О.Баасанхүү: Миний ард бурхан байгаа. Би хэн нэгнийг ардаа байлгадаг хүн биш
Улс ТөрХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ДУУГАРАХ ЦУГЛААН ЗОХИОН БАЙГУУЛНА, ЖАГСААЛ БИШ ШҮҮ-
-Сайн байна уу. Танай Ардчилсан нам юун тайван жагсаал зохион байгуулахаар болсноо гэнэт дуулгачихав?
-Тайван жагсаал биш. Цуглаан хийе гэсэн юм. Жагсаал гэдэг чинь тодорхой шаардлага тавиад, төрийн ордон гороолоод, эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлэхийг хэлдэг. Цуглаж уулзахыг цуглаан гэнэ. Цувж явсан барсаас, цуглаж суусан шаазгай дээр гэдэг шиг. Бид С.Зориг агсны хөшөөний хажууд цуглаад хүний эрх, эрх чөлөөний тухай болоод энхрий хайрт намдаа хэр хулхидуулсан тухайгаа чөлөөтэй ярих боломж олгож байгаа юм. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээс эхлээд бүх зүйлийг МАН худалдаад авчихлаа. Манайх 30 жилийн ойгоо тэмдэглэсэн. Гэтэл бүх сэтгүүлчид МАН-ын их хурал дээр очоод зогсчихсон байна лээ. Яагаад гэвэл тэд мөнгөө төлчихсөн. Би зарим сэтгүүлчдэд хэлсэн. “Та нарын тал нь наашаа ирж болдоггүй юм уу” гээд. Гэтэл “Та нар мөнгөө төлдөггүй шүү дээ” гэж байна лээ. Ийм ил цагаан худалдагддаг. Дээр нь бидний цуглааныг жагсаал зохион байгуулна гэж ташаа мэдээлсэн. Ташаа мэдээлдгээрээ гарамгай шүү.
-Та сэтгүүлчид рүү их дайрах юм аа. Бүр гомдоллоод байх чинь?
-Би сэтгүүлчид рүү дайраагүй, бодит байдал нь энэ. Гомдоллоод байгаа ч юм биш. Уг нь сэтгүүлчид нийгмийг эрүүлжүүлэх үүрэгтэй юм шүү дээ. Харамсалтай нь дөрөв дэх засаглал эрх баригчдынхаа халаасанд орчихсон. Яагаад гэвэл ном, сонин зараад ашиггүй болчихсон. Памперсын мөнгөө олох, амьдрах хэрэгцээ сэтгүүлчдэд байна. Тиймээс л эрх баригчдын мөнгийг аваад цензургүй гаргаж байгаа байхгүй юу. Ямар сайндаа л Д.Мөнх-Эрдэнэ гэдэг залуу лайв хийгээд гүйж байх вэ дээ. “Өө энэ чинь ийм байсан юм уу” гэх хэмжээнд илчилж байна шүү дээ. Сэтгүүлчдээс сонсоогүй зүйлээ л түүнээс сонслоо. Тэгэхээр сэтгүүлчид нэгийг бодмоор байгаа байхгүй юу.
-Цуглааны зорилго тань юу вэ?
-Бидний хүний эрхийн тухай улс төрийн цуглаанд хэн ч ирж оролцож болно. Арванхоёрдугаар сарын 10-ны өдөр бол Олон улсын хүний эрхийн өдөр. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн өдөр гэсэн Монгол Улсын Их хурлын тогтоол байдаг. Мөн энэ өдөр ардчилсан үзэлтэй иргэдийн анхны цуглаан болж байсан түүхт өдөр. Бид чөлөөт микрофон гаргачихна. Хэн хүссэн нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх ёстой юм. Энэ бол 100 хувь хүний эрхийн асуудал. Дарангуйлал нэгэнт тогтсон байна. Үүнийг бид биш ард түмэн олон нийт яриасай гэж хүсэж байна.
