"Хаан банк 2.3 сая иргэний мэдээллийг алдсан байж болзошгүй"
Улс ТөрХуульзүй болон Инновац цахим бодлогын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүд асуулт, тодруулга авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Энэ хууль батлагдах нь тодорхой болж байх шиг. Хуулийн хэлэлцүүлгийн явцад Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар нар Төрийн болон Албаны тухай хуулийг өөрчлөхгүйгээр энэ хууль амилахгүй гэж байсан. Албаны нууцыг хэн тогтоож байна вэ гэвэл төрийн байгууллагын дарга тогтоодог. Янз бүрийн мэдээлэл авъя гэхээр албаны нууц гэж ханддаг. Тэгэхээр энэ хууль батлагдсаны дараа Засгийн газарт Төрийн болон албаны нууцын тухай хуулийг дээрх хуультай холбон өөрчилж, яаралтай батлах ёстой.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Уулын аманд хашаа хатгасан нь ч, уул уурхай ухаж буй нь ч бүгд ил тод болно. Хуулийн төсөлд газрын гэрчилгээ, уул уурхайн лиценз эзэмшигчдийн талаар мэдээлэл нээлттэй байхаар хуульчилсан. Хэн нь мэдэгдэхгүй газар аваад хашаа хатгадаг, ухаж төнхдөг байдал үгүй болж, хэн гэгч нөхөр газрыг нь ухаад, хашаалаад байгаа нь тодорхой болно. Ер нь энэ хуулийг дагаад маш олон зүйл нээлттэй, ил тод болж байгаа. Түүнчлэн сэтгүүлчид сэтгүүлзүйн зорилгоор болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээлэл цуглуулахдаа заавал мэдээллийн эзний зөвшөөрлийг шаардахгүй. Цаашид хувийн мэдээлэл хамгаалах, аливаа мэдээллийн аюулгүй байдалд халдсан, зөрчсөн, хүний эрхийг хөндсөн эрүүгийн болон зөрчлийн хэрэгт оногдуулах ял, шийтгэлийн бодлогыг чангатгаж байгаа.
Анхны хэлэлцүүлгийн үеэр дээрх саналыг хэлж байсан. Энэ хуулиар тухайн байгууллага хэдийгээр нууцад хамруулсан байсан ч хуульд 67 мэдээллийг нээлттэй болгохоор заасан. Нээлттэй 67 мэдээллийг ямар ч байгууллага нууц нэрийдлээр “дарах” боломжгүй.
Мэдээлэл хариуцагч тал, вэб хуудсаараа мэдээлэл дамжуулах үүргийг хүлээж буй. 67 мэдээлэл нээлттэй болсноор тухайн байгууллага мэдээллийг нээлттэйгээр тавьж эхэлнэ. Тухайлбал, бонд, зээл, өрийн бичиг баталгаа, шилэн дансны хөтлөлт, 5 саяас дээш дүнтэй орлого зарлага, төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авсан жагсаалт, зээл тусламжуудын талаарх мэдээлэл, улсын төсөв, нийгмийн даатгалын орлого зарлага, төсвийн гүйцэтгэл, аудит хийсэн тайлан, концессийн жагсаалт, мэдээлэл хариуцагчийн хийсэн судалгаа гэх мэт 67 мэдээлэл ил тод болно.
Нийтийн мэдээллийн хууль нь Хувь хүний мэдээллийг хамгаалах хууль болон Тоон гарын үсэг, кибер аюулгүй байдлын тухай хуулийн үндэс суурь нь болж буй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Хүний хувийн мэдээллийн тухай хуулийг дэмжиж байгаа. Олон гишүүд нэг асуудалд байр суурь илэрхийлсэн. Тухайлбал, 1996 онд баталсан Гүйцэтгэх ажлын тухай хууль бол Хүний хувийн мэдээлэлд хил хязгааргүй нэвтэрдэг хууль юм. Энэ хуулийг хамт шинэчлэхгүйгээр хувийн мэдээллийн хуулийг ангилах боломжгүй. Гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай. Засгийн газраас энийг оруулж ирээч ээ.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Шилжилтын үеийн зохицуулалт гээд байгаа. Хугацаа нь хойш тавигдах болов уу гэж харж байсан. Таван сарын 1-ны дотор хуулиар зөвшөөрсөн мэдээлэл давхцалгүй бүгд гар хурууны хээг устгана гэж байна. Хуулиар шахаад явах нь зөв үү. Буруу зөрүү юм устгагдчих вий гэсэн болгоомжлол байна.
ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:
-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 31-т шилжилтийн үеийн зохицуулалт бий. Энэ дээр тодорхой хугацааг тавьж өгөөгүй. Хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хуулиар зөвшөөрсөн бусад мэдээлэл хариуцагчийн цуглуулсан гарын хурууны хээг устгана гэж байгаа.
Энэ үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийг Засгийн газраас зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, Хүний хувийн мэдээллийн тухай хуулиар гарын хурууны хээг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар зөвхөн сонгогчийг танихад, улсын бүртгэлийн үйлчилгээ авахад буюу 16 нас хүрээд үнэмлэх авах, цахим үнэмлэх солиулахад л авна. Бусад тохиолдолд хориглож буй.
Хурууны хээг олон төрөлд ашигладаг. Жишээ нь, супермакетууд, ББСБ, зарим хувийн хэвшлүүд хурууны хээгээр дата “бааз” үүсгэдэг. Хууль батлагдсанаар хурууны хээгээр дата үүсгэсэн байгууллагууд дээр ажлын хэсэг гарч ажиллана. Дата баазыг авах үйл ажиллагаа явагдана. Зарим хувийн байгууллага цахимаар хурууны хээ бүртгэдэг. Энэ хуулиар хувийн хэвшлүүд хурууны хээгээр дата бүрдүүлэх боломжгүй.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Нарийндаа яривал бидний интернэтийн эх үүсвэр хоёулаа гаднаас хамааралтай. Сервер, шилэн кабель мөн ялгаагүй. Дэд бүтцээ өөрсдөө хийгээгүй байж мэдээллээ цахим болгох нь зөв үү буруу юу.
Өдөрт 66.2 сая хандалт байгаагийн 14.6 нь халдлага байгаа шүү. Бид хамгаалалтаа хэр хийж байгааг бодох ёстой цаг. Нийт хүн амын 70 хувь нь интернэт сошиал хэрэглэж байна.
Хувийн нууц, эмзэг мэдээллийг хамгаалъя гэж ярьж байгаа нь зөв. Гэхдээ бэлгийн чиг хандлагыг та нар бодоорой. Эмзэг мэдээлэл гэчихээд ижил хүйстнүүд чинь айлын нялх хүүхдийг авч жагсаад мөнгө өгөөд байна. Тусдаа байр савтай, гаднын санхүүжилттэй, зугаа цэнгэх газартай байгааг анхаарах ёстой. Сэтгүүлч мэдээллийн аюулгүй байдлыг хариуцна гэж байна. Тэгвэл нүүрээ нуусан хүмүүс утасны цаанаас гүтгэж байгаа нөхдүүдийг яах вэ.
ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ:
"Хакеруудын алдсан мэдээллүүдийг зардаг хар зах маягтай сайт байдаг. Тус сайтад Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээлэл зарагдаж байсан. Энэ нь аравдугаар сарын 6-нд анх тус сайтад тавигдсан. ТЕГ-аас ажлын хэсэг гараад шалгаж байгаа. Дансны дугаар болон тавигдсан мэдээллийг нь харахад үүнийг Хаан банкнаас алдсан мэдээлэл байж болзошгүй байна.