Талийгаачийн эхнэр: Хадмууд маань 70 сая төгрөг авахын тулд хүүгээ үнэгүйдүүлж байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-12-15 12:04:53

Онцгой байдлын газрын харьяа Гал унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч цахилгаан цохиулж, амиа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн эхнэр, бие давхар эмэгтэй өлсгөлөн зарлаад байгаа билээ.

Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Гадаа хоносон уу. Биеийн байдал нь ямар байна вэ?

-Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн гадна талбайд өчигдөр орой хүртэл суусан. Майхан бариад суух гэтэл “Жагсаал, цуглаан хийхийг хориглосон учир болохгүй” гэх тайлбар өгсөн. Харин сандал тавиад гадаа сууж болно гэж байна лээ. Мөн цагдаагийн хэлтсийн дотор талд орж сууж болно гэж хэлсэн.

Би нөхрийнхөө нэрийг цагаатгаж, буруутай этгээдүүд хариуцлага хүлээтэл эндээ суусаар байх болно. Хэдийгээр би жирэмсэн, хүүхдээ бодох хэрэгтэй ч миний хүүхдэд аавынх нь нэр хүнд хэрэгтэй. Хожим хойно аавыгаа “Саваагүйтэж яваад цахилгаан цохиулсан” гэж сонсгохыг үнэхээр хүсэхгүй байна. Тийм учраас энд олон эрсдэл үүрээд сууж байгаа юм шүү. Миний биеийн байдал яах вэ.

Би эцсээ хүртэл үнэний төлөө тэмцсээр байх болно.

-Талийгаачийн ар гэрийнхэн таны энэ үйлдлийг эсэргүүцэж байгаа бололтой. Ямар учраас ингэж байгаа юм бол оо?

-Нөхрийг минь амьд байхад манай гэрээр орж, гараад явж байсан хүмүүс нүүрээ буруулсан. Бүгд л хүүхэд, бид хоёрыг ад үзэж, нөхрийн минь үхлийг үнэгүйдүүлж байна. Ар гэрийнхэнд нь мөнгө л чухал учраас хүүгээ хүн гэж тоосонгүй. Нөхрийг минь нас барсан өдөр намайг гэртээ дуудсан. Ах нь залгаад “25 дугаар хороололд байдаг дүүгийнд хурдан ир” гэж хэлсэн. Би данснаасаа нэг сая төгрөг бэлэн аваад, аавд нь хүргэж өгсөн юм. Гэтэл очиход нөхрийн минь ах, дүү нар “Чи хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж болохгүй шүү. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан бол тэтгэмж олдоно. Хэрэв албан бус ажлаар яваад нас барсан бол тэтгэмж олдохгүй, зургаан сарын цалин өгдөг гэж байна. Чи дуугай бай. Бид мэдэж байна” гэж дайрч, давшилсан. Надад мөнгө хэрэггүй, миний нөхөр, миний нөхрийн нэр хүнд, түүнээс минь үлдсэн хэдэн хувцас, одон медаль нь хэрэгтэй. Миний хүүхэд хожим ааваараа бахархах ёстой шүү дээ. Тэгээд л бид хоёр тэднийхээс бараг хөөгдөөд гарсан даа. Тэр хар дарсан зүүд шиг өдрөөс хойш амьдрал минь сүйрсэн юм шиг санагдаж, яах учраа олохгүй байна.

-Тэтгэмж авахын тулд хүүгийнхээ хэргийг чимээгүй орхихоор шийдсэн гэсэн үг үү?

-Тийм ээ, 70 гаруй сая төгрөгийн тэтгэмж авахын тулд хүүгийнхээ амь, үнэт гэсэн болгоныг хог дээр хаяж байна. “Надад сохор зоос ч хэрэггүй, та нар тэтгэмжийг нь ав. Би нөхрийнхөө нэр хүндийг сэргээж авна” гэдгээ ар гэрийнхэнд нь хэлсэн. Тэдний талаас маш олон дайралт, дарамт, сүрдүүлэг ирсэн. Тэд намайг “Биднийг шантаажилж, хүүгийн минь үхлээр далимдуулж, биднээс хэдэн төгрөг салгах гэж байна” гэж ярьсан байна лээ. Хүүгийнхээ нэр хүндийг унагаж, онцгойгийнхонтой тохиролцож, хэдэн төгрөг авахаар улайрч байгааг нь харахаар гомдож байна. Миний нөхөр Улиастайн самбарын хулдаасыг буулгах гэж байгаад мэргэжлийн бус техникч, жолоочийн алдаанаас болж амиа алдсан шүү дээ.


Холбоотой мэдээ