жавхлан "Халдвар илрэхгүй 20 хоновол хилээ түр хугацаанд нээж, бараа материал хил дээр түгжигдсэн зүйлүүдийг солилцохоор хоёр талаасаа тохиролцсон. Гашуунсухайт боомтын хувьд нэг үеэ бодвол тээвэрлэлтийн нөхцөл байдал журамлагдаж, тээвэрлэх нөхцөлүүд тодорхой болсон.  Өдөртөө 500-600 тээврийн хэрэгсэл нүүрс зөөж байна.  Нэлээд ахицтай ажлууд хийгдсэн.Шивээхүрэн боомт урд хөршийн нөхцөл байдлаас болоод хаагдсан. Гэхдээ халдварын тохиолдол илрэхгүй байвал удахгүй нээгдэхээр шинэ горимоо тогтсон" гэв. 

ТӨМӨР ЗАМЫН УЛСЫН ХИЛ ОГТЛОЛЫН ЦЭГИЙГ ТОХИРОЛЦОХ МОНГОЛЫН ТАЛЫН НООТ БИЧГИЙГ АЛБАЖУУЛАВ

Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжиж, Монголын талын ноот бичгийг албажуулж, Хятадын талтай солилцохыг Гадаад харилцааны сайдад зөвшөөрлөө.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны зургадугаар сарын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс  удирдамж, чиглэлээр хангаж “Тавантолгой төмөрзам” ХХК БНХАУ-ын “Улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци” компанитай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар гурван удаа хэлэлцээ хийж,  аравдугаар сарын 11-нд тохиролцоонд хүрсэн юм.

Найман жилийн хугацаанд шийдэгдэхгүй байсан Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын огтлолцлын цэгийг хүлээн зөвшөөрөх ноот бичиг явуулахаар шийдвэрлэлээ. 

Холбоотой мэдээ