А.Лукашенко: Барууныхны санхүүжүүлсэн гар хөлийг бүгдийг нь устгана
ДэлхийВВС агентлаг Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой Беларусийн эсэргүүцэл, хил дээрх хямралын талаарх сэдвээр ярилцсаныг товчлон хүргэж байна.
ВВС: Европын холбоо, Их Британи, Америк улс өнөөгийн цагаачлалын хямралд таныг буруутай гэсэн ойлголт өгч байна. Та энэ хямралыг үүсгэж, цагаачдыг улс төрийн зэвсэг болгон ашиглаж байгаа хэмээн буруутгаж байгаа. Та энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?
Александр Лукашенко: Уучлаарай, гэхдээ асуултыг асуултаар хариулъя. 2014 онд танай ивээлд багтсан хүмүүс Украинд Донбассыг бөмбөгдөж байхад би Украинаас 160 мянган дүрвэгчийг олон сарын туршимд хүлээн авч, тэдэнд беларусьчууд шиг эрх олгож, үнэгүй боловсрол, эрүүл мэнд, ажил олгож байхад та нар намайг яагаад буруутгаагүй юм?
Яагаад тэр үед Европын холбоо, Их Британи, Америк надад гомдол гаргаагүй юм? Яагаад гэвэл энэ нь хэвийн зүйл байсан. Сайн ч зүйл байсан. Дүрвэгчид Европын холбоо руу яваагүй, хэдийгээр зарим нь Европыг зорьсон ч 160 мянган хүн над руу ирсэн. Би тэднийг төрөл садан шигээ хүлээж авч байлаа. Өнөөгийн тохиолдолд Беларусиар дамжин олон мянган дүрвэгч танай руу очихыг хүсэж байна.
ВВС: Гэхдээ та тэднийг дуудсан шүү дээ...
А.Л: Дүрвэгчид Беларусь, Газрын дундах тэнгисээр дамжин танай руу очихыг хүсэж байна. Хэн дуудсаныг бүү мэд, гэхдээ тэд Беларусийг биш танайхыг л зорьж байгаа.
ВВС: Та энэ оны тавдугаар сард, Европын холбооны шинэ хориг гарахын өмнөхөн тун ойлгомжтой сэрэмжлүүлэг хүргэж байсан даа. Дүрвэгчид ихээр очно оо гэж...
А.Л: “Манайх руу хүрээд ир!” гэж би хэлсэн текстийг надад үзүүлээдэх дээ. Дуудсан гэдэг чинь Беларусь руу над руу хүрээд ир ээ гэснийг л хэлнэ.
ВВС: “Бид цагаачдыг дзогсоож байсан. Харин одоо өөрсдөө тэднийг барих болж дээ” гэж хэлж байсан. Эндээс харахад Беларусь цагаачдын хувьд нээлттэй гэж ойлгож болохоор...
А.Л.: Таныг ойлгоосой гэсэндээ дахин давтан хэлье. Бид Их Британитай иргэдийг эргүүлэн татаж авах гэрээ байгуулж байсан. Энэ бол том ажил байлаа. Бид Оростой ч тохиролцох хэрэгтэй байсан. Орос ч бидэнтэй тохиролцох шаардлагатай байлаа. Ерөнхийдөө бид том ажил хийсэн. Өөрөөр хэлбэл дүрвэгчид Беларусийн хилээр давсан бол та нар тэднийг буцаана.Гэхдээ та нар манайд ийм дүрвэгчдийг байршуулах газруудыг барьж өгөх эсвэл ийм барилгын ажлыг санхүүжүүлэх ёстой байсан. Өнгөрсөн оны сүүлээр, ялангуяа энэ онд Беларусийн эсрэг хориг арга хэмжээ тавьж, энэ гэрээнээс ухарсан, та нар дүрвэгчдийг нэвтрүүлэн цэгүүдийг байгуулахаа зогсоосон.
Тэр үед би хэлж байлаа, “Залуус аа, хориг арга хэмжээ тавьсны зэрэгцээ хүмүүсийг эргүүлэн татах гэрээнээс буцлаа. Баяртай”. Дүрвэгчид Их Британи, Германыг зорьж байхад би яахаараа тэднийг хил дээр саатуулах ёстой юм?
