“Apple” Хятадын Засгийн газартай нууц гэрээ байгуулсан байжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-12-11 22:04:34


Apple” компанийн Ерөнхий захирал Тим Кук бүр 2016 онд Хятадын эрх баригчдын янз бүрийн хориг цээр, хатуу хяналтыг давж гарахын тулд 275 тэрбум долларын нууц гэрээ байгуулсан байсныг “Information” сайт ил болгожээ.

Таван жилийн хугацаатай нууц гэрээний дагуу “Apple” компани нь эрх баригчдын эерэг хандлагын хариуд Хятадын эдийн засагт ихээхэн хөрөнгө оруулалт хийж байх амлалт хүлээсэн байж. “Apple” нь Хятадын Засгийн газрын зүгээс удаа дараалан шалгалт оруулж, янз бүрийн шалтгаанаар торгууль ногдуулж эхэлсний дараа “Apple” нь нууц гэрээг Хятадын хөгжил ба өөрчлөлтийн үндэсний комисстой байгуулсан юм байна. 

Гэрээгээр “Apple” нь Хятадын эрдэмтэд ба орон нутгийн үйлдвэрлэгч нартай нягт хамтран ажиллах, ухаалаг утасны эд ангийг Хятадаас худалдан авах амлалт өгч. Хятадын Засгийн газраас үзүүлэх тусламж, дэмжлэгийн хариуд харилцан ашигтай ажиллахын тулд Хятадын үйлдвэр компаниудын хамт өсөн дэгжинэ гэсэн амлалт өгсөн юм байна.

Энэхүү гэрээ үнэхээр бодит үр дүн ихтэй байсан гэдгийг судалж тогтоожээ. Жишээлбэл, “Apple” нь Хятадад эдийн засагт хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсны дараагаар буюу 2016 онд Хятадын дуудлагын таксины үйлчилгээний хамгийн том компани “Didi Chuxing”-д нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт хийснээ албан ёсоор зарласан. Удалгүй тэр жилдээ Хятадын салхин цахилгаан станцын турбин үйлдвэрлэгч компанид хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан. Залгуулаад 2017 онд “iCloud”-ын ажиллагааг Хятад руу шилжүүлэх төлөвлөгөө боловсруулсан. Мөн 2018 онд Хятадад ногоон эрчим хүчний сан байгуулж, түүндээ 300 сая доллар хандивласан.

Харин Хятадын эрх баригчдын зүгээс “Apple”-д янз бүрийн шалгалт шүүлгээр дарамт учруулаа больж, хатуу хараа хяналтаа зогсооход “Apple”-ийн бүтээгдэхүүний борлуулалт өсөж эхэлсэн бөгөөд 2020 оны зун 68 тэрбум долларт хүрч дээд амжилт тогтоож байсан юм. “Apple”-ийн нийт борлуулалтын 20 хувь нь Хятадад ногддог.

Гэвч энэ оны сүүлээр COVID-19-ийн цар тахал, өндөр инфляц гэсэн хүчин зүйлс ухаалаг утасны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх болсон. Улмаар “Apple” нь эдгээр хүчин зүйлс болон эд ангийн хомсдолд орсны улмаас арванхоёрдугаар сард уламжлал ёсоор Хятадын үйлдвэрүүдэд ухаалаг утасныхаа нэмэлт захиалгыг өгөхөөс татгалзжээ


Холбоотой мэдээ