32 тэрбумын луйврыг ИРГЭД биш Аудит илчлэх үүрэгтэй байлаа!
Нийгэм5 тэрбумын “Зонхова” цогцолборын төсөвт өртөг бараг 7 дахин нэмэгдэж байхад Монгол улсын Ерөнхий аудитор Д.Занданбат та хаана байсан бэ?
Байшиндаа багтахгүй болтлоо бүтэц, орон тоогоо данхайлгасан аудитын байгуулага улсын төсөвт хяналт тавих үүргээ биелүүлсэнгүй. Хэрэв тэд ажлаа хийсэн бол Зонхова цогцолборын төсөв 27 тэрбумаар нэмэгдэж, иргэдийг бухимдуулахгүй байлаа. Зонхова цогцолборын “цавчаа”-ны цаад эзэд нь төсөв батлах дархан эрхтэй УИХ-ын гишүүд гэдэг нь ойлгомжтой. Эзэн нь олдохгүй хэсэг бултаж байснаас эхнээсээ нэг хоёроороо илэрч л байна. УИХ-ын гишүүдийн бүлэглэн, уудалж иддэг ганц авдар нь улсын төсөв.Харин энэ авдрын түлхүүрийг барьж, хяналт тавьж байх ёстой газар бол ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР.
Уг нь Зонхова бурханы нэр барьсан тэдний хулгайг жирийн иргэд биш аудитын байгууллага илчилж таслан зогсоох ёстой юм. Гэвч манай адуитын газар бие даасан, хараат бус,чадварлаг байх амин чанараа аль хэдийн гээж, улс төрчдийн ураг төрлийнхөний “өдөр өнжүүлэх ” болжээ. Зүй нь аудитын байгуулага нь эдийн засаг, төсөв, санхүүг бодитоор үнэлэн, шийдвэр гаргагчдыг үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй.Төсвийн арвилан хэмнэлт бүхий бүтэц,зохион байгуулалт, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлснээр улс орны том эрх ашгийг харж, хөгжлийг зөв тодорхойлж чадна.
Харамсалтай нь Монгол улсын үндэсний аудитын газар,Ерөнхий аудитор Д.Занданбат энэ үүргээ биелүүлж чадахгүй байна. 2019 оны 5-р сард Д.Занданбат УИХ-аар томилогдон Ерөнхий аудитор болсноос хойш төрийн алба, төрийн аудитын залгамж чанарыг алдагдуулж, аудитын газрыг мэргэшээгүй, мэргэжлийн бус, улс төрчдийн “шахааны хүн”-ээр дүүргэжээ. Үндэсний аудитын газар бүтэц, зохион байгуулалт хийсэн нэрийн дор мэргэшсэн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж, тэдний оронд төрийн алба, аудиторын наад захын ойлголт, ёс зүй, зарчим мэдэхгүй, салбарын бус хүмүүсийг томилжээ.
Шинэ бүтэц нэрийн дор газар, хэлтсийн дарга нарын орон тоог олноор нь бий болгосон. Уг нь аудитын газар бол төрийн байгууллагын бүтэц, орон тоо, төсвийг арвилан хэмнэж, бусдыгаа манлайлах үүрэгтэй. Гэвч орон тоо, бүтцээ бараг 2 дахин нэмэгдүүлсэн байна. Тухайлбал: Тамгын даргын орон тоо хэвээр байсаар байтал Захиргаа удирдлагын газрын дарга гэх чиг үүрэг нь давхардсан, ойлгомжгүй орон тоог шинээр бий болгох … гэх мэтээр дандаа УИХ-ын гишүүдийн ах дүү, хамаарал бүхий этгээдүүдийг томилсон байна. Үр дүнд нь Засгийн газрын 4-р байрны талд багтаж байсан аудитын байгууллага өөр байр нэмж түрээлсэн төсөв, зардлыг үргүй зарах болжээ.
Улсын төсөв мөнгийг хэмнэх, үр ашигтай зарцуулахад хяналт тавих аудитын байгууллага нь өөрөө ийм байхад бусад төрийн байгууллага,албан тушаалтанд хяналт тавих үндсэн үүргээ хэрэгжүүлж чадахгүй нь ойлгомжтой. Ер нь 5 тэрбумын төсөвт өртөгтэй цогцолборын үнийг 7 дахин нэмэгдүүлж,32 тэрбум болгоод баталж байхад “үзээгүй, дуулаагүй, мэдээгүй” сууж байдаг үндэсний аудитын газар, Ерөнхий аудиторын хэрэг Монголд байна уу?
Монгол улсын Ерөнхий аудитор Д.Занданбат та 32 тэрбумын цогцолборт тайлбар хийх цаг болоогүй юу?