ЗГ: Орон тооны бүтцийн шинэчлэл дунд, дээд шатаас эхэлнэ
Улс ТөрСангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүтэц орон тооны хязгаар, аймгийн Засаг даргын тамгийн газрын бүтэц орон тооны хязгаар, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүтэцийг шинэчлэн тогтоолоо. Энэ нь шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ийнхүү дунд болон дээд шатнаас эхлэн төрийн албаны орон тооны хязгааруудыг шинэчлэн тогтоож байна. Мөн ирэх онд хийгдэх хяналт шалгалтыг цөөлөх бодлого барина. Энэ хүрээнд төр хяналтаа сулруулна гэж ойлгох нь өрөөсгөл. Нүүр тулж биечлэн уулзахаас илүү цахимд суурилсан буюу зайнаас хяналт тавих бүтцийн шинэчлэл рүү шилжинэ. Өөрөөр хэлбэл, ирэх нэгдүгээр сарын 1-ээс эхлэн төрийн хяналтын чиглэлийн байгууллагуудаас хувийн хэвшил, иргэд рүү чиглэсэн олон төрлийн хяналт шалгалтуудыг 50 хувь цөөлөх шийдвэр гарлаа. Харин төсвийн ерөнхийлөн захирагч нарт аудит хийх хяналт шалгалт хэвээр үргэлжилнэ. Энэ нь төрийн бүтэц болон төрийн өмчит компаниудад хийх төсвийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг. Өнөөдөр ажил хийж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь төрөөс цалинжаж, төрийн бүтцэд хамаарч байна. Иргэдэд үзүүлэх төрийн бүх үйлчилгээг цомхон, ухаалаг, цахимжсан, ил тод бүтэцтэй болгоно. Орон тооны бүтцийн шинэчлэл дунд, дээд шатаас эхэлнэ. Ялангуяа төрийн өмчийн үйлдвэрийн газруудад бүтцийн оновчтой, нийгэм эдийн засгийн үр өгөөж өндөр байх, засаглалын хувьд оновчтой цомхон байх ажлуудыг эхлүүлнэ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:
-Өнөөдрийн хуралдаанаар Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталлаа. Энэ журмыг хамгийн сүүлд 2018 онд шинэчилсэн. Ийнхүү шинэчилснээр тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах ажлыг нээлттэй ил тод болгоно. Тухайн оны эхэнд буюу нэгдүгээр улиралд багтаан тусгай зөвшөөрөл олгох талбайг ил тод мэдээлнэ. Хавар хайгуулын компаниуд шууд ажилдаа орох боломжоор хангах зорилгоор шийдвэр гаргалаа. Одоогоос арван жилийн өмнө Монголд 2570 тусгай зөвшөөрлийн хүрээнд 300 гаруй тэрбум төгрөгөөр хайгуул хийж байв. Гэтэл энэ жил 900 гаруй зөвшөөрлийн хущүрээнд хайгуул хийж байна. Энэ бол тун хангалтгүй байна.