У.Хүрэлсүх: Улс төрийн намууд хамгийн их авлигажсан

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-12-08 08:31:36

НҮБ-аас зарласан Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил дэлхий нийтээр "Таны эрх-Таны оролцоо, Авлигад үгүй гэж хэлье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Авлигатай тэмцэх газар энэ өдөр "Авлигын эсрэг үндэсний чуулган-2021" арга хэмжээг зохион байгуулж байна.

Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт хүргүүлэв. Тус илгээлтэд:

-Төрийн өмчит компаниудын олигархи бүлэглэлүүдийн үйл ажиллагаанд авлига их байгааг олон улсын байгууллага тодорхойлсон байна. Тийм учраас төрийн өмчит компанийн хуулийг батлан гаргах шаардлагатай байгаа.

Мөн улс төрийн намууд хамгийн их авлигажсан институт болж хувирсан. Тиймээс хууль эрхзүйн орчны өөрчлөлтийг зайлшгүй хийж, санхүүжилт нь төрөөс гардаг, цомхон бодлогын институт болгон өөрчлөх шаардлагатай байна.

Бид авлигын эсрэг тэмцлийг цаг алдалгүй эрчимжүүлж эс чадваас хууль хүн бүрд тэгш үйлчилдэггүй, нийгмийн баялгаас нэг хэсэг нь хулгайлдаг, ирээдүй хойч үеийнхээ олон боломжийг үгүйсгэх улмаар энэ байдал даамжирвал цаашид эдийн засгийн тусгаар тогтнолоо алдахыг ч үгүйсгэх аргагүй байна. Монгол хүн, Монгол төр, Монгол Улсыг сүйрүүлэх аюул занал авлига мөн гэдгийг бид үргэлж санаж эрс шийдэмгий, системтэй тэмцэх шаардлагатай байна" хэмээн онцолжээ.

Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд, яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, Дэлхийн банк, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны "Транспарэнси Интернэшнл" зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.

Холбоотой мэдээ