Намайг уучлаарай, тэнд би ямар нэг саад босгож, эсвэл дүрвэгчдийн хуаран байгуулах байсан уу? Үүнд л гол учир нь байгаа юм. Тиймээс би “хил дээр дүрвэгчдийг тогтоон барихгүй” гэж хэлсэн. Гэхдээ би тэднийг нааш нь дуудаагүй, давтан хэлье, тэд Беларусиар дамжин цааш явах гэж байгаа л бол би тэднийг саатуулахгүй.
ВВС: Бид хэл дээр ажиллаж, цагаачидтай ярилцсан л даа. Зарим хүмүүс “Бидэнд виз олгож, Беларусиар дамжин Европ гарах боломжийг олгосон Лукашенкод баярлалаа” гэж хэлж байсан...
А.Л.: Хаана? Германд уулзсан юм уу?
ВВС: Үгүй ээ, энд. Зарим нь сүүлийн үед таныг өөрсдийг нь Европын эсрэг улс төрийн зэвсэг болгон ашиглаж байгаа мэт санагдах боллоо гэж ярьж байсан. Нэг цагаачийн өгүүлснээр, Беларусийн цэрэг хил нэвтрэхэд тусалсан. 150 орчим хүн байсан, шөнө Польш руу орно гэж цэрэг хэлээд, хилийн хашааны торыг тасдан оруулсан ч Польшийн талаас тэднийг барьж, эргүүлэн буцаасан гэж байлаа. Эндээс харахад Беларусийн талаас шууд тусалж байгаа юм биш үү?
А.Л.: Хил дээр ирсэн дүрвэгчид Польшийн тал руу нэвтэрсэн ч тэднийг саатуулан эргүүлэн буцаасан. Сүүлийн өдрүүдэд Польшийн нутаг дэвсгэр рүү 369 хүн нэвтэрсэн байна. Тэр тор тасдсан гээд байгаа цэргийнхээ нэрийг хэл л дээ. Зарим хүмүүс хэлсэн, хэн нэгэн утасдсан, хэн нэгэн тор тасдсан л гээд байх юм.
ВВС: Намайг хил дээр байхад мягмар гарагт мөргөлдөөн гарч, цагаачид Польшийн цэргүүд рүү тоосго, саваа мод шидэж байлаа. Харин тэр үед Беларусийн цэргүүд юу ч хийлгүй, цагаачдыг зогсоох ч гэж оролдолгүй хараад л зогсож байсан. Таны бодлоор хил рүү ийн дайрах нь хэвийн үзэгдэл үү?
А.Л.: Тун хэвийн зүйл. Нийтлэг зураглалаас хэсэгхэнийг тасдаж аваад яриад байх хэрэггүй. Бүхэлд нь ярих хэрэгтэй. Цагаачид хилээс 800 метрийн зайд хуарагнасан. Чи тэр хуаранг, хүмүүс шөнө хээр түүдэг асаан гадаа хонож байгааг харсан уу?
ВВС: Александр Григорьевич, та энэ хямралын асуудлаар Меркель канцлертай хэлэлцсэнийг би мэднэ. Та хоёр ямар асуудлаар тохиролцоонд хүрэв?
А.Л.: Тийм ээ, бид хэлэлцэн тохиролцсон. Хоёр удаа ярилцсан. Эхний удаад 15-20 минут яриа үргэлжилсэн. Энэ хямралаас гарах гарцыг та санал болгож чадах уу гэж Меркель надаас асуусан юм. Мюнхен болон Германы бусад хотууд дүрвэгсдийн хуаранд байгаа 2100 хүнийг хүлээн авч болох уу гэсэн санал тавьсан. Энэ чинь том асуудал биш шүү дээ. Германчууд намайг 150 мянган дүрвэгчийг дуудчихсан гээд байгаа. Эндээс ердөө хоёр мянгыг авчихад асуудалгүй шүү дээ. Тэднийг ав л даа! Үлдсэнийх нь асуудлыг би шийдье. Германы талаас намайг энэ дүрвэгчдийг ирсэн газар руу нь буцааж чадах эсэхийг асуусан.
