АНУ Украинд зэвсэг техник шинээр нийлүүлэхээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулав
ДэлхийЖ.Байдены засаг захиргаа Украинд цэргийн тусламж үзүүлэх болзол, нөхцлийн тухай асуудлаар шинэ шийдвэр гаргасныг Украинийн тал гайхшран хүлээн авав. АНУ-ын хэвлэлд гарч буй мэдээллүүдээс үзэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Украинд үзүүлэх цэрэг-техникийн хангамж, нийлүүлэлтээ түр зогсоох шийдвэр гаргасан байна.
Саяхан гарсан мэдээллээр АНУ Украинд 200 сая ам.долларын багц бүхий цэргийн зэвсэг техник нийлүүлэхээр ирэх оны төсөвт суулгасан байсан. Украинийн Зэвсэгт хүчний хэрэгцээ шаардлагад зориулан дээрхи зэвсэг техникийг нийлүүлэхэд бэлэн болсон гэдгийг АНУ-ын тал цохон тэмдэглэж байв.
Гэсэн хэдий ч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден нар виртуаль уулзалт хийсний дараахан Ж.Байдены засаг захиргаа тэдгээрийг нийлүүлэх хугацааг хойшлуулах шийдвэр гаргажээ. Ингэхдээ АНУ-ын тал тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан байна. АНУ-д дээрхи шийдвэрийг янз бүрээр тайлбарлаж байна. Мөн албан ёсны тайлбар мэдэгдэл хараахан гараагүй байна.
Тухайлбал “АНУ Украинд 200 сая ам.долларын зэвсэг техникийг шилжүүлэхийг түр зогсоосон нь Путин Байдены анхааруулгыг сонсоод одоог хүртэл Украин руу довтлохгүй байгаа” гэж Америкийн хэвлэлээр бичигдэж байгаа бол бусад эх сурвалжуудыг мөн гүйлгэж харахад “АНУ-ын засаг захиргаа Украин руу 200 сая ам.долларын цэрэг-техникийн тусламж илгээхээ хойшлуулсан, учир нь тэд илүү том багц бэлтгэж байна” гэх зэргээр олон янзын тайлбар хөвөрч байна. (Мэдээж шийдвэрийн тухай албан ёсны тайлбар, мэдэгдлийг хүлээх нь зүйтэй)
Харин Украинийн тал АНУ-ын шийдвэрт эргэлзэж, гайхаж хүлээн авч байна. Тодруулбал, “Украинийн хувьд маш хүнд үед тусламжийг хойшлуулсан” гэж тус улсын хэвлэлүүдээр бичигдэж байна. Хэрэв Украин ОХУ хооронд цэргийн сөргөлдөөн гарвал Украинд зөвхөн өөртөө найдах хэрэг гарч магадгүй гэж зарим шинжээчид ярьж эхлэв.
Хамгийн сүүлд Украинийн тал АНУ-аас “Жавелин” танк эсэргүүцэгч пуужингийн цогцолбор, мөн зэвсэглэлээс актлагдсан хоёр нэгж эргүүлийн завь хүлээн авсан байдаг.