Сая та бүхэн МҮОНРТ-ээр зохион байгуулагдсан хүний эрхийн тухай хэлэлцүүлгийг олж харсан байх. Цагдаа, хууль хүчний байгууллагынхан эрх баригчдад үйлчилж байгаа гэдэг нь илчлэгдлээ. Коронавирусийн цар тахлын энэ үед ажил орлогоо залгуулах хэцүү байгаа байх. Хүн бүр л одоо байгаа ажил албан тушаалдаа үлдэхийг хичээж буй биз.
НӨГӨӨ АРДЧИЛСАН НАМ ГЭЖ БАЙХГҮЙ. ДАРГА БОЛОХ СОНИРХОЛТОЙ БҮЛЭГ ХҮМҮҮС Л ГЭЖ БИЙ-
-Энэхүү цуглаандаа та бүхэн нөгөө Ардчилсан намынхныгаа урьсан юм уу?
-Биш ээ. Нөгөө Ардчилсан нам гэж байхгүй. Хоёр Ардчилсан нам ч гэж байхгүй. Манайхан хоёр Ардчилсан нам гэж яриад байх юм. Харин дарга болох сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс л гэж бий. Шулуухан хэлэхэд Ардчилсан нам С.Эрдэнэ гэх нэг даргатай байлаа. С.Эрдэнэ нь “Ажлаа өгье, миний ажлыг аваач ээ, хурлаа зохион байгуулаач ээ” гээд Ц.Туваанд тамгаа өгсөн байдаг. Гэтэл нөгөөдөх нь “Таныг солихгүй, дүрмээ солино. Ингэхдээ ганцхан хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг дүрэмтэй болно” гэсэн байгаа юм. Нэг хүнийг тахин шүтэхгүй нь эсрэг үзэл бодлын маргаан намд гарч эхэлсэн байдаг. “Маргаад яах вэ, хурлаа хийе” гэтэл тэнд хэсэг бүлэг хүмүүс “бид дарга болно” гээд зэрэгцээд хурал хийчихсэн. Улмаар С.Эрдэнэ М.Тулгатад дүрэм журмынх нь дагуу ажлаа өгсөн. Нөгөө талд тэд харин хэний ажлыг аваад байгаа юм бэ гэдгийг гайхаад байгаа байхгүй юу. Намд өөр үзэл бодолтой хүмүүс байж болно. Нөгөө нам гэж хуваах сонирхол эрх баригчдын дунд явж байна. Та нар О.Цогтгэрэлээс “та дарга болохгүй байж болдоггүй юм уу” гээд асуу л даа. Өчнөөн мөнгө гаргачихсан хүн “би дарга болохгүй” гэж хэлж чадахгүй шүү дээ.
-Ардчилсан намын хуваагдлыг эрх баригчдаас, МАН-аас хайж болно. Гэхдээ та нар эхлээд өөрсдөө дотроо учраа ололцчихож болохгүй байгаа юм уу. Чадахгүй байгаа юм биш үү?
-Учраа олно гэдэг нь яг яах ёстой юм. О.Цогтгэлэрийг “дарга бол оо, бид больё” гэх үү. За тэгж хэлж болж л байна. Гэхдээ дүрмээ яах юм бэ. С.Эрдэнэ гэдэг хүний дараа дүрмээрээ М.Тулгат сонгогдчихлоо. Нөгөө Ардчилсан нам гээд байгаа хүмүүс чухам хэний оронд хэнийг сонгосон юм бэ. Үүнийгээ ерөөсөө ойлгохгүй байна. Дарга л болж байвал болох гээд байх шиг байна. Н.Алтанхуяг гэх бие даагч бий. Асар олон эрүүгийн гэмт хэрэгт холбоотой. Шалгагдах ёстой хүн гэж яригддаг. Ямартай ч барьцаалагдсан хүн гэж бодож байна. А.Адъяасүрэн гэх гишүүн бий. Ерөөсөө дуугардаггүй. Бас л барьцаалагдсан. Ш.Адьшаа, Н.Ганбибал хоёрыг харахаар миний инээд хүрээд байдаг юм. Тэр хоёр Үндсэн хуулийн цэц рүү яваад оччихсон. “Яаж байгаа юм бэ та” гэтэл “Би сайд болмоор байна” гэж хариулж байгаа юм.
