ЭМҮЖИН: Зонхов гуайгаас бусад нь тас гүрийгээд, тарж зугтав.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-11-24 03:29:50

За нөгөө 32 тэрбум төгрөгийн өртөгтэй Богд Зонховын хөшөөний чинь эзэн олддоггүй дээ.

Хууль санаачилсан Ховдын Адьшаа нь хамтарсан гишүүдээ санадаггүй ээ, гэнэт мартдаг өвчин тусчихсан. Гэхдээ бас 5.5 тэрбумын зардалтай байсан, хаанаас 27 тэрбум нэмэгдсэнийг мэдэхгүй гээд чичрээд байна. Сангийн сайд Жавхлан 5.5 тэрбум төгрөгөөр санал оруулсан байсан, яагаад 32 тэрбум болсныг мэдээгүй, хараагүй, сонсоогүй гээд арьсаа тас хамгаалсан.

Соёлын сайд Номин бас үзээгүй, үгсээгүй гээд гүрийчихлээ. Засгийн газрын тэргүүн гуай 18 их наядын төсвийнхөө нэлээн том зардал болох 32 тэрбумын Зонховын хөшөөний талаар ам ангайгаагүй, ангайвал яг алуулах гээд айгаад биеэ хураачихлаа.

Сангийн сайд асан Хүрэлбаатар 5.5 тэрбум гэсэн санал өнгөрсөн жил орж ирсэн, яагаад 32 тэрбум болчихов гээд санаа алдаад суучихсан. Чингэлтэйгээс сонгогдсон Оюунчимэг гишүүн бүр юу ч мэдэхгүй гээд бүлтрээд эхэлсэн.

Нийслэлийн мээр Сумъяабазар Тасганы овооны орой хэсгийн 1.1 га газрыг Хүүхдийн төлөө фондын мөнгөөр хүүхдийн номын сан барина гэж авсан даа гээд Зонхов гуайн сураг ч үгүй сууж байна. Барилгын хөгжлийн төвийн дарга Амарсанаа гэж нөхөр бүүр ээрч муураад, эргүү цаашаа. Эрүүл мэндийн сайд Энхболд харин эрүүл юм ярьлаа, эмнэлгүүд рүүгээ оруулахсан гэж дуугарлаа.

Ингээд Богд Зонховоос бусад бүх хүн нөгөө мангар гурван сармагчин шиг үзээгүй сонсоогүй, хэлээгүй гээд гүрийдэг юм даа. Энэ хооронд урд хөршид Зонхов гуайг 1.0 тэрбумаар цутгуулах гээд зураг бариад явж байсан нэг хүний сураг гарлаа, өөр чимээ байдаггүй дээ. Алдуул малаас хүртэл сураг гардаг байтал алтадсан хөшөөний эзэн одоо болтол тодорхойгүй.

Гэтэл аль хэдийн ажил нь эхэлчихсэн байдаг. Дахиад нэг эзэнгүй хөшөө. Дахиад нэг тагтааны сангасны суурь…үүнийг чинь л хулгай гээд байгаа юм шүү дээ. Хулгайч юу гээд л өөрийгөө “Би хулгайч нь юм аа” гээд барьж өгөх вэ дээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь үзээгүй, Соёлын сайд нь хараагүй, Сангийн сайд нь мэдэхгүй өнгөрөөсөн хэр нь нийслэлчүүдийн нүдэн дээр босч буй асар том хулгай, аймаар том хулгайч.

Ха ха. Одоо нэг өглөө өнөөхөө босгочихоод хандиваар барьсан гээд гөлийтөл чичрээд, гөлөлзөөд хэвтчихнэ шүү дээ. За та минь Майдар хот гээд өчнөөн тэрбумыг залгисан дутуу хагас хөшөө бас байгаа шүү. Хэн ийм увайгүй, хэн ийм хударгагүй, тэрбум тэрбумаар нь дээрэмддэг билээ, бод бод.

Зонхов гуайг урд хөршид бараг л цутгаад эхэлсэн байх аа даа, ирж суурин дээрээ залрахаараа нэг үг айлдах юм байгаа биз, бас тас гүрийгээд, таг дуугүй гөлийчихдөг юм болов уу? Хоёр тэрбумын ажлыг 32 тэрбумаар шахаад, шаагаад байхаар яаж хөгжих вэ дээ.

Хулгайч Засгийн газраас цаашдаа юу хүлээх вэ? Дахиад нэг хөшөө хүлээх юм уу?

Хамгийн хямд, хамгийн цөөхөн хүн цалинжуулах, хамгийн технологи шаарддаггүй энэ мэтийн төсвийн хулгай төрд нүүрлэжээ. Аргагүй л дээ, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, техник технологийн ажилд оюун мэдлэг, чадвар чансаа нь дутна.

Тэгээд байна аа, Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ төсөвтөө 1.6 их наядыг бидний хүүхдүүдээс хулгайлж, Ирээдүйн өв санг эвдэж авахаар төлөвлөсөн шүү дээ. Тэврээд сууж байгаа үрийн чинь тагштай бантанг тарааж цацаж байна гэсэн үг.

Энэ бол луйвар, гэгээн цагаан өдрөөр, гэнэн ард түмний нүдэн дээр үйлдэж буй дээрэм.

Энэ бол луйвар, гэгээн цагаан өдрөөр, гэнэн ард түмний нүдэн дээр үйлдэж буй дээрэм.

Гэхдээ дээрэмчин гуай хэзээ ч дээлээ нөмрөхгүй, дэндүү муухай доромжилж чадаж байгаа юм шүү.


Холбоотой мэдээ