Хүчингийн хэргээр 16 жил шоронд суусан эрээс хохирогч эмэгтэй уучлалт гуйлаа
Сонин ХачинАНУ-ын зохиолч эмэгтэй Элис Сиболд өөрийг нь хүчиндсэн хэргээр 16 жилийн турш шоронд хоригдоод суллагдсан Энтони Бродуотер хэмээх эрээс албан ёсоор уучлалт гуйлаа.
1981 онд Нью-Йоркийн Сиракузын их сургуулийн 18 настай оюутан Элис Сиболдыг нэгэн өнгөт арьстай эр хүчиндсэн хэрэг гарчээ. Үүнээс хойш хэдэн сарын дараагаар Сиболдыг цэцэрлэгт хүрээлэнд явж байтал нэгэн өнгөт залуу дөхөж ирснээ “Та бид хоёр танил билүү?” гэж асуусан байна. Тэгмэгц бүсгүй хэрэгтэн мөн байна хэмээн бодож, цагдаад очиж мэдэгдсэнээр баривчлуулжээ.
Цагдаа нар өнгөт арьст залууг баривчлаад өөр дөрвөн залууг мөн авчран Элистэй нүүрэлдүүлсэн байна. Гэтэл Элис эхлээд өөр залууг хэрэгтэн гэж заасан аж. Гэтэл цагдаа “Таны хэлж өгсөн хүн бол тэр” гэж зааж өгчээ. Тухайн үед одоогийнх шиг ДНК-ийн нарийвчилсан шинжилгээ гэж байгаагүй учир үсийг микроскопоор нарийвчлан шинжилж үзсэнээр хэрэгтэн мөн эсэхийг тогтоодог байж. Ингээд үзэхэд Энтони Бродоутерийн үсний бүтэц нь хэрэгтнийхтэй таарч байсан гэнэ. Тиймээс хэрэгтэн мөн хэмээн үзэж, шоронд хорих шийдвэр гаргажээ.
Шүүхээс ялын хугацааг дуустал хоригдсоныхоо дараагаар Энтони суллагдсан ч насан туршдаа хүчингийн хэрэг үйлдсэн гэж ад үзэгдэж, танил тал, гэр бүл нь ч түүнээс дайжин одсон байна.
Харин Элис Сиболд өөрт тохиолдсон явдлаас сэдэвлэн Lucky нэртэй роман 1999 онд гаргажээ. Уншигчдын зүгээс түүний номыг үнэлсэн учир зохиолч болохоор шийдэж, 2002 онд The Lovely Bones номоо гаргасан нь бестселлер болсон байна. Тэр номд мөн хүчиндүүлсэн охины тухай өгүүлдэг аж. Үүний дараагаар 2009 онд The Almost Moon романаа гаргасан нь хүчингийн хэрэгтэй холбогдолгүй ч гэсэн мөн гэмт хэргийн сэдэвтэй зохиол болжээ.
Ийнхүү хохирогч, хэрэгтэн хоёр өөр өөрийн амьдралаар амьдарч байтал Netflix Сиболдын Lucky зохиолоор кино бүтээхээр шийдсэн байна. Киноны продюсероор Тимоти Муччантэ ажиллахаар болжээ. Муччантэ номыг маш нарийн сайн уншсаныхаа дараагаар Энтони Бродуотерийг хэрэгтэн мөн гэдэгт эргэлзэж эхэлсэн гэнэ.
2015 онд АНУ-ын Хууль зүйн яамнаас үсний бүтцийг судалж хэрэгтнийг тогтоох нь найдваргүй арга гэж үзсэнийг Муччантэ олж мэджээ. Гэтэл энэ хэрэг дээрх ганц нотолгоо нь үс байлаа.
Мөн Элис Сиболд хэрэгтнийг таван эрэгтэйн дундаас заахдаа зөв заагаагүй, хажуугаас цагдаа чиглүүлж өгсөн, Энтонигийн цэцэрлэгт хүрээлэнд хэлсэн үгс бол жирийн нэгэн залуугийн сээтгэнэл болохоос гэмт этгээдийг хэрцгий ёжлол биш байж магадгүй гэж Муччантэ боджээ.
Ингээд Муччантэ хэргийг дахин хянаж үзэхийг хүсэж, өргөдөл гаргажээ. Түүгээр ч болж 2021 оны 11 дүгээр сарын 22-нд Нью-Йоркийн Дээд шүүх Бродуотерийг хэрэгтэн биш хэмээн үзэж цагаатгасан байна. Энтони энэ шийдвэрийг сонсоод эхэр татан уйлжээ.
Харин Элис Сиболд албан ёсоор уучлалт гуйхад хүрчээ. “Таны амьдралын олон жилийг шударга бусаар үрсэндээ маш их харамсаж байна. Таны алдсан он жилүүдийг одоо юугаар ч нөхөхийн аргагүй гэдгийг мэдэж буй ч уучлалт гуйя. Харин намайг хүчиндсэн этгээд Бродуотер шиг шоронд суулгүйгээр эрх чөлөөнд олон жил амьдарч, магадгүй өөр бүсгүйчүүдийг ч бас хүчиндсэн байхыг үгүйсгэх аргагүй юм” гэж Элис Сиболд мэдэгдлээ.
Эдүгээ 61 настай Энтони Бродуотер “Уучлалт гуйсны чинь дараа сэтгэл сая л нэг онгойх шиг боллоо” гэж хэлээд Сиболдыг уучилж байгаагаа хэлжээ. Шүүхийн энэ шийдвэрийн дараа Сиболдын Lucky романыг худалдаанаас татаж, засвар хийж байж дахин борлуулалтад нийлүүлэхээр болсон байна.
Энэ хэргийг дахин задалсан Муччантэ “Ийм л хүнийг эр хүн гэдэг байх. Гэхдээ энэ явдалд Элис Сиболдыг буруутгах аргагүй” гэж хэлжээ.
Эх сурвалж: Daily Mail