Эгийн голын цахилгаан станцын төслийг зогсоовол Монгол Улсын эрчим хүчний дутагдлыг ОХУ нөхөх боломжтойг илэрхийлжээ
Улс ТөрМонгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаан өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад болж өндөрлөсөн бөгөөд манай улсын эрчим хүчний асуудлыг нэн тэргүүнд хэлэлцжээ. Тус хуралдаанд оролцсон ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко Байгал нуурт цутгадаг гол мөрөн дээр усан цахилгаан станц барих Монголын төсөлд ОХУ сөрөг байр суурьтай байгааг илэрхийлээд эрчим хүчний дутагдлыг тус улсын Галуут нуурын цахилгаан станцаас хангах боломжтойг мэдэгдсэн талаар Риа Новости агентлаг мэдээлсэн байна.
Монгол Улсад хэрэгжүүлэхээр судалж ирсэн Шүрэн болон Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ эсэргүүцсээр ирсэн. Шалтгаан нь эдгээр төсөл Байгал нуурын экосистемд ноцтой аюул учруулна гэж үздэг.
"Сэлэнгэ мөрний цутгалан дээр УЦС барих нь ОХУ-ын хувьд маш эмзэг. Бид Байгал нуурын эмзэг экосистемийг хадгалах асуудлаар ирэх жил Казань хотноо ЮНЕСКО-ийн төлөөлөгчдийг оролцуулсан хурал зохион байгуулахаар бэлтгэж байна. Монгол Улсад шаардлагатай эрчим хүчний хэрэгцээг Галуут нуурын цахилгаан станцаас хангахад бэлэн байна" гэж В.В.Абрамченко сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.
Эх сурвалж: Риа Новости