НМХГ-ын тамгын дарга М.Баянмөнхийг АТГ-аас баривчиллаа

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-12-04 01:25:48

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, хээл хахууль авсан хэрэгт ар араасаа холбогдож байна. 

Тус газрын Тамгын газрын дарга М.Баянмөнхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн уржигдар орой хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатууллаа.

Үүнээс өмнө НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзоригийг АТГ-ынхан цагдан хорьж АТГ-ынхан шалгаж эхэлсэн билээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамталж авхуулдаг байсан гэх хэрэгт буруутгаж байгаа билээ. Түүнчлэн бусдыг дарамтлан Богд хан уулын дархан цаазат бүсэд хамаарах Арцатын аманд газар эзэмших эрхийн хугацаа дууссан, хүчингүй болсон нэг га газрыг 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж борлуулснаас гадна тусгай хамгаалалттай нутагт өөр нэлээд том хэмжээний га талбайг өндөр үнээр борлуулсан хэрэгт шалгаж буй.

Тэгвэл НМХГ-ын Тамгын газрын дарга М.Баянмөнхийн тухайд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддоржтой хамт бусдаас их хэмжээний хахууль төгрөг болон ам.доллароор авсан хэрэгт холбогджээ.

Тэд Барилга, байгууламж ашиглалтад оруулах комисст хамт багтаж, нэгэн барилгыг ашиглалтад хүлээн авахдаа ийнхүү албан тушаалаа урвуулж, халаасаа түнтийлгэсэн хэмээн буруутгагдаж байна. 

Өдгөө мөрдөж буй хуульд их хэмжээний мөнгө гэдгийг 50 сая төгрөгөөс дээш хэмээн үзэж буй. Тэгэхээр дээрх хоёр хүний нэгийнх нь авсан хахуулийн хэмжээ уг мөнгөн дүнгээс өндөр байх боломжтой аж.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддоржийн талаар өмнө нь иргэд “Тамга даралгүй найман сарын турш чирэгдүүлж, хясан боогдуулж хоёр өрөө байр, 60 сая төгрөгийн хахууль нэхсэн” хэмээн гомдол гаргаж, АТГ-ынхан шалгасан ч гэм буруутай нь хангалттай нотлогдоогүй гэдэг.

Харин энэ удаа НМХГ-ын Тамгын газрын дарга М.Баянмөнх, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж нарт холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэхийг харах үлдлээ. Уг нь Засгийн газраас авлигатай тэмцэх ажлын хэсэг байгуулан ажиллаж буйн үр дүнд төрийн бүх шатанд хүнд суртал гаргаж, чирэгдэл учруулан бусдаас хахууль нэхэж авдаг албан тушаалтнуудыг илрүүлэн хуулийн хариуцлага хүлээлгэсээр байгаа билээ

Холбоотой мэдээ