Гэртээ 12 кг алт хадгалж байсан СУМЫН ЗАСАГ даргыг илрүүлэв
НийгэмӨмнийн говьд эзэн сууж, хур хөрөнгийн эзэн болон ханхалзаж байсан аймаг, сумдын засаг дарга нарыг хууль хяналтын байгууллагаас шалгаж, гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө, алтан эдлэл хураасан байна.
Зөвхөн ганцхан сумын Засаг даргын гэрт л 12 кг алтан эдлэл байсан, аймгийн дарга асны нэр дээр 20-иод орон сууц бүртгэлтэй байсан гэхээр хууль хяналтынхан аргагүй л удаан хугацаанд ажиглалт хийсэн байж таарах нь дээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийтийн гэрт хийсэн үзлэгээр 12 кг орчим алтан эдлэл гарсан байна.
Түүнийг өндөр үнээр газар зардаг, хууль бус хөрөнгөжсөн үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа бөгөөд шалгалтын явцад дээрх алтан эдлэлийг гэрээс нь эд мөрийн баримтаар тогтоон хураагаад байгаа юм байна.
Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраагийн гэрт хийсэн үзлэгээр их хэмжээний буюу 300 гаруй сая төгрөг болон валют илрүүлэн эд мөрийн баримтаар хураасан байна. Б.Бадрааг мөн газрын хууль бус наймаа, хууль бус хөрөнгөжсөн үндэслэлээр хэрэг үүсгэн хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа аж.
Тус аймгийн засаг дарга асан Б.Бадраагийн хувьд өөрийн нэр дээр байдаг 20 гаруй орон сууцыг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа тухай ойрын эх сурвалж мөн өгүүллээ.