-Хэн?
-Тэгж л харагдаж байгаа биз дээ. Ш.Адьшаа. Сайд болмоор байна гэсэн үг биз дээ. УИХ-ын гишүүн сайд болох ёстой гээд ҮХЦ-д гомдол гаргаж байна гэдэг чинь өөрөө сайд болохыг хүссэн илэрхийлэл мөн. Ингээд л бусдын бууны нохой шиг явж байгааг хараад өрөвддөг юм. Иймэрхүү зүйлсийн ард манай МАН-ын даргын зөвлөх сууж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэг нөхөр бий шүү дээ. Тэр хүн нэг хөлөө АН руу нөгөө хөлөө МАН руу хийгээд суучихсан. Өөрийнхөө шадар туслахаа МАН-д оруулчихлаа. Өчнөөн залуучууд энэ хүний нэрээр амьдарч байна. Тухайлбал, Ч.Номин сайдын аав мөнгө идсэн хэргээрээ аль хэдийн шоронд орчихсон байх ёстой хүн.
ОНЦ ИХ ХУРЛААР О.ЦОГТГЭРЭЛИЙГ СОНГОГДЧИХСОН ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА-
-Танай Ардчилсан нам “дүрмийн”, нөгөө Ардчилсан нам “дүрмийн бус” юм байна гэж ойлголоо, таны ярианаас. Шүүх дээр О.Цогтгэрэлийн гэгдэх Ардчилсан намынхан ялаад байгаа шүү дээ?
-Нөгөө Ардчилсан нам гэж байхгүй ээ. /инээв.сурв/ Нөгөө хэсэг хүмүүс л гэж бий. Шүүх дээр хэн ялчихсан юм бэ. Шүүхэд ганцхан маргаан үргэлжилж байгаа. О.Цогтгэрэлийн ашиглахаар сонирхож байгаа тамгыг УБЕГ-аас хүчингүйд тооцчихсон. Хүчингүй болгосон тамгыг дарж ашигласан тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх ёстой. Тамганы талаар шүүхэд гомдол гаргачихсан. Гэхдээ удаа дараа гацааж байна. Шүүхээс өөр ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа.
-Онц их хурлаас О.Цогтгэрэл, Үндэсний анхдугаар чуулганаас М.Тулгат гэх дарга сонгогдчихлоо. Хоёулаа даргад бүртгүүлэхээр УДШ-д хандсан. Одоо дээд шүүхээр эцэслэгдэхээр хүлээгдэж байгаа юм биш үү?
-Онц их хурлаар О.Цогтгэрэлийг сонгогдчихсон гэж бодохгүй байна. Бид С.Эрдэнэ даргыг солихын тулд таван хүнийг өрсөлдүүлээд М.Тулгат гарч ирсэн. Олонхын саналаар сонгогдсон. Бид дээд шүүхэд хүсэлтээ гурван удаа уламжилсан. Шийдэж өгөхгүй байна. Шийдэж өгөхгүй бол олон улсын Ардчилсан намд хандана. Зарга үүсгэж явахаар төлөвлөж байгаа. Гэрчилгээн дээрх С.Эрдэнэ гэдэг нэрийг солиод М.Тулгат болгоод өгөөч ээ л гэж шаардаад байгаа юм.
-Э.Бат-Үүлийг нэр дэвших үеэр уг нь М.Тулгат тэргүүтэй хүмүүс “Онц их хурлаа” хамтдаа хийхээр болоод гүйж явсан билээ. Яагаад гэнэт эвлэрэхээсээ татгалзаад буцчихсан юм бэ?
