БНХАУ: Бидэнд яаж амьдрахыг битгий заа
ДэлхийБНХАУ 12 дугаар сарын дөрөвний өдөр “Хятад: хэрэгждэг ардчилал” нэртэй Цагаан номоо нийтлэжээ. Энэхүү баримт бичиг нь “америк маягийн ардчилал”-ыг нутагшуулах гэсэн оролдлогод хариу өгч байгаа хэрэг гэдгээ Хятадын эрх баригчид нуусангүй.
Тэдний үзэж байгаагаар 12 дугаар сарын 9-10-ны хооронд зохион байгуулагдах, АНУ-ын санаачилсан “ардчилын дээд хэмжээний уулзалт” нь чухамхүү ардчиллын өөрсдийн хэв маягийг тулгах зорилготой гэнэ. Энэ дээд хэмжээний уулзалтад БНХАУ, ОХУ-ыг уриагүй нь “ард түмний засаглалыг ойлгодоггүй” гэж үл тоомсорлосон хэрэг гэж Оросын шинжээчид үзжээ.
“АНУ-д өөрсдийнх нь дотоодын асуудал хангалттай байгаа. Гэтэл үүнийхээ хажуугаар ардчилал гэж юу болохыг бусдад заах гэж хичээх. Өөрсдийн дүрмээр бусдын сүм рүү шургалах гэж ийн оролдох нь жинхэнэ ардчилалтай зөрчилдөж байгаа юм. “Ардчиллын дээд хэмжээний уулзалт” гэгдэх арга хэмжээ нь улс төрийн өөр зохион байгуулалтай орнуудыг шахах гэсэн оролдлого. Энэ бол ардчилал биш, тиймдээ ч олон улсын зүгээс дэмжлэг авч чадахгүй” хэмээн Цагаан номыг танилцуулах үеэр БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн дэд дарга Сю Линь мэдэгдсэн байна.
Түүнчлэн, дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байгааг дэлхийг хоёр хэсэг хуваах аюултай оролдлого гэж Хятадын эрх баригчид үзэж байгаа юм. “Ардчиллын дээд хэмжээний уулзалт” нь улс орнуудын нэгдэл, хамтын ажиллагаанд ноцтой хохирол учруулах хагарал, зөрчилдөөнийг ил тодоор өдөөж байгаагийн дээр, энэ нь олон улсоын энх тайван, тогтвортой байдлыг аюулд оруулж, дэлхий дахинд хагарал, бутарлыг өдөөж байна” хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь 12 дугаар сарын нэгний өдөр мэдэгдэж байлаа.
Ийм өдөөн хатгалгад автахгүй, гэхдээ америк маягийн ардын засаглал үнэхээр хэрэгждэг эсэхийг бодолцох нь зүйтэй гэж Хятадын эрх баригчид мэдэгдэж байлаа.
“Ардчилал бол барууны орнуудын л практик биш. Бид энэ талаарх Барууны лекцийг сонсох хүсэлгүй байна. Тэр дундаа ардчилал үргэлж хэрэгжээд байдаг эд биш” хэмээн БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны улс төрийн судалгааны төвийн захирал Жян Жиньцюань мэдэгдэж байлаа.
Америкт хүн амынх нь 81 хувь нь ардчиллынхаа хувь заяанд санаа зовниж байхад Хятадын хүн амын 95 хувь нь засгийн газраа, 98 хувь нь Хятадын Коммунист намын бодлогыг дэмждэг хэмээн тэрбээр онцолж байв. Энд дуулгахад, Америкт 12 дугаар сарын нэгний өдөр Харвардын их сургуулийн явуулсан судалгаагаар судалгаанд оролцогчдын ердөө долоон хувь нь л улс орноо “эрүүл ардчилалтай” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Харин 39 хувь нь “асуудалтай ардчилал” гэж тодорхойлсон бол 13 хувь нь АНУ дахь нөхцөл байдлыг “ардчиллын бүтэлгүйтэл” хэмээн нэрлэсэн байна.
Тиймдээ ч БНХАУ америкчуудаас “суралцалгүй”, өөрсдийн, хятад маягийн ардчиллын замаар явж байгаагаа удаа дараа тунхаглаж байв. Тухайлбал, “100 жилийн тэмцлийн дүнд Хятадын Коммунист намын гаргасан түүхэн туршлага болон чухал ололтуудын тухай тогтоол”-д дараах байр суурийг онцолжээ.
“Бусад улс орнуудын улс төрийн системийг механикаар хуулбарлах нь биднийг хааш нь ч хөтлөхгүйн дээр улс орон сүйрч ч болзошгүй юм. Хүн төрөлхтний түүхэнд бусдын туршлагыг сохроор хуулбарлаад хөгжил цэцэглэлтэд хүрсэн нэг ч орон байхгүй. Ийм оролдлого нь ялагдлаар дуусдаг. Тиймээс бид барууны улс төрийн үзэл санааны нөлөөлөлд автахгүй”
Өнгөрсөн бямба гарагт хэвлэгдсэн Цагаан номны зохиогчид “ардчилалд цорын ганц үнэн жор гэж үгүй, ардчилал бол олон талтай”, мөн “ардчиллын хятад хувилбар нь илүү үр дүнтэй” хэмээн цохон тэмдэглэжээ.
Илтгэлийг зохиогчид Хятад улс дэлхий дээрх хамгийн өргөн цар хүрээтэй шууд ардчилсан сонгууль явуулдаг гэдгийг онцолсон байна. 2016-2017 онд БНХАУ-ын орон нутгуудад ардын төлөөлөгчдийн хурлын гишүүдийг 900 сая хүн сонгож байв. Мөн энэхүү Цагаан номонд “эрх мэдэл дүрэм журмын торонд”, “ард түмний байнгын хяналтад” байх ёстой гэж цохон тэмдэглэсэн байна.
Хятад дахь ард түмний удирдлагын үр дүнтэй системийн ачаар ядуурлыг үгүй болгосон, авлигыг дарсан, коронавирусийн тархалтыг шуурхай хязгаарласан зэрэг олон амжилтад хүрхсэн гэдгийг Цагаан номны зохиогчид онцолжээ. Гэлээ гээд Хятад улс “ардчиллын загвараа бусад улс руу тулгах эрмэлзэлгүй байгаагийн дээр Хятад маягийн загварыг өөр нэгээр солих гэсэн оролдлогыг гаргахгүй” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Цагаан номны зохиогчид “ардчилалд хүрэх цорын ганц зөв зам гэж байхгүй” гэдгийг хэдэнтээ онцлоод Барууныханд хандан ардчиллын харилцан адилгүй загварыг хүндэлж, нэг нэгнээсээ суралцахыг уриалсан байна.