Москва-Казанийн хурдны замыг Монгол хүртэл сунгаж магадгүй

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-12-04 20:40:41

Москва-Казанийн М-12 хурдны замыг Новосибирск хүртэл, Монгол Улс руу гарцтайгаар сунгаж магадгүй гэж ОХУ-ын Шадар сайд Марат Хуснуллин Москвад болсон Евразийн II Конгрессын  чуулганы үеэр мэдэгдэв.

“Стратегийн хүрээнд бид энэ замыг Новосибирск хүртэл, цаашаа Монголтой залгаа хил рүү, Хятад руу гарах боломжтойгоор сунгах боломжийг судалж байна. Өөрөөр хэлбэл, бид Монголоор дамжин Хятадын хойд хэсэгт нэвтрэх болох бөгөөд энэ нь бидний төлөвлөгөөнд бий" гэж тэрбээр хэллээ.

ОХУ-ын Засгийн газраас 2035 он хүртэлх таамаглалтайгаар 2030 он хүртэл баталсан тээврийн стратегиас үзэхэд, “Баруун-Зүүн” тээврийн зурвасын /коридор/ хүрээнд Беларусийн хилээс Смоленск, Москва, Казань, Екатеринбургаар дамжин Тюмень, Челябинск болон Сибирийн томоохон хотууд (Омск, Новосибирск, Эрхүү) хүртэл Бүгд Найрамдах Казахстан улс руу салбарласан тасралтгүй үргэлжлэх өндөр хурдны зам байгуулна гэж төлөвлөжээ.

М.Хуснуллиний хэлснээр, Тюмень, Челябинск хүртэл өргөтгөл бүхий Москва-Казань-Екатеринбургийн М-12 хурдны замын барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд 2024 онд дуусах аж.

Дөрөвдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Холбооны хуралд танилцуулсан илтгэлдээ Москвагаас Казань хүртэл барьж буй замыг Екатеринбург хүртэл сунгах хэрэгтэй гэж хэлсэн.

2021 оны 7-р сард Төв тойруугийн замыг ашиглалтад оруулах үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Засгийн газар болон бүс нутгийн төлөөлөгчидтэй Москва-Казань-Екатеринбург чиглэлийн замыг Тюмень, Челябинск хүртэл сунгах асуудлыг хэлэлцсэн байна.

Дараа нь ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Марат Хуснуллин “Россия-24” телевизийн эфирээр М-12 хурдны замыг Тюмень, Челябинск хүртэл сунгахтай холбогдуулан зам хаах зардал 200-250 тэрбум рубль болно гэж мэдэгджээ.

Тюмень, Челябинск хүртэлх “М-12 Москва – Казань – Екатеринбург” чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил одоо хийгдэж байгаа бөгөөд 2024 онд ашиглалтад орно гэдгийг цохон тэмдэглэв.


Эх сурвалж: ТАСС, Звезда ТВ



Холбоотой мэдээ