-Онц их хурал хийе гэсэн нь хэсэгхэн хүмүүсийн яриа байсан. Э.Бат-Үүлийг хамтдаа дэмжинэ гэсэн үүднээс цугларч байсан нь үнэн. Цугларсан гээд нэгдэж нийлсэн гэсэн үг биш шүү дээ. Би ганц зүйл ойлгохгүй байгаа. Тэд яагаад надтай уулздаггүй юм бэ. О.Цогтгэрэл, Ц.Туваан, хуульч н.Алтангэрэл нарт би олон ч хэлсэн. Гэхдээ тэд надаас зугтаад байдаг юм. Хуулийн дагуу л явъя. Хууль та нарын талд байвал та нар л шийдсэн нь зөв. Харин хууль манай талд байвал олон таван үг ярилгүй С.Эрдэнэ даргыгаа солиод М.Тулгат дээрээ хүрээд ир л дээ. “Би маш их хөрөнгө мөнгө гаргасан. Би л дарга болно” гэж байгаа бол уучлаарай. Хүний олон хүнээ барихгүй. Мөнгөөр зодож алах гээгүй л юм бол ирээд сайхан уулз л гээд байгаа шүү дээ, би. Ц.Туваанд анх “боль оо” гэж тодорхой хэлсэн.
–О.ЦОГТГЭРЭЛ НАР “НАМ БҮРТГЭЭД ӨГ” ГЭЖ ӨДӨР БҮР ОРЖ ИРДЭГ ГЭНЭ ЛЭЭ-
-Улсын дээд шүүх та бүхний хүсэлтийг гурван удаа буцаачихсан. Одоо хүлээж авах болов уу?
-Мэдэхгүй. Би гишүүн бус болсноосоо хойш хоёр гурван удаа төрийн ордон орсон. Нэг удаа Ерөнхийлөгчөөс шагнал гардах гэж ороод зарим хүмүүст “намын бүртгэл яана аа” гээд санаа зовсон байдлаар хэлсэн. Гэтэл “өө наадуул чинь өдөр бүр орж ирээд бүртгээд өг” гэж хэлдэг гэж байна лээ. Худлаа байлгүй дээ гэж бодсон чинь Сүхбаатарын талбайд “би дарга болно” гээд өлсгөлөн зарласныг нь санаж байгаа биз дээ. Гайхсан. “Би дарга болно” гэж тэнэгтэхийн оронд “коронагаар нас барагсдын төлөө шаардлага тавьж, ЭМЯ-нд аудитын шалгалт оруул” гээд зогсоон бол ард түмэн илүү дэмжих байлаа. Гэвч тэгж чадаагүй. Дөрвөн тэрбумаар амаа таглуулчихсан. 32 тэрбумаар “Богд Зонхов” барьж байхад тоож дуугараагүй хүмүүс. 2.9 тэрбумаар маск худалдаж аваад завшиж байхад хардаггүй. Худлаа ч гэсэн АТГ-т шалгаад өгөөч гээд бичиг өгөөгүй. Тэгсэн хэрнээ намайг дарга болгоод өгөөч гэж гүйлдэцгээх юм. С.Ганбаатар, Н.Алтанхуяг хоёр манай намд ороод байсан. Одоо хаана байна. Нөгөө гэдэг намд нь ч харагдахгүй байгаа биз дээ. Ийм нөхцөлүүдийг хараад анхнаасаа дургүй хүрсэн. Угаасаа шударга бус юманд дургүй учраас.
-Бүлгийн дарга Д.Ганбатын ард танайхыг байгаа гэдэг?
-Ард, урд гэсэн зүйл байхгүй. Тэр хүн чинь нөхцөл байдлыг нээрээ тийм байна гээд хамгийн сайн ойлгож байгаа хүн. Өмнө нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга байгаад үзчихсэн хүн. Хууль ёсны дагуу байх ёстой гэдгийг ойлгоод байна шүү дээ.