Энэ 2100 хүнийг л авчих. Тэнд хүүхдүүд байна, ямар аймшигтай нөхцөлд байгааг та нар харж л байгаа. Харин надад 5000 орчим хүн үлдэнэ. Тэнд нийтдээ 7000 орчим л хүн байгаа шүү дээ. Үлдсэн 5000 хүнийг Ирак, Сири, Иран, Афганистан гээд ирсэн газар руу нь буцаах тал дээр би ажиллана.
Меркель энэ бол Германы асуудал биш Европын холбооны асуудал гэж хэлсэн. Би танай хүнд суртлыг ойлгож байна, гэхдээ энэ асуудлыг нэн яаралтай шийдэх ёстой. Энэ хүмүүсийг авахгүй бол хүмүүс хөлдөж, амиа алдаж эхэлнэ. “Би таныг ойлголоо, сонслоо. Танруу эргээд лхагва гарагт залгавал та дургүйцэхгүй биз” гэж Меркель хэлсэн. Би түүний шийдвэрийг хэдийд ч сонсоход бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Хоёр дахь удаагийн яриагаар Европын холбоо, Беларусийн хооронд хэлэлцээ явуулъя гэсэн. Европын холбоо асуудлаа шийдэг, харин би хүмүүсийг Ирак руу буцахыг ятгана гэсэн. Би өчигдөр энэ ажлыг хийсэн. Нэг хоногийн дотор 431 хүнийг Ирак руугаа буцахыг ятгасан юм.
Европын хариу үйлдэл юу байв? Тэд асуудал шийдэгдсэн, үгүй юм аа гэхэд шийдэгдэж байна гэж ойлгосон. Одоо хэлэлцээ гацчихаад байна. Манай талд өнөөдөр 1900 дүрвэгч байгаа. Тэднийг хилээс татаж, логистикийн төвд байршуулсан. Танайхан бидэнтэй холбогдохоо больчихлоо. Хүсэхгүй байгаа бол хэрэггүй. Бид та наргүйгээр энэ асуудлыг шийдчихнэ.
ВВС: Беларусийн асуудлаар ярилцацгаая. Өнгөрсөн онд та сонгуулиар 80 хувийн дэмжлэгтэйгээр сонгогдсон гэж баталдаг. Гэтэл яагаад Минск, бусад хотуудад ч олон хүн цугласан юм бэ? Тэд танд баяр хүргэх гэж биш таныг санал хулгайлсанд буруутгах гэж гудамжинд цугласан. Нэг л авцалдаагүй юм болоод байх шиг
А.Л.: Таны толгойнд л авцалдаагүй юм болоод байна. Та 80 хувь гэсэн тоо хэллээ. Энэ тоог би хэлээгүй, хууль ёсны сонгуулийн төв хороо зарласан юм.
ВВС: Та энэ тоотой санал нийлэх үү?
А.Л.: Намайг сонс доо. Сонгуулийн төв хороо 80 хувь гэсэн тоог зарласан. Энэ бол хууль ёсны баримт. Хүмүүс цугласан л гэж та хэлж байна. 25 жилийн туршид л сонгуулийн дараа ийм байсан. Фашистын туг барьчихсан, 2010 онд Минксийн төвд майхант хуаран босгож байсан юм шүү. Үргэлж л ийм байсан.
ВВС: 80 хувийн санал авч сонгогдсон хүийг ард түмэн хайрламаар юм гэж бодогдлоо. Гэтэл үүний оронд хүмүүс олноор цугларч, “Лукашенко зайл” гэж хашгирч байсан шүү дээ. Харин та автомат буу үүрч, сум үл нэвтрүүлэх хантааз өмсөн нисдэг тэргээр нисэж, ард түмнээсээ айж байгаа мэт л байсан. Таныг 80 хувь нь сонгосон юм бол яагаад тийм их хүн эсэргүүцсэн юм бол? Би тэр үед Минскэд байсан л даа, гэхдээ мэдээж би эсэргүүцлийн жагсаалын оролцогчдыг тоолоогүй …
А.Л.: Би тоолсон.
