Өрхийн орлогын дийлэнх хувийг тэтгэвэр, тэтгэмж бүрдүүлж байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-12-07 01:23:10

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, өрхийн сарын дундаж орлого, зарлага нэмэгджээ. Нийгэм, эдийн засгийн судалгааны энэ оны гуравдугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж орлого оны үнээр 1.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 123.7 (8.2 хувь) мянга, өмнөх улирлынхаас 93.5 (6.1 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ гуравдугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 15.8 (1.3 хувь) мянган төгрөгөөр багассан бол өмнөх улирлынхаас 46.2 (4 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Бодит нийт орлогын хэмжээ өмнөх улирлынхаас 4 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 51.7 (10.6 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, оны үнээр 2021 оны гуравдугаар улиралд 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 114.2 (8.2%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого өмнөх улирлынхаас 75.8 (5.3 хувь) мянган төгрөгөөр нэмэгдэхэд цалин хөлсний орлого 83.4 (12.8 хувь) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Өрхийн сарын дундаж мөнгөн орлогод цалин хөлсний орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 6.9, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлогын эзлэх хувь 1.3, бусад орлогын эзлэх хувь 1.8 нэгж хувиар багасаж, харин тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь 8.8, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлогын эзлэх хувь 1.2 нэгж хувиар нэмэгджээ.

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэж ангилвал энэ оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 20.4 мянгаар, 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 14.2 мянгаар, 500-700 мянган төгрөгийн орлоготой өрх 6 мянгаар, 700- 900 мянган төгрөгийн орлоготой өрх 5 мянгаар, 900 мянгаас 1.1 сая төгрөгийн орлоготой өрх 4000-аар буурчээ. Харин 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 15.5 мянгаар, 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 11.1 мянгаар, 2.1-3 сая төгрөгийн орлоготой өрх 34.3 мянгаар, 3 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 1.8 мянгаар нэмэгджээ.

Улсын хэмжээнд мөн улирлын байдлаар сард 500-900 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 61.3 хувийг тэтгэвэр, тэтгэмж бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 13.3 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Гуравдугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж зарлага, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 37.2 (2.4 хувь) мянган төгрөгөөр багасч, өмнөх улирлынхаас 18.4 (1.2 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн аж.

Холбоотой мэдээ