-Гэхдээ хууль бусаар намын гишүүдээ бүлгээсээ хөөж, намаасаа хасаж дураараа авирласан шүү дээ?
-Хууль бус гэж хэн хэлж байгаа юм бэ. Д.Ганбат нэг ч хүнийг хасаагүй. Манай сэтгүүлчид ингээд буруу яриад байдаг юм. “Манай намаас ийм хүмүүсийг хассан байна. Би үүнийг мэдээлэх үүрэгтэй учир уншиж байна” гэж хэлсэн. Хуульч хүн учир баримт дээр суурилж яриад байгаа шүү. “Ганбат би хасаагүй, би танилцуулах үүрэгтэй тул танилцууллаа” л гэж хэлсэн.
-Таныг мөнгө авчхаад “байхгүй болсон” Ардчилсан намын талд орж, М.Тулгатын өмнөөс хэл ам нь болоод яваад байна гэгдэж байна?
-Ямар мөнгө. Би иргэн О.Баасанхүү. Хэл ам болоод байсан ч юм алга. Хэн ч ирж надтай зарга үүсгээгүй байна. УИХ-ын гишүүн байхдаа нэг зовлонтой учирсан. Манай нам найман жил болохдоо нэг ч удаа хурал хийгээгүй. Уг нь хоёр жилд нэг удаа буюу зургаан удаа хуралдах ёстой байлаа. Харамсалтай нь нам маань нэг хүний нам болж, дампуурсан. Одоо зарим нь шоронд орж, зарим нь шороод булагдчихлаа. Барсболд, Шийлэгдамба маань бурхны оронд одлоо. Ганц хоёр нь шоронд орчихсон, орох гэж байгаа ч хүн бий. Ийм нөхцөл байдалд хүрэхэд нь би намынхаа хурлын санхүүжилтийг босгох гэж яваад тухайн үеийн тагнуулын байгууллагын хууль бус гүйцэтгэх ажиллагааны золиос болж байсан удаатай.
БИ НАМЫНХАА ХУРЛЫН САНХҮҮЖИЛТИЙГ БОСГОХ ГЭЖ ЯВААД ХУУЛЬ БУС ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ЗОЛИОС БОЛСОН-
-Хууль бус гүйцэтгэх ажиллагаа?
-Хууль бус гүйцэтгэх ажиллагаа явагдсан гэдгийг тухайн үеийн 01 номерийн хүмүүс надад баримт нотолгоотой хэлсэн. Хууль бус үйлдэл хийсэн бол шоронд л орох ёстой. Хэн нэгнийг хууль бусаар мөрдөх, мөшгих, нэр хоч өгч доромжлох, гутаах нь хориотой. Одоо би завтай болсон тул троллуудтай тэмцэнэ. Шингрилла, Энканто, МАН-ын байрны таван давхар зэрэгт суудаг троллуудыг бүгдийг нь мэднэ. Нэр төрд халдвал араас нь хөөцөлдөж байгаад яллуулна. Одоо хувь хүний нууцын тухай хууль гэхчлэн таван жилийн ялтай мундаг хуулиуд гарч ирж байна. Шоронд орох ёстой юм бол би оръё. Эсвэл гүтгэгчид оръё. Ийм л зарчмаар ажиллаж байгаа. Одоогоор би өөрийгөө хамгаалах чадамжтай. Айхгүй. Үнэн гэдэг чинь их тодорхой зүйл.
-Та М.Тулгатын юунд нь тэгтлээ итгээд бамбай нь болоод дагаад байгаа юм вэ?
