Амь насаа дэнчин тавьж Төвөд орныг дэлхий нийтэд анх харуулсан Буриад тагнуулчийн түүх

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-11-29 06:21:32

Тэрээр олон жилийн турш барууны орнуудад хаалттай байсан "Бурхны орон" хэмээн нэрлэгддэг Төвөдийн Лхас хотод зүсээ хувирган нэвтэрч хүн төрөлхтний өмнө нь харж байгаагүй ертөнцийг харуулсан юм. Хамгийн гол нь тэрээр энэхүү аюултай ажлаас амьд үлдэж чадсан нь тухайн үедээ гайхалтай аз завшаан болжээ...

Тэрбээр 20-р зууны эхэнд гадаад оронд хаалттай байсан Төвөд нутагт нэвтэрч тухайн цаг үедээ асар их буюу 200 гаруй гэрэл зураг дарж, аялалынхаа тухай өгүүлэх “Төвөд оронд зочилсон буддын бадарчин” нэртэй бүтээл бичсэн нь Оросын газарзүйн нийгэмлэгийн шагналыг хүртэж байсан билээ. 

Түүнчлэн тэрээр Монгол болон Буриадын боловсролын байгууллага үүсч хөгжихөд жинтэй хувь нэмэр оруулж, буриад хэлний сурах бичгийг анх зохиож байжээ.


Түүнийг Гомбожа́б Цэ́бекович Цы́биков буюу Цэвэгийн Гомбожав гэдэг байсан бөгөөд одоогийн Өвөр Байгалийн хязгаар нутагт 1873 онд мэндэлжээ. Тэрээр Чита хотын дунд сургуулийг дүүргэсэн анхны буриад зоны нэг байсан төдийгүй хожим Санкт Петербургийн их сургуульд дээд боловсрол эзэмшсэн юм.

Хятад, монгол, орос, манж хэлтэй түүнийг Их Британи Төвөдийг эзлэх санаархлыг таслан зогсоох, тандах зорилгоор Төвөдөд хийх туршуулын ажиллагаанд оруулсан бөгөөд цаашилбал Монгол, Хятад, Төвөдийг Хаант Орос улсад нэгтгэх боломж байгаа эсэхийг ч тандах зорилготой байсан гэдэг.


Ийнхүү тэрээр өөрийн нөхөр Халимаг эр Овше Норзуновын хамт жингийн цуваа дагаж яваа бадарчин болон зүсээ хувиргаж Төвөд орны гүн рүү нэвтэрсэн түүхтэй. Тухайн цаг үед төвөдүүд гэрэл зурагчинг илбэ жатга эзэмшсэн нэгэн хэмээн үзэж, барууны ертөнцөд өөрсдийнх нь тухай дэлгэнэ хэмээн эмээж тэднийг цаазаар авдаг байв.

Ийм учраас Хаант Оросын удирдах албан тушаалтнууд болон Оросын Газарзүйн Нийгэмлэг хамгийн сүүлийн үеийн, хальсан дээрээ 12 гэрэл зураг дарах боломжтой аппаратыг тагнуулчдаа өгсөн байдаг.


Ийнхүү тухайн цаг үед газар орны зургийг нь ч гаргах боломжгүй болтлоо гадаад ертөнцөөс тусгаарлагдаад байсан Төвөдөд тэрбээр камераа хүрдэнд нууж, маш болгоомжтойгоор гэрэл зургуудаа дарж байсан бөгөөд зарим үед нэг л гэрэл зураг буулгахын тулд хүмүүсийг ажиглаж хэдэн цагаар суудаг байсан ч тохиолдол бий аж. Түүнчлэн тэрээр бусдад сэжиг авхуулахгүйгээр өдөр бүр тэмдэглэл хөтөлдөг байжээ.


Өөрийн ажил үүргээ гүйцэлдүүлэхийн зэрэгцээ тэрээр төвөд хэл, түүх, философи, уламжлалт эмийн эмчилгээний тухай 333 номын модон барыг Бээжин хот руу даавуунд ороож, үхрийн махан дунд нуун илгээж байсан бөгөөд илүү чухал, үнэ цэнэтэй гэж үзсэн зүйлсээ авдарт хийн гаргаж байжээ.


Гомбожав өөрөө шашингүй үзэлтэн байсан боловч бусдад сэжиг төрүүлэхгүйн тулд бурханд өдөр бүр залбирч мөргөж, өргөл барьц өгөх шаардлагатай болж байсан ч хүмүүс түүнийг үнэхээр бадарчин мөн эсэх талаар эргэлзэж байсан түүх бий. Гэвч түүний аз болж дээрхийн гэгээнтэнтэй биечлэн уулзах завшаан тохиож, Далай багшаас адис авсан нь бусдын эргэлзээг үгүй хийхэд тусалсан гэдэг.


Ийнхүү 1899-1902 оны хооронд 3 жилийг Төвөд оронд өнгөрүүлэхдээ тэрээр Лхас аялгаар төгс ярьж сурсан ба тэдний нийгэм, соёл, хүмүүсийн итгэл үнэмшил зэргийг нэвтэрхий судалжээ.

Мөн Гомбожав Дээрхийн гэгээнтний зуны өргөөнд зочилсны зэрэгцээ Төвөд орны шашны төв болсон Гумбум, Лабран, Лхас зэрэг хотуудаар зорчиж, том жижиг бүх л сүм хийдэд сууж, Төвөдийн эртний нийслэл Зетан хотын гэрэл зургийг ч амжилттай буулгасан байдаг ажээ.


Улмаар судалгааны ажлаа дуусгаж эх нутагтаа харьсан хойноо тэрээр нийгмийн шинжлэх ухааны сэдэвт илтгэлүүд тавьж, Төвөдөд дарсан гэрэл зурагнуудаасаа барууны орнуудад ил гарган, дэлхий нийтээс холбоогоо таслаад удсан байсан Төвөдийн дүр төрхийг хүн төрөлхтөнд ахин харуулсны зэрэгцээ 1905 онд Далай Лам Орост айлчлах үед түүний хэлмэрч хийж байсан түүхтэй.


1905 онд бараг дампуурлаа зарлахын ирмэг дээр байсан "National Geographic" сэтгүүл түүний хандивласан зургуудыг ашиглаж, Төвөдийн тухай нийтлэл болгож оруулахаар шийдсэн байдаг. Ингээд тэд нийт 11 зурагтай жижиг нийтлэлийг шинэ дугаар дээрээ оруулсан нь асар их амжилтыг олж, Америкийн нийгмийг шуугиулж чаджээ. 

Ийнхүү Гомбожавын зургуудын ачаар "National Geographic" сэтгүүл дампуурлаас аврагдахын зэрэгцээ өнөөг хүртэлх алдар хүндээ олж авсан сонирхолтой түүхтэй.


Ингээд та бүхэнд Цэвэгийн Гомбожавын амь насаа дэнчин тавьж байж буулгасан, өнөө үед түүхийн үнэт өвд тооцогдох зургуудаас заримыг нь хүргэж байна.


Холбоотой мэдээ