Ерөнхийлөгч чиглэл өгч, Богд Зонховагийн хөшөөний хөрөнгийг царцаахаар болжээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-11-22 08:10:54

МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжсэн байна.

Газрын  тосны бүтээгдэхүүний тухай хуульд онгоцны шатахууны талаарх зохицуулалтыг өөрчлөхөөр болсон байна. Засгийн газрын өнгөрсөн сарын хуралдаанаар хувийн хэвшлийн хариуцаж байсан онгоцны шатахууныг төрийн өмчит компаниар дамжуулах нь зүйтэй хэмээн үзэж, хуулийг төслийг УИХ-д өргөн барьсан байна. Эрчис Ойл төрийн өмчит компани Оросын Роснефть компанитай хамтарсан компани байгуулж, онгоцны шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнэ бууруулах ажлыг хариуцан ажиллах аж.  Нийлүүлэлтийн ажилд хувийн хэвшил оролцохоор манайд онгоцны шатахууны үнэ нэг тонн тутамдаа 187-225 ам.доллароор өндөр байгаа учраас хамтарсан компани байгуулахаар болжээ. Мөн тус бүлэг нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр 2022, 2023 онд хэрэгжүүлэх ажлыг хэлэлцжээ.

Хэлэлцсэн асуудлын мэдээллийн дараа бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Богд Зонхова-гийн хөшөөнд улсын төсвөөс 32 тэрбум төгрөг тусгасан байна. Үүнийг бүлгийн хурлаар хэлэлцсэн үү?

-Бүлгийн хурлаар яриагүй. 32 тэрбум төгрөгийн өртөгтэй Богд Зонхова-гийн асуудлыг УИХ оруулаагүй. Засгий газар 2022 оны төсвийг УИХ-д өргөн барихдаа энэ асуудлыг Соёлын сайдын багцад оруулж ирсэн байна.

Нийгмээс маш их хүчтэй шүүмжлэл ирж байгаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч тодорхой хүмүүсийг дуудаж уулзан, тодорхой чиглэл өгсөн. Энэ дагуу Засгийн газар энэ хөрөнгийг царцаах шийдвэрийг ойрын үед гаргая гэж байна. Энэ хөрөнгийг Эрүүл мэндийн салбарт зарцуулах нь зөв гэж үзэж байна. Засгийн газар ойрын үед мэдээлэл хийх байх.

-Царцаана гэдгийг илүү тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?

-Засгийн газар санхүүжилт хийхгүй, зогсооно гэсэн үг. Засгийн газар төсвийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн барьж, шийдүүлнэ.

Холбоотой мэдээ