-М.Тулгатыг нарийн сайн мэднэ гэж хэлж чадахгүй. Гэхдээ өндөр боловсролтой, мэдлэгтэй залуу. Ямар ч байсан Л.Оюун-Эрдэнээс хэд дахин илүү чадвартай. Тиймээс бид нэгдээд дэмжинэ гэсэн байр суурьтай явж байна. Адилхан залуу хүмүүс. Залуу хүн учраас зарим зүйлд романтик л даа, М.Тулгат.
-Та бүхний ард С.Эрдэнэ байгаа. С.Эрдэнийн гар хөлүүд гэгдэж байгаа нь хэр зохимжтой вэ?
-Миний ард бурхан байгаа. Намайг христийн шашинтан гэдгийг мэдэж байгаа байх. Би хэн нэгнийг ардаа байлгадаг хүн биш. С.Эрдэнэ дарга ажлаа өгөх сонирхолтой. Ажлыг нь авахгүй болохоор байж л байна шүү дээ.
-Авъя гээд булаацалдаад хоёр тийшээ хараад суучхаад байгаа юм биш үү?
-Үгүй. Дарга болъё гээд байгаа болохоос хэн ч С.Эрдэнэ даргаас авъя гэхгүй байгаа.
-Хэл амаа ололцох гэж, уулзах гэж оролдож үзэцгээв үү?
-Хоёр гурван удаа оролдсон. Ц.Туваантай уулзсан. irish пабд.
ГАНЦААРАА ГИШҮҮН БОЛОХ СОНИРХОЛ АЛГА. БАГААРАА ЗҮТГЭНЭ-
-Та одоо голдуу өмгөөлөгчийн ажлаа хийж сууна уу. Намын нарийн бичгийн даргын албаа давхар хашаад их завгүй байгаа байх?
-Өмгөөлөгчийн ажлаа хийж байгаа. Над дээр хар тамхичин, хүчингийн гэмт хэрэгтэн, авлигын хэрэгтэн аль нь ч бай ирээд үйлчлүүлж болно. Цэвэр хууль зүйн зөвлөгөө өгч туслалцаа үзүүлж чадна. Яагаад гэвэл тэр хүмүүст ч амьд явах эрх бий. Долоон сарын 01-ний дараа Ж.Батзандан гэдэг нөхөр цаазаар авах ял сонсоход нь би өмгөөлж явлаа. Амийг нь аварсан надад баярлаж явах ёстой. Харамсалтай нь тэнэгтээд л явдаг. Нарийн бичгийн ажлаа хийж байгаа. Гэхдээ цалингүй. Сайн дурын ажил. Монголд улс төрийн намын тухай хуулийг мэддэг цорын ганц хүн, би. Сүүлийн үед Ц.Мөнхцэцэг гишүүн энэ хуулийг ярьж байна. Тэр хүн цэвэр онолын хүн. МАХН-ыг би бүртгүүлж явлаа. Гэтэл энэ намынхан намайг хүний наймаа шиг зарчихсан гэж ойлгодог. 60 тэрбумыг жигшээд байсан хэрнээ улс төрийн албыг 30/70-аар хуваачихсан биз дээ. Сая МАН-ын хэсэг хүмүүс надад гомдоллож байна лээ. Их хурлаар Улаанбаатар паласт бараг зодоон болох шахсан гэнэ лээ. Энэ МАХН-ын 30/70-ын харьцаанаас болж. Насаараа нам гэж явтал 30 хувийн квотоос болж хэн ч танихгүй бацаанууд орж ирсэн гэж байна лээ. Манай Н.Энхбаяр дарга тэгж чадах л хүн. Илүүгээ борлуулчих гээд үзнэ. /инээв.сурв/ Зовлонтой юм билээ. Харин Ардчилсан нам бол дажгүй. Цаашаа явчихна.
-Түрүүн гишүүн болох сонирхолгүй гээд хэлчхэв үү?
-Ганцаараа гишүүн болох сонирхол алга. Багаараа зүтгэнэ. Өнгөрсөн хугацаанд ганцаараа зүтгээд нуруугаа авахуулсан.