ВВС: Асар их хүн байсан, талбайг бүрхээд л …
А.Л.: Би танд хичнээн хүн байсныг хэлээд өгье. Та намайг сонсох уу? Тэнд оргил үедээ 46 мянган хүн цугларч байсан, манайд 10 сая хүн оршин суудаг шүү дээ.
ВВС: Би гудамжны эсэргүүцлийг олонтаа сурвалжилж явсан, Европын орнуудаар. Өнгөрсөн онд Минскэд харсан жагсаал бол 40-50 мянган хүнээс хавьгүй том харагдаж байсан даа. Тусгаар тогтолын талбай бүхэлдээ дүүрсэн, асар их хүн …
А.Л.: Битгий худлаа хэл! Тусгаар тогтнолын талбай дээр хэн ч байгаагүй. Тэнд нэг л жагсаал болсон, тэнд би үг хэлж байсан юм. Тиймээс битгий худлаа ярь, надад ярьснаа батлах дүрс бичлэг үзүүл л дээ.
ВВС: Та өнөөдөр яагаад Беларусьт иргэний нийгмийг устгаж байгаа вэ? Өнгөрсөн долдугаар сараас хойш Беларусьт 270 төрийн байгууллагыг татан буулгажээ. А.Л.: Та нарын санхүүжүүлсэн өөдгүй амьтдыг бүгдийг арчиж хаяна. Бид Беларусьт ажиллаж, хүмүүст туслаж байсан хүмүүст хуруугаа ч хүргээгүй. Харин та нарын тусламж, санхүүжилтийг авч, энд үймээн тарьж байсан байгууллагуудыг бид татан буулгаагүй бол ойрын үед үгүй хийнэ.
ВВС: Барууны санхүүжилттэй 270 ТББ Беларусийн эсрэг ажиллаж байсан гэсэн үг үү?
А.Л.: Та нар хичнээн ТББ-ыг санхүүжүүлж байсныг би нарийвчлан мэдэхгүй. Гэхдээ тэдгээр ТББ татан буугдсан л бол шалтгаантай л байж. Ямар нэг ТББ хэлмэгдэж, татан буугдсан гэж үзэж байгаа бол шууд надад ханд. Би нэг өдрийн дотор л асуудлыг шийднэ.
ВВС: Өөр нэг тоо байна. Беларусьт 873 улс төрийн хоригдол байгаа ...
А.Л.: Манайд улс төртэй холбоотой зүйл анги байхгүй. Бид ийм зүйл ангиар хүмүүсийг шүүж байгаагүй. Энэ хүмүүс бол Беларусийн хууль тогтоомжийг зөрчсөн хүмүүс.
ВВС: Тэгэхээр Беларусьт хичнээн улс төрийн хоригдол байгаа вэ?
А.Л.: Манайд улс төрийн хоригдол байхгүй! Чи чинь сонсохгүй байгаа юм уу?
ВВС: Мария Колесникова улс төрийн хоригдол биш юм уу?
А.Л.: Тэр чинь танай тагнуул.
ВВС: Тэр яагаад хоригдож байгаа юм бэ?
А.Л.: Яагаад гэвэл тэр хууль зөрчсөн. Ямар хууль зөрчсөнийг би мэдэхгүй. Шүүх мэдэж байгаа. Шүүх бий, хууль бий. Хууль муу байж болох ч түүнийг мөрдөх ёстой.
ВВС: Тэр зоригтой хүн гэдэгтэй санал нийлэх үү? Эсэргүүцлийг удирдаж байсан ч эх орноосоо дүрвээгүй
А.Л.: Яагаад гэвэл Беларусьт үүнийг хийх боломжтой. Харин танайд бол болохгүй
ВВС: Тэр шоронд хоригдож байгаа нь та өшөө авч байгаа хэрэг биш үү?
А.Л.: Үгүй. Би өшөө авдаг хүн биш. Та хүний хувьд намайг ойлгохыг хүсэж байгаа бол үүнийг санаж ав, би эмэгтэйчүүдийн эсрэг дайтдаггүй. Би өш хонзон санадаг хүн биш.
Ямар юмных нь өш хонзон бэ? Би эмэгтэйчүүдэд өсөрхөх үү? Тэр эмэгтэйд өс санах ямар шалтгаан байж болох уу? Тэр ерөнхийлөгчид ч нэр дэвшээгүй шүү дээ. Тэр эсэргүүцлийг удирдсан гэж үү? Түүнийг удирдаж байсныг харуулах дүрс бичлэг үзүүлээдэх л дээ.
Тэр бусадтайгаа л хамт зугтсан. Колесниковаг хил дээр саатуулсан, тийм биз? Өөрийн хүмүүстэйгээ зугтаж явж байхад нь түүнийг хаяад өнөөдүүл нь цааш явсан. Юу болсныг тэднээс асуу л даа. Тэд юу ч ярихгүй. Гэтэл надаас л Колесниковаг асуугаад байх. Тэр хууль зөрчсөн, ойлгож байна уу, хилийн журмыг зөрчсөн.
ВВС: Та Владимир Путиний хамтаар шинэ холбоот улс байгуулах гэж байгаа талаар…
А.Л.: Бид байгуулна. Та нар Америктай, би Оростой. Англи Америктай, харин би Оростой.
ВВС: Манайх Америктай холбоот улс болоогүй.
А.Л.: Болно оо. Та нар холбоот улсаас ч илүү ихийг хийнэ
ВВС: Энэ холбоот улс нэг жил эсвэл хоёр жилийн дараа нэг тэргүүн, нэг ерөнхийлөгчтэй байх уу? Үүнтэй холбоотой төлөвлөгөөг Орос, Беларусь боловсруулсан уу?
А.Л.: Холбоо гэдэг нь энэ холбоог босгож байгаа хоёр тусгаар улс юм. “Нэг ерөнхийлөгч, хоёр ерөнхийлөгч” гэсэн асуудлаар Путин бид хоёр хэзээ ч хэлэлцээгүй. Ийм асуудал угаас байх ёсгүй.
ВВС: Та Путин, Навальный нар хэлэлцээрийн ширээний ард суугаасай гэж хүсдэг үү?
А.Л.: Энэ бол түүний л асуудал. Би ийм тоглоомоор тоглодоггүй.
Та миний үзэл бодлыг мэдмээр байгаа бол, миний хувьд Навальный худалдагдсан хүн. Путин хэзээ ч түүнтэй хэлэлцээрийн ширээний ард суухгүй. Тэр Путиний хувьд сөрөг хүчний хүн биш, харин Оросын эрх ашгаас урвасан хүн. Путиний хувьд сөрөг хүчин нь коммунистууд л байна.
Тэр энэ коммунистуудтай хэлэлцэж, ярилцдаг. Би ч гэсэн, улс орныхоо эх орончидтой ярилцдаг. Тэд ямар ч үзэл бодол гаргаж ирсэн бай би тэдэнтэй ярилцахад бэлэн. Тихановский, Бабарико нар хүмүүстэй би шоронд ярилцаж л байлаа. Ийм алхам хийж байсан ядаж нэг ерөнхийлөгчийг нэр л дээ.
ВВС: Шоронд яаж хэлэлцээ хийж болдог юм ?
А.Л.: Би урвагчидтай ярих хүсэл алга. Харин шоронд яаж хийдгийг хармаар байгаа бол очоод хар л даа. Таныг тийшээ явуулчихна, та очоод сайн мууг нь мэдэр.
ВВС: Энэ сүрдүүлгэ үү?
А.Л.: Энэ бол зөвлөгөө. Та шоронгийн талаар асуусан, би танд хариулж байна.
ВВС: Та өөрийнх нь эсрэг үг хэлсэн бүрийг урвагч, дайсан гэж нэрлэдэг юм шиг санагдаад байна. Яагаад тэр вэ?
А.Л.: Энэ бол надаас урвасан хэрэг биш, төр улсаас урвасан хэрэг. Тэд хил рүү зугтсан.